Жүжигчин Аглуугийн барилгын компани 5 шарын хуучны барилгуудыг шинэчилж орон сууц барина
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуй нэгжүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамж, төсөл хэрэгжүүлэх батламжийг гардуулж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олголоо.
Төслийн хүрээнд одоо байгаа зургаан хуучин орон сууцны барилгыг буулган, шинээр төлөвлөн барилга барина. Ингэснээр 204 өрхийн 816 иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
№ | БАГЦ | ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ | БАЙРШИЛ |
1 | ХУД-11 | “Монтекарло голд” ХХК | Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын 20-р байр |
2 | СХД-01 | “Хур алтан өргөө” ХХК | Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-01, СТ-02, СТ-03-р байр |
3 | СХД-02 | “Хур алтан өргөө” ХХК | Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-04, СТ-05-р байр |
Төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар гардуулан гэрээ байгуулах эрх олголоо.
Дээрхи ажлын хүрээнд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас СХД-ын 5 шар орчим болон ХУД-ын Сүрьегийн эмнэлгийн ажилчдын байруудыг буулган шинээр төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон байдаг. Тэдгээрээс 170 барилгыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу 48 барилгын 892 айлын орон сууцыг буулган 15 барилгын 2478 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.
Харин эдгээр компанийн нэгээр Л.Баттулга буюу жүжигчин Аглуугийн компани шалгарсан бөгөөд тэрбээр барилгын ажил гүйцэтгэх батламжийг өөрийн биеэр ирж гардан авлаа.
Монтекарло голд ХХК 2011 онд байгуулагдсан, харин Л.Баттулга 2021 оны 9-р сарын 25-ны өдөр хувь эзэмшигчээр бүртгүүлсэн байна.
Ямартаа ч урлагийн хажуугаар шинэ бизнес эхлүүлсэн Аглуу удахгүй олон арван барилга сүндэрлүүлэх бололтой.
Доргио.мн