Нийгмийг цочроосон сөрөг мэдээллээс хэрхэн сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалах вэ?
Интернэт, олон нийтийн сүлжээ нь хүн төрөлхтний мэдээлэл хүлээж авах хурдыг урьд хожид байгаагүйгээр нэмэгдүүлсэн билээ. Өдгөө бид дэлхий дахинд болж буй үйл явдлуудын мэдээллийг цаг алдалгүй авч байна. Гэвч эдгээр тоо томшгүй мэдээллийн урсгал нь хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, сэтгэл түгшил, стресс үүсэхэд нөлөөлдөг байна.
Иймээс олон нийтийн цочроосон, айдас дагуулсан мэдээллийг хэрхэн шүүлтүүртэй хүлээж авах, боловсруулах талаар клиникийн сэтгэл зүйч, доктор Линн Буфкагийн зөвлөгөөг хүргэж байна. Тэрбээр Америкийн Сэтгэлзүйн Нийгэмлэгийн практик судалгаа, бодлогын захирал бөгөөд нийгэм, соёлын асуудлууд сэтгэл түгшил, стресстэй хэрхэн уялддаг талаар мэргэшсэн судлаач юм.
– Айдас, түгшүүрийг мэдрэх нь байгалиас заяамал зүйл. Тэгвэл нийгэмд цацагдаж буй мэдээлэл айдас, түгшүүрийг нэмэгдүүлэх үү?
– Сэтгэл түгшил бол болзошгүй аюул, заналхийлэл, үл мэдэгдэх хүчин зүйлсэд үзүүлж буй хариу үйлдэл юм. Мөн тодорхой нэг нөхцөл байдалд айж түгших нь хэвийн зүйл бөгөөд хүний байгалиас заяасан инстикт билээ. Учир нь, болзошгүй аюулд ямар хариу үзүүлэх үү, ямар арга хэмжээ авах уу гэдгийг тодорхойлоход сэтгэл түгшил өдөөгч болж байдаг аж. Харин хүн бүх зүйлийг аюул занал хэмээн үзэж, нөхцөл байдал тодорхойгүй байна гэж бодож эхэлбэл эрсдэлтэй юм. Мөн угаас айдас түгшүүртэй байсан хүн нэмж болзошгүй аюултай тулгарахад авч буй арга хэмжээ нь ихэнхдээ тухайн хүний сэтгэл түгшлийг улам бүр нэмэгдүүлэх нь бий.
– Эрүүл мэндтэй холбоотой үйл явдал, мэдээллүүд сэтгэл түгшлийг нэмэгдүүлж болох уу? Тухайлбал, сүүлийн үед үүсээд буй коронавирус гэх мэт дэлхий нийтийг хамарсан үйл явдал.
– Нөлөөлөх эсэх нь нөхцөл байдал болон хувь хүнээс шалтгаална. Ихэнх тохиолдолд нөхцөл байдал хүн бүрд өөрөөр нөлөөлдөг. Жишээ нь, хөрөнгийн зах зээлийн индексүүд унаж байна гэж сонсвол санхүүгийн асуудалд анхаарал хандуулдаг хүний сэтгэл түгшиж эхэлнэ. Түүнчлэн эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг хүн мэдээгээр ойлгоход төвөгтэй, айдас төрүүлсэн үйл явдлуудын талаар сонсож эхэлбэл айж, түгшдэг.
Угаас айдас түгшүүртэй байсан хүн нэмж болзошгүй аюултай тулгарахад авч буй арга хэмжээ нь ихэнхдээ тухайн хүний сэтгэл түгшлийг улам бүр нэмэгдүүлдэг.
– Тэгвэл хүмүүс яагаад ханиаднаас илүү коронавируст санаа зовж байна вэ? Нөхцөл байдал тодорхойгүй байгаа нь хүмүүсийн сэтгэл түгшлийг нэмэгдүүлж байна уу?
– Их чухал асуулт байна. Бидний олонх нь ханиад, томуу хүрч байсан, эсвэл эргэн тойрны хүмүүс нь ханиад хүрч байсныг мэдэх тул энэ талаар тодорхой хэмжээний ойлголт, мэдлэгтэй. Ханиад, томуу нь халдварлах чадвар өндөртэйг тоон үзүүлэлтүүд баталж байгаа ч хүмүүс үүнийг хувийн туршлагатайгаа холбож бодоод төдийлөн ач холбогдол өгдөггүй. Гэтэл бодит байдал дээр АНУ-д жил бүр олон мянган хүн ханиаднаас болж нас бардаг.
Харин коронавирусийн тухайд бид одоогоор халдвар авсан хүний тоог тогтмол харж байна. Энэ вирус хүнээс хүнд халдварладаг, халдвар авсан хүнд олон төрлийн шинж тэмдэг илэрч болохыг мэдэж байна. Гэхдээ яг халдвар авсан тохиолдолд ямар байхыг бидний хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор хүмүүс нөхцөл байдлыг хамгийн муугаар төсөөлж бодоод байгаа юм. Цаашлаад, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй мэдээллийг тэнцвэртэй хүлээн авч, боловсруулах талаар мэдлэг, туршлагагүй бол бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, ухамсарлахад ихээхэн хүчин зүтгэл шаардана.
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй мэдээллийг тэнцвэртэй хүлээн авч, боловсруулах талаар мэдлэг, туршлагагүй бол бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, ухамсарлахад ихээхэн хүчин зүтгэл шаардана.
– Хүмүүс эрүүл мэндтэй холбоотой асуудалд санаа зовж, түгшиж байгаа хүмүүст сэтгэл зүйн байдлаа удирдах, зохицуулах талаар та юу зөвлөх вэ?
– Вирусийн гаралтай өвчний тухайд бид тогтмол гараа угааж, өвдсөн тохиолдолд гэртээ байх, хамт ажилладаг хүн тань өвдсөн бол олон хүнтэй газраар явах, ажилдаа ирэхийг тодорхой хугацаагаар хойшлуулахыг зөвлөдөг. Хамгийн төвөгтэй нь, таны байгаа орчин, нөхцөлд вирусийн халдвар авах эрсдэл хэр вэ гэдгийг үнэн, зөвөөр үнэлж дүгнэх асуудал юм. Тухайлбал, та өөрөөсөө “Би халдвараас урьдчилан сэргийлэх алхмуудыг хийсэн үү”, “Вакцин хийлгэсэн бил үү”, “Надад өвчний шинж тэмдгүүдээс илэрсэн үү” гэх мэтчилэн асуух хэрэгтэй.
Түүнчлэн авч буй олон төрлийн мэдээллээс чухам аль нь үнэн бэ, аль нь бодитой вэ, аль нь боломжгүй вэ гэдгийг ялган тунгаахын тулд сэтгэлгээний шинэ арга барилд суралцах хэрэгтэй юм. Заримдаа тэнцвэртэй үнэлэлт өгөхийн тулд мэргэжлийн хүмүүсээс үндэслэлтэй, ул суурьтай мэдээлэл авах хэрэгтэй байдаг бол заримдаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах нь тустай.
Гол асуудал нь, хүмүүс баримтыг биш тодорхой нэг үйл явдал, түүхэнд илүү ач холбогдол өгдөг явдал юм.
– Тухайн хүнд итгэл үнэмшил төрүүлж байгаа зүйлс үнэн, зөв эсэхийг нотлохын тулд бусад эх сурвалжаас мэдээлэл авах хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх үү?
– Хүн бүр аливаа нөхцөл байдлыг өөрийнхөө хэмжээнд үнэн зөвөөр үнэлж дүгнэхийг хичээдэг. Гэтэл та болзошгүй аюул, эрсдэлд хэтэрхий их ач холбогдол өгч байвал яах вэ? Ийм үед, таныг бодитой баримт, мэдээллээр хангаж чадах эх сурвалжууд тус болно. Жишээ нь, найдвартай эрүүл мэндийн сайт, мэргэжлийн хүмүүс байж болно. Гол асуудал юунд байдаг вэ гэхээр, хүмүүс баримтанд биш хувь хүний туршлага, түүхэнд илүү ач холбогдол өгдөг явдал юм. Өөрөөр хэлбэл, эмнэлгээс эдгэрээд гарч байгаа хүний тоог харахын оронд хэн нэгний ярьсан таагүй зүйлийг илүү анхаарч, түүнд ач холбогдол өгдөг. Тиймээс авч буй мэдээлэл тань таныг хэт нэг талыг барьсан үзэл бодол руу хөтөлж буй эсэхийг тунгаагаарай.
Эх сурвал: Inverse.com