Өөрөөр нь төлүүлье: Хэн юу хэлэв
Туушин зочид буудалд Хөгжлийн банкнаас авсан зээлийг “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг эхэллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Хөгжлийн банкны удирдлагууд банкны үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд, зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг өгсөн юм.
- Хөгжлийн банк 2017-2021 оны эцсийн байдлаар ААН-д 2.4 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Монголбанкны шалгалтаар 2021 оны эцсийн байдлаар Хөгжлийн банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй актив байна гэх дүгнэлт хийсэн.
- Нэг жилээс дээш хугацаа хэтэрсэн 1.8 их наяд төгрөгийн зээл байна. Хөгжлийн банкнаас нийт 960 тэрбум төгрөгийн зээлийн асуудлаар 29 ААН-ийг шүүхэд өгсөн. Өөрөөр хэлбэл, нийт зээлийн 31 хувь нь шүүхийн маргаантай байна.
- Хөгжлийн банк 2023 оны аравдугаар сард 1.7 их наяд төгрөгийн гадаад өр, 2023 оны арванхоёрдугаар сард 280 сая ам.долларын Самурай бондын өрийн эргэн төлөлтийг хийх хуваарьтай.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Хөгжлийн банкинд үүссэн нөхцөл байдлаар хэн нэгэн улс төрийн ашиг хонжоо хайх ёсгүй. Асуудалд бодитой үнэлэлт, дүгнэлт хийх ёстой. Нийт зээлийн багцын 40 орчим хувийг улсын үйлдвэрийн газрууд авсан байна. Үүний эргэн төлөлтийг яах вэ гэдэг асуудал яригдана.
Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ бүтээн байгуулалт хийж байгаа ААН-үүд байгаа. Тиймээс хэн нь бүтээн байгуулалтын төлөө зээл авсан зээлдэгч вэ, хэн нь луйварчин бэ гэдэг асуудлыг хууль хяналтын байгууллага тогтоож, нийгэмд бодитой мэдээллийг өгөх ёстой.
Алтан Дорнод Монгол ХХК-ийн захирал Т.Ганболд: Бид нар өнөөдөр ингээд сууж байгаа нь Монгол Улс өнөөдөр дэлхийн хамгийн өндөр авлигалтай улсаар шалгараад явж байгаатай холбоотой. Авлигын индексээр сайжраад 111-д явж байгаа. Хараат бус шүүхийн асуудал алдагдсан гэдгээрээ бас сүүл мушгаж байгаа эмгэнэлтэй нөхцөл байдлын тод жишээ бол энэ. Авлигыг мөрдөх, шалгах эрхгүй хүмүүс нь өнөөдөр аргаа бараад ингээд сууж байна.
Хөгжлийн банкийг тоносон эзэд, тэдний төлөөлөл, тавиулууд шүүхэд ажилладаг. Дээд шүүх, АТГ, Прокурор тэр чигээрээ банкны эздийн гар хөл болчихсон. Сая Л.Энх-Амгалан сайдын илтгэлд гадаадаас босгосон бондын мөнгө Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк гэхнэг эзэнтэй хоёр банк дээр байршиж байсныг дурдлаа. Сахал Эрдэнэбилэг гэдэг хүн өнөөдөр Хөгжлийн банкнаас 500 гаруй тэрбум төгрөг авчихсан байна. Ийм илт хулгай дээрмийг хууль, хяналтын байгууллага нь шалгадаггүй, Монголбанк нь онолын дагуу дипломат байдлаар хандаж байдаг.
Шууд хэлье, Монголбанк өнөөдөр Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны охин компанийн үүрэг гүйцэтгэдэг. Монголбанкинд бүх төлөөлөл нь суудаг нь үнэн. Дээр нь ХААН банк нэмэгдээд, банкууд бүх гаднын бондуудаар тоглож, Монгол Улсын эдийн засгийг дампууралд оруулж байгаа.
Бид энэ дээр ямар шийдэл гаргах ёстой вэ. Ар, өврийн хаалгатай болохоор Жастын Батхүүгийн хэрэг өнөөдөр шүүх дээр 11 жил үргэлжилж байгаа шиг тийм хэлбэрээр явж байна. Хөгжлийн банкны асуудлыг шүүхээр явна гэвэл яг л ийм юм болно. Энэ бол онц нөхцөл байдал. Эндээс гарах үр дагавар нь Монгол Улсыг дампууруулах хамгийн эхний нөхцөл байдал юм.
АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: Монголын банк, санхүүгийн хямрал 1990-ээд оноос эхэлсэн. Тэр үед Хотош банк, Сэргээн босголтын банкууд улс төрийн оролцоотой дампуурсан. Дараан нь, Монгол шуудан банк дампуурсан. 17 тэрбум төгрөгөөр казино тоглосон.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс тухайн үед Монгол шуудан банкны захирал Ц.Чимэдцэрэнтэй нийлж казино тоглосон гэдгийг шүүх тогтоосон. Тэгээд хадгаламж эзэмшигчдийн хохирлыг Засгийн газар буюу төр барагдуулсан.
Төрийн мөнгө гэж байдаггүй. Иргэд, татвар төлөгчдийн мөнгө, байгалийн баялгийн орлогоор У.Хүрэлсүхийн казино тоглосон мөнгийг төлсөн.
Санхүүгийн хямрал ингэж эхэлсэн. Дараа нь Зоос банк, Анод банкийг С.Баярын Засгийн газрын үед төрийн оролцоотой дампууруулсан. Өнөөдөр гурван найз нийлээд Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг авчихаад УИХ-д сууж байна. А.Сүхбат аварга М.Энхболд намын дарга байхад нь мандатаа авч, УИХ-ын гишүүн болсон. М.Энхболдын оролцоотой Улаанбаатарын олон газрыг авч, зарсан. М.Энхболдын хэрэгцээ дуусангуут У.Хүрэлсүхээс дүүгийнхээ нэр дээр ЖДҮ авсан. Аварга бол тусдаа асуудал. Зарчим л яръя.
Тэгвэл өнөөдөр яагаад мөрөөрөө явж байгаа жирийн бизнес эрхлэгчид, татвар төлөгчид мундаг зузаан төсөл бичээд тэр нь шалгардаггүй юм бэ. УИХ-ын гишүүний хамаатан садан, хамаарал бүхий нөхөд үлгэр бичиж өгөөд ардуур нь яриагаа хийгээд олгодог зарчим явж ирсэн нь үнэн. Хотын дарга нь Нийгмийн даатгалын сангийн мөнгийг дүүгийнхээ банкаар аваад идчихсэн. Би бол Д.Сумъяабазар, би төлнө гээд байж байгаа. Тэгвэл би ч гэсэн Мөнх-Эрдэнэ гэж хэлээд хадгаламж авч идье. Намайг яах бол. Яагаа ч үгүй байхад, үгээ хэлсэн гээд улс төрийн зорилгоор яргалаад байгаа шүү дээ.
Хөгжлийн банкны асуудлыг шийдье гэвэл бид УИХ-д байгаа хулгайчуудтай тэмцэх хэрэгтэй.
Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар: Хөгжлийн банкны хулгай бол хуульчлагдсан хулгай. УИХ-ын гишүүд өөрсдөө хулгайч. Энэ хүмүүсийг шалгах хэн ч байхгүй. Тэд шүүх, АТГ-ыг томилж байна. Хөгжлийн банкны асуудлыг олъё гэвэл бид УИХ-д байгаа хулгайчуудтай тэмцэх хэрэгтэй. Үүнд хамгийн түрүүнд нэр нь ил болсон 33 тэрбум төгрөгийн зээл авсан гурван гишүүний нэр ил гарч ирсэн байна. Цааш нь ил гаргах хэрэгтэй. Би мөн 2024 оноос тэрбумын зээл авъя гэж бодож байгаа. Тэгээд УИХ-ын гишүүн болчхоод “Би УИХ-ын гишүүн болохоосоо өмнө тэрбумын зээл авсан юм. Би жирийн сайхан бизнесмэн гэж явна. Ийм л зүйлс ярьж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьж, хуулиа засья. Үүнийг засахгүй бол хулгай үргэлжилнэ. Үнэхээр УИХ-ын ээлжит бус чуулганаа хуралдуулах хэрэгтэй байна. Дараа нь ҮАБЗ-ийн хажууд зээлийг шалгах тусгай ажлын хороо байгуулж асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй

МАН эв нэгдэлтэй байгаа. Гэхдээ иргэдийнхээ боломжийг хулгайлсан асуудал дээр эвлэрэхгүй.
МАН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: МАН эв нэгдэлтэй байгаа. Гэхдээ Хөгжлийн банкны луйвар зэргийн олон нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдлийг давсан эв нэгдэл гэж байж болохгүй. Үнэхээр олон нийт, ард иргэдийн боломжийг хулгайлж, дээрэмдэж байгаа зүйлтэй бид эвлэрэхгүй. Бид энэ луйвар, дээрмийн зарим үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө ажиллах ёстой. Мөн сая дурдсанчлан зээлээ авч шударгаар хөдөлмөрлөж, төслөө хэрэгжүүлж байгаа хүмүүсийг хэлмэгдүүлэхгүй байх нь чухал. Нөгөө талдаа дан ганц Хөгжлийн банк бус татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг энэ бүлэглэлтэй тэмцэх цаг нь ирсэн гэж энд ирсэн юм.