Ц.Билэгтсайхан: Халдварын шинэ тохиолдлын тоо, эерэг илрэх хувь, халдварлуулах индекс бүгд буурч байна
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2022 оны дөрөв болон тавдугаар долоо хоногийг харьцуулж үзвэл шинэ тохиолдлын тоо, эерэг илрэх хувь, халдварлуулах индекс буурсан үзүүлэлттэй байна.
Тодруулбал, дөрөвдүгээр долоо хоногт 50 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол тавдугаар долоо хоногт энэ тоо 22 мянга болж, 50-аас дээш хувиар буурлаа.
PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь Омикрон давлагааны оргил үед 29-30 хувьд хүрч байсан бол өнгөрсөн долоо хоногт 20 хувь болж буурсан. Мөн энэ долоо хоногийн өдрийн мэдээллийг харахад 16 хувь болж буурч байгаа гэх мэдээлэл байна.
Гэхдээ Цагаан сарын дараа буюу сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо бага зэрэг өссөн.
Орны ачааллын хувьд Омикроны оргил үеэс 50 хувь буурч, улсын хэмжээнд 6,000 орчим ор дэлгэсэн байна. Ингэхдээ Улаанбаатар хотод 2,500 ор дэлгэсэн бол орон нутагт 3,200 ор дэлгээд буй. Энэ нь халдварын тархалт Улаанбаатараас орон нутаг руу шилжсэнийг илэрхийлж байна.
Харин ХӨСҮТ-д байгаа хүнд оноштой өвчтөний тоо улсын дунджаас 3-6 дахин их байгаа. Өөрөөр хэлбэл ХӨСҮТ ихэвчлэн хүнд эрэмбийн хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлж байна” гэлээ.