Засгийн газар: Бүх иргэнийг 5-р сарын 1-нээс ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД хамруулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: КОВИД-19-ийн үеийн Засгийн газрын санхүүжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх үүргийг Сангийн сайд, УОК-т даалгалаа. Иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайдад өгч байсан. Өнөөдрийн хуралдаанаар иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд улс даяар нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо.
Манай улсын хувьд иргэн бүрийн хоёр жил тутамд иргэдээ эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах асуудлыг бодлогын бичиг баримтуудад тусгасан байдаг.
Харамсалтай нь манай улсын иргэдийн идэвх сул байдаг тул үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо 10 хувиас илүү гардаггүй, хангалтгүй байдаг.
Тиймээс Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгаад байна. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ” гэв.