С.Баясгалан: Дэлхийг хамарсан дайн болохгүй. Гэхдээ дэлхий дахин шинэ дэг журам руу орж байна

ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлыг тойрсон асуудал болон цаашид дэлхийн олон улсын харилцаа хэрхэх талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор /Ph.D/ С.Баясгалантай ярилцлаа. 

– Украин дахь нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна. Сүүлийн мэдээллээр Оросын цэрэг Чернобылийн атомын цахилгаан станцыг эзлэн авсныг Украины Засгийн газар мэдээллээ. Таны хувьд бодож таамаглаж байсан зүйл өнөөдрийн энэ бодит нөхцөл байдлаас хэр зөрүүтэй байв?

– Оросын цэрэг шууд орно гэж бодоогүй. Олон улсын харилцааны үүднээс авч үзвэл дайн явуулах бол асар өндөр зардалтай учир тухайн улсын чадавх, чадамжаас болдог.

Украинаас салсан Донбассын хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоолд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар Украины дорнод хэсэгт одоогоор зөвхөн ОХУ-ын хүлээн зөвшөөрсөн Бүгд Найрамдах Донецк Ард Улс (БНДАУ), Бүгд Найрамдах Луганск Ард Улс (БНЛАУ) бий болсон.

ОХУ үндсэндээ хоёр Бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрч, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаад Украины нутаг дэвсгэр рүү дайрч байна. Миний ойлгож байгаагаар Луганск, Донецкийг Украины цэргүүдээс чөлөөлөөд, цаашаа нэг их нэвтрэхгүйгээр алсын тусгалын пуужингаар дамжуулан цэргийн батлан хамгаалах болон бусад объектуудыг жагсаалаас гаргах нь гол зорилго байх. Одоогоор мэдээлэл тодорхойгүй байгаа. Оросын талын мэдээллээр бол Украиныг бүхлээр эзлэх төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлсэн. Барууны хэвлэл мэдээлэл ихэвчлэн Украины мэдээллээр баримжаагаа авч явна.

– Дэлхий нийт дайны асуудал томрох уу, ингэсхийгээд намжих уу гэдгийг харж сууна. Байдал цаашид хэрхэх бол? 

– Ямар ч байсан дэлхийг хамарсан дайн болохгүй. Дэлхийн I, II дайн шиг том дайн ОХУ, АНУ, БНХАУ гэсэн гурван гүрнийг хамарсан тохиолдолд л болдог. Эдгээр гүрнүүд хоорондоо байлдахгүйн тулд жижиг улсуудад иргэний дайн болгож байгаа. Аль нэг тал нь зөв, буруу гэж хэлэх үндэс ч байхгүй. Украины асуудал ингэж байгаад намжина. НАТО-гийн эсвэл Америкийн цэрэг орохгүй. Учир нь шууд тулгаралтаас болгоомжилж байгаа.

Энэ удаагийн дайн хэрвээ дэлхийн дайн болох тохиолдолд цөмийн дайн болно.Цөмийн дайн болохыг гурван улс гурвуулаа маш сайн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, цөмийн дайн болбол ялагч байхгүй гэдгийг маш сайн мэдэж байгаа. Тийм болохоор АНУ ч тэр, Европын холбооны зүгээс ч тэр ОХУ-ын эсрэг хамгийн боломжит, хүчтэй хувилбар эдийн засгийн хориг тавих явдал. Тэрийгээ ч одоо хэрэгжүүлж байна.

Том гүрнүүд хоорондоо байлдахгүй байх асуудал нь улаан зураас. Том гүрнүүд байлдаад л эхэлбэл өмнө хэлсэнчлэн цөмийн дайн руу орно. Нэг эхлүүлчихсэн бол эцсээ хүртэл явах ба энгийн зэвсгээс эхлээд, сүүлдээ ингэж дайтахын оронд гээд товчлуур даръя гэнэ. Тиймээс хоорондоо байлдахгүй байх тал дээр их гүрнүүд бүхий л арга хэмжээгээ авч байгаа. Орос мэдэж байгаа учраас В.В.Путин “Орос руу дайрсан хэн боловч урд хожид байгаагүй хамгийн хүчтэй хариу амсана шүү” гэсэн нь цөмийн зэвсгийг хэлж байгаа юм.

Америкийн талаас ч гэсэн Орос руу шууд дайрахгүй, Украин руу цэргээ оруулахгүй НАТО-гоор халхавчилж байгаа. Америкийн зүгээс хамгийн дээд арга хэмжээ авах эцсийн хувилбар нь эдийн засгийн хувьд банк хоорондын гүйлгээ буюу SWIFT таслах явдал. Тэрийг нь ч Оросууд тооцоолчихсон байх. БНХАУ ч бас үндсэндээ тусдаа болчих шиг боллоо.

– ОХУ тэр хоригт автах уу гэдэг нь асуудал байх тийм үү, хэр хэмжээнд нөлөөлөх бол?

– ОХУ тэрийгээ тооцоолчихсон байгаа учраас л Украин руу цэргээ оруулж чадаад байна. Энэ нь тэд бэлтгэлээ хийчихсэн байгаагийн илрэл. Үндсэндээ ОХУ эдийн засгаа тогтвортой хангах боломжоо хангачихсан. Дурдвал,

  1. Гадаад валютын нөөцийн 17% нь америк доллар. Америкаас аль болох хамааралгүй болох гэж үзэж байна.
  2. Нийт алтны хэмжээгээрээ дэлхийд тавдугаарт жагсаж байна.

Нэг ёсондоо хориг арга хэмжээгээ авбал ав гэж байна. Энэ тухайгаа ч ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров мэдэгдэхдээ сэтгэл зүйн хувьд ч тэр бодлогын хувьд ч тэр бэлэн болчихсон байгаагаа илтгэсэн. Нөхцөл байдлыг нөгөө талаас БНХАУ, ОХУ яахыг, Оросын эсрэг Америк яахыг ажиглаж байгаа. Батлан хамгаалахаас бусад үзүүлэлтээрээ бол Хятад Оросыг илт давна. Америк Оросыг давж чадахгүй бол Хятадыг яаж давах билээ. Тэр утгаараа Хятад сайтар ажиглаж байгаа.

Одоо бол жишиг тогтчихлоо шүү дээ. Орос тусгаар улс руу дайрч болж байна. Хятад ч Тайвань руу хэзээ дайрах вэ гээд нөхцөл байдлыг хараад хүлээж суугаа. Америкийг хараад тодорхой хэмжээнд баригдаж байгаа гэсэн үг. Хэрэв Америкаас ямар нэгэн хамааралгүй болбол Хятад Тайвань руу довтлоход ямар ч саадгүй. Дэлхийн нөхцөл байдал ийм л байна.

– Хэрэв шүү дээ, их гүрнүүд дайтвал цөмийн зэвсгийн дайн болох буюу дэлхий устана. Цөмийн зэвсэгтэй холбоотойгоор асуухад ОХУ-ын одоо ашиглаж байгаа зэвсгийн хүчин чадлын талаарх мэдээлэл танд байна уу?

– Нэгт, цэрэг, батлан хамгаалахын талаар би тийм ч их сонирхдоггүй. Хоёрт, мэдээлэл төдийлөн алга.

Оросын талаас авч үзвэл өмнө хэлсэнчлэн Украин руу орохгүйгээр Донбассыг тэр чигт нь чөлөөлөөд /эзлээд/ бусад хотод батлан хамгаалах, стратегийн дэд бүтцүүдийг нь устгахын тулд шууд цэрэг оруулахгүйгээр пуужингаар харваж байх шиг байна. Үүрээр Оросын зэвсэгт хүчин Киев хот руу пуужин харвасан нь ч тэр.

Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский “Бид цөмийн зэвсэгтэй болох ёстой байсан юм байна” гэсэн нь ОХУ-д Украин цөмийн зэвсэг хийх санаа байгаа юм байна гэхэд хүргэсэн. Тэр үндэслэлээр цөмийн зэвсэг хийлгүүлэхгүйн тулд Зөвлөлт холбоот улсын үеэс Украинд үлдсэн цөмийн зэвсгийн судалгааны байгууллага, үйлдвэр, байшингуудыг  устгах зорилго тавьж байгаа. Сүүлийн мэдээгээр Чернобылийн атомын цахилгаан станц болон түүний тусгаарлах бүсийг Оросын цэрэг эзлэн авчихлаа гэнэ. Украин цөмийн зэвсэгтэй болчихвол Орост шууд аюул учирна.

– “Их 7” хуралдах гэж байгаа талаар? 

– “Их 7” нь эдийн засгийн хоригийн л талаар ярина. “Их 7” нь батлан хамгаалахын талаар шийдвэр гаргаад байх нэгдэл биш.

Харин НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байгаа. Гэхдээ асуудал нь аюулгүй байдлын зөвлөлийг даргалж байгаа улс нь ОХУ. Нөгөө талд аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн нэг нь л хориг тавивал тухайн тогтоол, шийдвэр гардаггүй. Өөрөөр хэлбэл, Оросын түрэмгий үйл ажиллагааг буруушаасан тогтоол гаргах гэж оролдоно. Үүнд нь Орос хориг тавина. Ингэхээр юу ч гарахгүй.

Одоо бол шинэ хүйтэн дайн гэж явж байгаа. Шинэ хүйтэн дайн аль эрт эхэлдгээ эхлээд хуучин байсан хүйтэн дайнаасаа илүү аюултай болчихсон яваа.

Дэлхий дахин шинэ дэг журам руу орж байна

– Аюултай болчихсон гэдэг нь юу гэсэн үг билээ?

– Геополитикийн үүднээс Евро Азийн улс гээд Орос, Хятадыг хэлж байгаа бол нөгөө тал нь Атлантын улс гэхээр барууны улсуудыг хэлж байгаа юм. Энэ хоёрын хоорондох зөрчил Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөс эхлээд шинэ хүйтэн дайн гэдгээр явж байна. Энэ хоёр ертөнцийн арга барил нь өөр. АНУ нь эдийн засгийг тэтгэх замаар, зөөлөн аргаар өөртөө урвуулан ашиглах арга хэрэглэдэг. Тэр утгаараа Орос, Хятадтай хил залгаа улсуудыг өөрсдийнх нь эсрэг түлхэх маягтай. Нөгөө талд Орос, Хятад хоёр нь нударга хэрэглэх арга барилаар үздэг.

Эцсийн дүндээ энэ нь олон улсын хууль эрх зүйг зөрчиж байна гэсэн асуудалд өөр өөрсдийн байр суурьтай. Энэ нь олон улсын аюулгүй байдалд шинэ дэг журам бий болгож буй хэрэг. Дэлхий дахин шинэ дэг журам руу орж байна гэж хэлэхэд болохоор байна.

“МОНГОЛЧУУД НҮБ-ЫГ БҮХНИЙГ ШИЙДЭГЧ ГЭЖ ХЭТРҮҮЛЭН ҮНЭЛЖ, ЭНХ ТАЙВНЫГ САХИУЛНА ГЭСЭН ТОМ ЭНДҮҮРЭЛТЭЙ ЯВНА”

– Монгол Улсад одоогийн нөхцөл байдал хэр нөлөөлөх бол?

– ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Украины асуудлыг богино хугацаанд шийдэхийг оролдож байна. Бүх юм дууссаны дараа хэн юу хэлж байсан нь ил болох тул одоо аль нь үнэн хэлээд байгааг мэдэх арга алга. Бидэнд тэр нь ч сонин биш. Бидэнд Украинаас үүдэлтэйгээр дэлхийн олон улсын харилцаанд нөлөөлөх асуудал ялангуяа хоёр хөрштэй хамааралтай асуудал юу байх вэ гэдэг чухал. Олон улсын харилцаа талаасаа том гүрнүүд өөрийн бодлогоо номлож явдаг. Жижиг улсууд хүссэн хүсээгүй доор нь хохирдог. Тийм учраас аль нэг улс орны эвсэлд нэгдэх, төвийг сахих эсвэл хоорондоо нэгдэж холбоо байгуулах зэрэг янз бүрийн аргууд бий.

Монгол Улсын хувьд түлш, шатахууны үнэд нөлөөлнө. Орос дайнтай холбогдуулан түлш, шатахууны бодлогоо яаж авч явуулах нь нэгдүгээрт нөлөөлнө. Хоёрдугаарт, дайнаас үүдэлтэйгээр дэлхийн зах зээлд түлш шатахууны үнэ яаж өөрчлөгдөх нь манайд нөлөөлнө.

Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ манайд шууд нөлөөлөхгүй. Харин тухайн улсаас бид ямар үнээр худалдаж авах вэ гэдэг нь шууд нөлөөлнө. Нүүрсний хувьд үнэ тодорхойлогч нь БНХАУ. Тус улс өөрөө том зах зээл учир хэрэгцээ нь хэр хэмжээнд байна тэрүүгээр нь хэлбэлзэнэ. Дайны үр дүнд гарсан дэлхийн зах зээлийн үнийн нөлөө манайд шууд мэдрэгдэхгүй болов уу гэж шууд утгаараа ойлгож байна.

– Мөн дайнтай холбоотой хуурамч мэдээлэл маш их цацагдаж, мэдээллийн аюулгүй байдал ч хүндэрч байх шиг байна?

– Шинэ хүйтэн дайн үнэхээр аймшигтай болж байгааг хэлэх хэрэгтэй. Кибер дайн, мэдээллийн дайн улам аймшигтай болж байна. Украины эсрэг Оросын кибер дайн маш хүчтэй болж байна. Системүүд бүгд халдлагад өртөж байх шиг байна. Тэр нь бараг агаараас цохилт өгсөнтэй адил хэмжээнд очлоо. Хүнээр яривал саа өвчнөөр таталт өгч байна гэсэн үг. Украины талаас ч их хэмжээний худал мэдээлэл явуулж байна. Оросын таван сөнөөгч онгоцыг сөнөөсөн гэсэн нь бүгд худал болж таарсан. Тус улсын хувьд ард иргэдийнхээ сэтгэл санааг дээшлүүлэх гэж ингэж байж болох юм. Аль нь зөв гэдгийг одоо хэлэх аргагүй.

Ерөнхий зүйлийг нь хэлчихье. Украины тал бодлогын маш том алдаа хийсэн. Баруунаас тусламж ирнэ гэж бүрэн итгэсэн учраас Оростой хамаагүй харьцчихсан нь том алдаа болсон. Сайд нар нь хүртэл юу хийхээ баруунаас асуусан нь Орос улсын уурыг хүргэсэн. Нэг ёсондоо Украин биш АНУ хил дээр нь ирчихлээ гэсэн мэдэгдэлд хүргэлээ шүү дээ.

Энэ тохиолдол дээр ташрамд хэлэхэд, Монголчууд НҮБ-ыг бүхнийг шийдэгч гэж хэтрүүлэн үнэлж, энх тайвныг сахиулна гэсэн том эндүүрэлтэй явна. Олон улсын эрх зүй бүхнийг шийддэг гэж хэт найдаж байна. Олон улсын харилцаа тийм биш. Олон улсын харилцаа бол их гүрнүүд тоглоомын дүрмийг тогтоодог ертөнц. Ялагч улсууд хууль дүрмээ тулгадаг ертөнц гэдгийг ойлгох хэрэгтэй. НҮБ бол дэлхийн дайн гаргахгүй байх зорилгоор байгуулагдсан байгууллага гэж хэлж болно. Их гүрнүүд хоорондоо байлдахгүй байх асуудлыг л НҮБ ярина.

– Ярилцсанд баярлалаа. 

эх сурвалж: IKON.MN сэтгүүлч: Б.Даваабазар

Leave a Reply

%d bloggers like this: