Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг энэ оны 8-р сараас оруулахгүй байхаар судалж байна

Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг импортлохыг хориглох саналаа Засгийн газрын хуралдаанд хүргүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өмнө нь мэдээлж байсан. Уг шийдвэр энэ оны 8-р сараас эсвэл 2023 оноос хэрэгжиж нөхцөл боломж бүрдээд байгаа аж.

Хотын дарга Д.Сумъяабазар  энэ талаар өөрийн албан ёсны цахим хуудсандаа ийнхүү бичлээ. “Анхнаасаа зөв тооцоогүй төлөвлөлт өнөөдөр нийслэлийн зам харилцаа, зорчих урсгалыг хавханд оруулчихлаа. Гурав, дөрвөн том хавханд нийслэлчүүд бид байна. Өнөөдөр нийслэлд бүртгэлтэй байгаа 650 мянган машин бүгдээрээ хотын хөдөлгөөнд орвол нийслэлийн зам шууд зогсоно. Тэг зогсолт болно. Тэгэхээр шийдэмгий, хатуу шийдвэрүүд гаргах цаг болсон.

Нэгдүгээрт, импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, цаад газраа аваар осолд орсон, буруу талдаа руль буюу жолоодлоготой зэрэг тээврийн хэрэгслүүдийн импортын хязгаарлалт тогтооно. Төмрийн хог руу ачихад бэлэн болсон машинуудыг манайхан засаад эх орондоо зардаг. Импортоор орж ирж байгаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сараас хориглох уу, энэ хооронд шийдвэр гарна. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ энэ.

Гэхдээ ороод ирчихсэн машинуудад хугацаа өгнө. 2025-2026 он хүртэл гэдэг ч юм уу. Харин хөдөө орон нутагт бол ийм хязгаар хориг байхгүй, явж байгаад тэгээд дуусах биз.

Зөвхөн нийслэлд нэг жилд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Тэдгээрийн дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй, эвдэрхий, өмнө нь осолд орж байсан, үйлдвэрлэхээ больсон машинууд байгааг хүмүүс мэддэг, судалгаагаар ч тогтоосон.

Их Тойруу буюу хотын төв рүү орох автомашинууд өндөр төлбөр төлнө, төлөхгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар хураамжийг нэмэгдүүлнэ. Цаашлаад зогсоолуудыг тодорхой болгоно. Төлбөрийн орчин үеийн систем нэвтрүүлнэ. Хөдөлгөөний нягтралаас шалтгаалаад тойрог бүрийн төлбөр янз бүр байна” гэв.

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: