Б.Жавхлан: ОХУ шатахуун саадгүй нийлүүлэхээ мэдэгдсэн
Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэрээ мэдээлэв. Тэрээр, Украины зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдуулан шатахууны нийлүүлэлтэд асуудал үүсэж магадгүй байна. УУХҮЯ-ны мэдээлснээр шатахууны төрөл бүр дээр 36-70 хоногийн нөөцтэй байна. Тэгэхээр нөөц хэвийн гэсэн үг. Мөн ОХУ-ын төв болон зарим банкийг SWIFT системээс хассан. Манай арилжааны банкууд ОХУ-ын хоёр банктай корреспондент харилцаа, түүгээр дамжиж төлбөр тооцоогоо хийдэг байсан. Энийг цаашид хэвийн үргэлжлүүлнэ, зургадугаар сарын 24 хүртэл саад гарахгүй гэдгийг манай Төв банкнаас мэдэгдсэн. Мөн шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлахгүй гэж АНУ-аас зарласан байгаа. Бид ийм үед эх оронч, эв нэгдэлтэй байвал хүндрэл багатай давж туулна гэдгийг Ерөнхий сайд уриалсан.
Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Украины зэвсэгт мөргөлдөөн дэлхийн эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх вэ?
-Мэдээж нөлөөлнө. Гэхдээ тэр нөлөөг аль болох бага байлгахыг хичээнэ. ОХУ-тай хийдэг гол худалдаа бол шатахуун. Оргил үедээ 1.8 тэрбум долларын шатахууны төлбөр хийж байсан. Сүүлийн жилүүдэд дунджаар тэрбум доллар орчим шатахууны төлбөрийг хийдэг. ОХУ-ын талаас манайд шатахууны нийлүүлэлтэд саад гарахгүй гэж мэдэгдсэн. Европоос ОХУ-аар дамжиж ирдэг гадаад худалдаанд цаашдаа ямар нөхцөл байдал үүсэх нь тодорхойгүй байна. Богино хугацаандаа ямар нэг шок үүсэхгүй гэж үзэж байна.
-Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцсэн үү?
-Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Хөгжлийн банкны ТУЗ-ийг шинэчилж байгаа. Төрийн албанаас тодорхой хүмүүс орно. Мөн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалтаар томилно. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг нь төрийн өмчийн үйлдвэрийн газруудынх. Үүнд Засгийн газрын хариуцсан яамдууд идэвхтэй ажиллаж, нэн яаралтай арга хэмжээ авахыг Ерөнхий сайд даалгасан. Түүнчлэн иймэрхүү асуудлыг таслан зогсоож, одоо байгаа зээлүүдийг богино хугацаанд төлөх чиглэл өгсөн.
-Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материалыг нууцын зэрэглэлд оруулсан гэсэн, гаргасан уу?
-Албан ёсоор нууцаас гаргах хүсэлт, даалгавар ирээгүй байна. Ирсэн тохиолдолд хуулийн дагуу шийднэ. Ер нь бол өнгөрсөн дөрвөн жил Хөгжлийн банкны хуулинд орсон дэвшилттэй зүйл бол Төв банк шалгалт хийдэг болсон явдал. Монголбанк өмнө нь үүнийг шалгадаггүй, Засгийн газар шалгадаг байсан. Үүнээс хойш хяналт шалгалт сайжирсан гэж үзэж байна.
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарласнаас хойш 49.8 тэрбум төгрөг төлөгдсөн. Сүүлийн долоо хоногт эргэн төлөлт зогсоод байна. Тиймээс үүнийг эрчимжүүлэх чиглэлийн Хөгжлийн банкинд өгсөн.
Хөгжлийн банкнаас зээл авсан хоёр цементийн үйлдвэр бий. Энэ жил хоёр их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажил байгаа. Үүнд шалгарсан компаниуд дээрх хоёр цементийн үйлдвэрээс цемент худалдаж аваад тэрийгээ шууд Хөгжлийн банкны өр төлбөрт төсвөөс шилжүүлэх байдлаар чанаргүй зээлийг багасгана.