Анх 2 сан 240.3 тэрбум₮ үлдэгдэлтэй байсан бол одоогоор 78 тэрбум төгрөгийн хохирол барагдуулаад байна
“Капитал банк”-ны эрх хүлээн авагчийн өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Монголбанкнаас мэдээлэл өглөө.
Банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү: 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд Капитал банкийг татан буулгах шийдвэр Монголбанканд гараад банкны эрх хүлээн авагч томилогдсон. Банкийг татан буулгахад үндсэн гурван ажил бий. Зээл авлага төлүүлэх, банкны хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулах, үүнээс олсон орлогоор өр төлбөр барагдуулна.
Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сан анх 240,3 тэрбумын үлдэгдэлтэй байсан. Хадгаламжийн гэрээтэй, данс эзэмших гэрээтэй байсан. Өнөөдрийн байдлаар ЭМД-ын сангийн хувьд мөнгөн хөрөнгөөр 8,3 тэрбум, хөрөнгөөр 63,5 тэрбум төгрөг, нийтдээ 44,7 тэрбум төгрөг барагдуулаад байна.
НД-ын сангийн 104,2 тэрбум төгрөгөөс 8,3 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, хөрөнгөөр 25 тэрбум төгрөг, нийтдээ 33,3 тэрбум төгрөг, нийт хоёр сангийн 78 тэрбум төгрөгийн хохирол барагдуулаад байна.
Капитал банкийг татан буулгах үед банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль анх удаа хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар 20 сая хүртэлх төгрөг болон валютын хадгаламжийг даатгалын корпорацаас төлөх хуулийг анх удаа амжилттай хэрэгжүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэхэд Хадгаламжийн даатгалын корпорац, Хаан банк нөхөн төлбөр олгох банкаар, банкны эрх хүлээн авагч гуравласан гэрээгээр энэ ажлыг хийсэн.
Даатгагдсан хадгаламж буюу 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай, давхардсан тоогоор 352,135 харилцагчид 44.5 тэрбум төгрөгийг төлсөн. Мөн Монголбанкны зөвшөөрлөөр 50 тэрбум төгрөгийн Капитал банкны хөрөнгийг барьцаалж зээл аваад, даатгагдаагүй буюу бусад хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулсан.
Өнөөдрийн байдлаар 353,134 давхардсан тооны харилцагчийн 238.8 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулсан.
Үүнээс иргэн хуулийн этгээдийн харилцах хадгаламжийн 99.9 хувийнх нь хохирлыг бүрэн барагдуулсан. Харин том дүнтэй үлдсэн төрийн хоёр сан буюу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, гурван харилцагчийн хохирлыг барагдуулаагүй үлдсэн.” гэлээ.
Нийт өр төлбөрөө задаргаагаар харуулбал:
912 харилцагчийн 75,3 тэрбум төгрөг
Компани ААН-ийн 10,3 тэрбум төгрөг
Төрийн 25 байгууллагын 87,3 тэрбум төгрөг
Даатгагдаагүй хадгаламжийн 21,4 тэрбум төгрөгийг барагдуулсан.
Үргэлжлүүлэн Т.Дэлгэрхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Даатгагдаагүй хадгаламж эзэмшигч болох төрийн хоёр байгууллага, гурван иргэн үлдсэн гэж ярилаа. Ямар байгууллагууд вэ. Мөн хэр хэмжээний үлдэгдэл байгаа вэ?
– Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон нь Нийгмийн даатгалын ерөнхий газар байгаа. ЭМДС-гийн үлдэгдэл 136.1 тэрбум төгрөгөөр багасаад 91.4 тэрбум төгрөг байна. Харин НДЕГ-ынх 104.2 тэрбум төгрөгөөр багасаад 70.9 тэрбум төгрөгийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар байна. Үүн дээр нэмэгдээд 22.9 тэрбум төгрөгийн гэрээ эцсийн шатандаа явж байгаа ба ирэх долоо хоногт гарын үсэг зураад хөрөнгүүдээ хүлээлцэнэ.
Хөрөнгө шилжүүлэх процесс хүртэл бид хохирол барагдуулах ажлаа хийнэ. Цаашлаад тус хоёр байгууллага журмынхаа дагуу дуудлага худалдаа зохион байгуулна. Биднээс авсан дүн дээрээ тодорхой хэмжээний зардлаа оруулж, анхны дуудлага худалдааны үнээ тавин дуудлага худалдаагаа явуулж байгаа юм билээ.
– Нийт зээлийн 94.5 хувь нь чанаргүй байна гэсэн. Зээлдэгчдэд бүгдэд нь хэрэг үүсгэсэн үү?
– Бүх зээлээ шүүхэд өгөөд шүүхийн шийдвэр гаргуулсан. Зарим зээлдэгчдийн хувьд нас барсан, сураггүй алга болсон байна. Сураггүй алга болсон этгээдүүдийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа. Шүүхийн шийдвэр гарчихсан, дүн нь тодорхой болчихсон, барьцаа нь байгаа учраас энэ ажиллагаа одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үр дүнгээс хамаарна. Өөрөөр хэлбэл хохирол барагдуулах ажиллагаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үр дүнгээс хамаарна. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран төлөвлөгөө гаргаж, гэрээ байгуулаад Монгол Улс даяар ажиллаж байна гэлээ.