З.Мэндсайхан: Ил талбайн тарималд татаас олгож, хаврын тариалалтыг дэмжиж 400 тэрбумын зээл олгоно

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулав.

-Засгийн газар эх орны эрүүл хүнс хөтөлбөрийн хүрээнд Атрын дөрөвдүгээр аян өрнүүлнэ.

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлалаа. Энэ чиглэлд хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдан гарлаа. Хүнсний ногоо тариалагчдад зориулж импортын бүтээгдэхүүний үнийн зөрүүний эрсдэлээс хамгаалах зорилгоор анх удаагаа стандартын шаардлага хангасан ил талбайн таримлын тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр шийдвэрлэлээ.

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг Засгийн гараас дэмжих боллоо. Тодруулбал, Цаашлаад хүлэмжийн аж ахуй эрхэлдэг нэгжүүд тодорхой цагт эрчим хүчний төлбөрөөс чөлөөлөгддөг байв. Тэдний үнэ төлбөргүй хэрэглэх цагийг уртасгасан. Эрчим хүчний үнийн тарифын хөнгөлөлтийг арван нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд 22:00-06:00 цагийн хооронд үзүүлдэг байв. Тэгвэл энэ хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-н болгон сунгаж, хөнгөлөлт үзүүлэх цагийг 18:00-06:00 цаг болголоо. Ингэснээр хүлэмжийн тариалан эрхлэгчид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой болж байна.

Түүнчлэн, хаврын тариалалтад зориулж улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үнийг 80 хувь хөнгөлж тариалан эрхлэгчдэд олгох тогтоолыг баталаа. Энэ жилийн хаврын тариалалтад зориулж Хөдөө аж ахуйн дэмжих сангаас 13,8 тэрбум төгрөгийн дэмжлэг гаргана. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад нийт 22,5 мянган тонн шатахуун шаардлагатай. Хаврын тариалалтад нь зориулж 6,5 тэрбум төгрөгийн шатахууныг 50 хувь урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлттэйгөөр олгоно.

Өнгөрсөн жилийн ургац хураалтаар бид 567 мянган тонн ургац үр тариа хурааж авсан. Үүнээс зах зээл дээр борлуулагдаагүй үлдсэн 50,4 мянган тонн үр тариа талбай дээр байна. Өнөөдрийн хуралдаанаар дэлхий нийтэд үүсч байгаа хүнсний хомсдлоос сэргийлэх, улс хоорондын зөрчилдөөнөөс хүн амын хүнсний найдвартай байдлыг хангах зорилгоор үр тарианы нөөцийг бүрдүүлэх шийдвэр гаргалаа. Иймд зах зээл дээр борлуулагдаагүй үлдсэн дээрх үр тариаг хаврын тариалалт эхлэхээс өмнө Хөдөө аж ахуйн санг дэмжих сан дээр хүлээн авч, нөөц бүрдүүлэх болно” гэлээ.

Энэ жилийн хаврын тариалалт болон малчдад зориулсан хөдөө аж ахуйн 400 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээлийг гаргаж байна. Ингэхдээ газар тариалангийн эргэлтэд зориулж 100 тэрбум төгрөг, хүнсний ногоонд 50 тэрбум төгрөг, ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум, ноолуурын үйлдвэрийн түүхий эдээ бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 150 тэрбумыг гаргаж байна.

Мөн хуралдаанаар  газар тариалангийн салбарыг дэмжих шийдвэр гарлаа. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зорилгоор малын хөлийн татварт нэмэлт өөрчлөлт оруулах дотоодын төслийг Засгийн газраар хэлэлцэн баталж УИХ-д өргөн барихаар болж байна” гэлээ.

 

 

Leave a Reply

%d bloggers like this: