Н.Даваасүрэн: Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах хүртэл олон давтамжтай хяналт, шалгалтыг хийнэ
Өнөөдөр НМХГ-аас Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлын маш сайн анхаарч ажиллахыг зөвлөсөн мэдээлэл хийлээ.
НМХГ-ын дэд дарга Н.Даваасүрэн: Хүний амь нас хариуцаж ажиллаж байгаа барилгын компаниуд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг маш сайн хангаж ажиллах шаардлагатай байна. Энэ он буюу 2022 оны 3-р сарын 18-ны байдлаар барилга байгууламж, өргөх байгууламжтай холбоотой 6 осол гарсан байна. Үүнээс хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой 5, өргөх байгууламжтай холбоотой 1 осол гарлаа. Үүнээс харвал өндрөөс унасан буюу дүрмийн дагуу өндөрт гаргаагүй нийтлэг зөрчил гарсан байгаа юм. Мөн барилгын дотор талд аюулгүй ажиллагааны тэмдэглэгээ, хаалт тавиагүйн улмаас ослууд гарсан.
Тэгэхээр мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтын үеэр ажиллах нөхцлийг сайн ханган ажиллаж байгаа байдалтай байвч, бодит байдал дээр шалгалтын явцаас өөр буюу шаардлага хангахгүй нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулаад байна. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан давхар ажил хариуцан ажиллаж байгаа нь осол, хүний амь эрсдэх нөхцлийг бүрдүүлж байна. Уг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшнөөс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн ч бай төрийн үйлчилгээ ч бай барилга байгууламж баригдаж байгаа бол эрсдэл ихтэй ажлын байр учраас тухайн ажил олгогч ажил үйлчилгээний зардлынхаа 0.5-аас багагүй хэмжээг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой.
Гэтэл үүнийгээ хэрэгжүүлэхгүй байна. Бидэнд эхний 3 сард 806 өргөдөл гомдол ирснээс 132 нь барилга байгууламжтай холбоотой. Үүнд, дулаан алдагдал, барилгын хийцлэл өөрчилсөн, өвлийн улиралд барилгын ажил явуулсан зэрэг гомдол мэдээлэл ирснийг шалгаж үзээд, 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэв.
4-р сарын 2-ноос сургуулийн ээлжийн амралт эхлэх гэж байна. Дулааны улирал болж байгаа тул хүүхдүүд гадаа тоглодог. Орон сууцны гадаах тоглоомын талбайг СӨХ нь, сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайг тухайн өмчлөгч байгууллага хариуцдаг. Ийм тоглоомын аюулгүй ажиллагааг хангахыг хариуцагч байгууллагуудад анхаарууллаа.