“Хүний амь насыг хамгийн багадаа 63 сая төгрөгөөр үнэлнэ”

УИХ  үргэлжлүүлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг 81 зүйлтэй бөгөөд батлагдсанаар шүүх шинжилгээний хараат бус байдал, ил тод ажиллах зарчим, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, шүүх шинжилгээний үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, шинжээч, мэргэжилтэн үйл ажиллагаандаа шинжлэх ухаанч байдлаар хандах хандлага дээшилнэ хэмээн үзсэн байна.

Уг хуулийн төсөлд шүүх шинжилгээний нийтлэг журмыг боловсронгуй болгож, шинжилгээний хугацааг үндэслэн тогтоох, хялбар байдлаар хугацааг сунгах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой өөрчлөлт, шинэчлэлтийг тусгасан байна.

Мөн шүүх шинжилгээний хэлбэр, төрлийг шинээр тодорхойлж, шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалтууд, шүүх шинжилгээний байгууллагад болон бусад этгээдээр хийлгэх шинжилгээг тодорхойлж, шинжилгээний байгууллагаас бусад этгээдийг шүүх шинжилгээний сургалтанд хамруулах, тэдэнд шинжээчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хасахтай холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх өөрчлөлтийг тусгасан аж.

Үүний зэрэгцээ хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох үнэлгээг хийх эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Шүүх эмнэлгийн төлбөртэй явуулж байсан шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, төрийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээнд улсын тэмдэгтийн хураамжийг авах зохицуулалт мөн тусгагдсан.

Хуулийн төсөлд байгаль орчны үнэлгээг шүүх шинжилгээний байгууллага болон хувийн хэвшил хийх эрх зүйн орчныг тодорхой болгож өгчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Байцаан шийтгэх ажиллагааны бүхий л зардлыг төр хариуцна” гэх заалт байдаг. Хууль бусаар алт олборлосон, байгаль орчин сүйтгэсэн, экологийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн маш олон хэргүүд хохирлын үнэлгээ гаргаагүйн улмаас шүүхээр шийдэгддэггүй, ял завших нөхцөл байдлууд их гарсан. Энэ асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн оны 1-р сарын 1-нээс эхлэн шүүх шинжилгээний байгууллага дээр байгаль орчны хохирлын үнэлгээ хийх нэгжийг байгуулсан. Байгаль орчны илүү нарийвчилсан үнэлгээг хувийн хэвшил хийнэ гээд тодорхой тусгасан. Түүнээс биш хасч байгаа зүйл байхгүй гэдгийг Х.Нямбаатар сайд гишүүдийн асуултанд хариулахдаа тодотгон хэллээ.

Мөн тэрбээр сүүлийн 30 жил эрх зүйн хөгжлийн хүрээнд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх асуудлыг шийдээгүй. Энэ хуулийн төсөлд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх аргачлалыг анх удаа тусгасан гэв.

Хүний амь насыг мөнгөөр үнэлэх нь учир дутагдалтай ч дэлхийн нийтэд янз бүрийн хэмжээгээр тогтоосон жишиг байдаг ч хэт өндөр бус төлөгдөхүйц байх зарчим байдаг. Хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 63 сая төгрөгөөр үнэлэхээр төсөлд тусгасан. Нөгөө аргачлал нь хүний амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан иргэний насыг хасна. Хохирогчдод аль нь давуу талтай байх аргачлалыг нь үзүүлнэ.

Тухайлбал, Хүн амын дундаж нас 71 байвал 20 настай залуу амиа алдлаа гэхэд тэрхүү дундаж наснаас нь хасаад 51 жил идэвхитэй амьдрах бололцоотой байсан гэж үзнэ. Үүнийг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 5 дахин үржүүлээд 111 сая 600 мянган төгрөгийг ар гэрт нь олгуулах байдлаар үнэлж оруулжээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Сэтгэцэд учирсан хор уршгийг яаж тодорхойлж, нөхөн төлбөрийг хэрхэн тогтоох вэ. Боловсон хүчин байгаа юу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Та маш чухал асуудал хөндөж асуулаа. Сүүлийн 30 жил хийж чадаагүй нэг ажил бол сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх аргачлалгүй явж ирсэн. Гэмт хэргийн улмаас амиа алдсан талийгаачийн ар гэрт оршуулгын зардал өгсөн болоод бусад зардал нь орхигддог. Хүний нэр төртэй холбоотой үнэлгээ байдаггүй. Эрхзүйн хөгжлийн хувьд бид хоцорч яваа. Үүнийгээ нөхөх зорилгоор хуулийн өөрчлөлтөд уг заалтыг тусгасан. Шүүх шинжилгээний байгууллага бол цэвэр шинжлэх ухааны байгууллага. Зөвхөн эрүүгийн хэрэг дээр шинжилгээний дүгнэлт гаргахаас гадна иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргадаг. Гаргасан дүгнэлтийг нь үндэслэн шүүхийн шийдвэр гардаг. Тиймээс харьцангуй хараат бус, бие даасан байдлаар ажиллах бололцоогоор хангахын тулд хуулийг шинэчилж байна.

Дотоод хэргийн сургууль дээр шүүх эмнэлгийн шинжээч эмчээс бусад, Хууль зүй, дотоод хэргийн яамны агентлагуудын мэргэжилтнүүдийг бэлддэг. Дотооддоо ийнхүү боловсон хүчнээ бэлдэж байна. Хөрш орнуудын дотоод хэргийн яамны хамтын ажиллагааны хүрээнд нарийн мэргэжлийн шинжээч эмч нарыг сургаж байна. Сүүлийн үед мэдээлэл технологийн шинжлэх ухаан чиглэлд шинжээч, судлаач нар хэрэгцээтэй болсон. БНСУ-тай хамтран энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэж байна. Нэг асуудал байгаа нь төсөв. Гэхдээ энэ удаа үүнийг онцолж ярихыг хүсэхгүй байна. Хөдөө орон нутагт шүүх эмнэлгийн шинжээч эмч тултал ажилладаг. Өөрөөр хэлбэл, ээлжийн амралт авсан, жирэмсэн тохиолдолд нөгөө газар нь дараагийн хүн нөхөж ажиллах орон тооны боломжгүй байсан. Өнгөрсөн жилийн улсын төсөв дээр 1-2 орон тоог нэмэгдүүлж чадсан. Сүүлийн үед манай салбарт анагаахын сургууль төгссөн, шүүх эмнэлгийн эмчээр цаашид мэргэшиж ажиллах боловсон хүчин ховор байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Хүн зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэх ёстой. Үүний баталгааг төр хангах учиртай. Энэ нь эргээд хууль, эрхзүйн тодорхойгүй орчинтой ч холбоотой. Иргэний хуулийн тодорхой заалтуудаар мөнгөн дүнгээр барагдуулах асуудлыг хаасан зохицуулалтууд өнөөдөр үйлчилж байна. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан бол 10 сая төгрөг гаргуулсан байх жишээний. Гэхдээ ийм тохиолдол маш цөөхөн. Хамгийн сүүлд авто ослоос амиа алдсан талийгаачийн ар гэрт сэтгэл санааны хохирлоос гадна тэжээн тэтгэхтэй холбоотойгоор 500 сая төгрөг гаргуулсан шүүхийн шийдвэр бол бий. Сэтгэл санааны хохирол гэж яриад байгаа боловч Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг харахаар сэтгэл санаа гэхээсээ илүүтэй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндөх ёстой болчхоод байгаа юм.

Сэтгэл санааны гэм хорын нөхөн төлбөрийн хохирлыг шүүхийн байгууллага тогтооно. Хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу хамгийн багадаа 63 сая төгрөгөөр үнэлж байна. Өөр нэг хувилбар нь хүн амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас амиа алдсан иргэний насыг хасна. Жишээ нь, хүн амын дундаж наслалт 71 байгаа бол 20 настай залуу нас барахад 51 насны зөрүү гарна. Талийгаач 51 жил идэвхтэй амьдрах бололцоотой байсан гэсэн үг. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлээд буюу 111 сая төгрөгийг тухайн ар гэрт нь олгоно. Хэт өндөр тогтоож болохгүй. Төлөгдөхүйц хэмжээнд байх ёстой гэж үздэг. Энэ зарчмыг л бид баримталж байна. Хүний амь насыг мөнгөөр үнэлнэ гэдэг учир дутагдалтай ч гэсэн дэлхий нийт үүн дээр жишиг тогтоогоод явж байна. Тухайлбал, БНСУ гэхэд 80 сая вонн. Америкийн Нэгдсэн Улсад эмнэлгийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны хохирлын хэмжээний дээд, доод хэмжээг муж улсаас хамааран дунджаар 250-750 мянган ам.доллараар тогтоосон байдаг. Түүнчлэн хохирогч нас барсан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг сэтгэл санааны хохиролд буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжлэх, нөхөн төлбөрийг авах эрхтэй этгээдийг хуулиар хязгаарладаг байна. Тухайлбал, ХБНГУ-д хохирогч нас барсан тохиолдолд зөвхөн тодорхой төрлийн садан төрөл нь сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр авах бол Франц улсад өв залгамжлагч нь авах зохицуулалттай байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Шүүхийн байгууллага хараат бус байх ёстой. Үүнийг хэдүүлээ яаж хийх вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Дэлхийн бусад улс оронд Хууль зүй, дотоод хэргийнхээ яаманд шүүхийн байгууллага нь хамаардаг. Хуулийн төслийг боловсруулах явцад судалгааны ажлууд хийсэн. Бидэнд нэг л арга зам бий. Гүйцэтгэх эрх мэдлийн бүтцээс шүүхийн байгууллагыг гаргахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөлийн харъяанд оруулж, шүүх эрх мэдлийн байгууллагуудын жишигт хүрсэн цалинтай болгох ёстой. Шүүх шинжилгээний байгууллагад шинээр шинжээчээр томилогдсон хүн дэслэгч цолныхоо мөнгөтэй нийлээд, гар дээрээ 900 мянган төгрөгийн цалин авч байна. Шүүх эмнэлгийн шинжээч ажилсан жилийн нэмэгдэл болон цолны нэмэгдэлтэйгээ нийлээд 1.4 сая төгрөг авдаг.

Шүүх шинжилгээний байгууллага 139 нэр төрлийн шинжилгээ хийдэг. Улмаар шинжилгээ хийхийн тулд нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, урвалж бодис, программ хангамж гээд энэ байгууллагад хэрэгтэй олон зүйл байна. Тухайлбал, гэмт хэргийн улмаас олдсон хурууны хээ, алганы хээний нэгдсэн сан болох ОХУ-д үйлдвэрлэсэн программ хангамжийг ашиглаж байна. Үүнийгээ шинэчлэх шаардлагатай. Шинэчлэхийн тулд монгол залуустаа захиалга өгсөн. БНСУ-ын “Экзим” банкны зээлийн санхүүжилтээр нисэхэд шүүх эмнэлгийн цогболбор барилга барих ажил удахгүй эхэлнэ. 21 аймагт шүүх шинжилгээний албадыг өөрийн гэсэн байртай, боломжит хими, биологийн шинжилгээнүүдийг хийхэд хөрөнгө зарцуулаад явж байна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээ хийдэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж хэрэглэж байна. Гол асуудал нь энэ салбарт ажиллах нарийн мэргэжлийн шинжээч эмч нарын дутагдалд орчхоод байна.

УИХ Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Ингэснээр Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Ийнхүү УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Leave a Reply

%d bloggers like this: