“Сэтгэл санааны хохирлыг МӨНГӨН ХЭЛБЭРЭЭР олгодог болно”
УИХ үргэлжлүүлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Тэрбээр “Шүүхийн шинжилгээний тухай хуулийг дагаж мөрдөөд 10 гаруй жил өнгөрсөн ба нийт 6 удаа, давхардсан тоогоор 40 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж, хуулийн анхны бичвэрээс олон зүйл, заалт өөрчлөгдсөн байна. Эдгээр өөрчлөлтийн тухайд уг хуулийн агуулга, үзэл баримтлал, процессын зохицуулалтуудыг өөрчлөхөд бус, харин бусад процессын хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хийгдсэн байдаг. Уг нэмэлт, өөрчлөлтүүдээр хуулийн зүйл, заалт, хэсгийн логик уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зарим нэр томьёог өөр өөрөөр томьёолсон, мөн зарим зохицуулалт хангалттай бус хэвээр байна.
Хуулийн төсөл батлагдсанаар шүүх шинжилгээний нийтлэг журмыг боловсронгуй болгож, шинжилгээний хугацааг жишиг хугацааг үндэслэн тогтоох, хялбар байдлаар хугацааг сунгах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Шүүх шинжилгээний хэлбэр, төрлийг шинээр тодорхойлж, шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлнэ. Хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох үнэлгээг хийх эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэхээрээ онцлог.
Монгол Улсын шүүхийн практикт гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохиролд буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр авсан кейс бусад хохирлыг нэхэмжилж шийдвэрлүүлсэн тохиолдлоос цөөн байдаг. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 970 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хууль бусаар хоригдсон хэрэгт хохирогчийн сэтгэл зүй, эрүүл мэндэд учирсан хохирлыг харгалзан 16 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн 2012 онд Баянгол дүүргийн шүүхээс ХБНГУ-ын эмчийн буруутай үйл ажиллагааны улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хохирогчийн эрүүл мэндийн байдал, сэтгэл санаанд учирсан үр дагаврыг харгалзан, сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг тогтоож, буруутай этгээдээр гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Харин гадаадын зарим өндөр хөгжилтэй орны хувьд сэтгэл санааны хохиролд буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах гэмт хэргийн төрөл бүрээр тогтоосон тарифын үнэлгээг үндэслэн мөнгөн дүнгээр тооцож, хохирогчид олгодог байна. Хохирогчид олгох сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах төлбөрийн дээд доод хэмжээг мөн тогтоож өгдөг байна. Тухайлбал, АНУ-д эмнэлгийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны хохирлын хэмжээний дээд доод хэмжээг муж улсаас хамааран дунджаар 250-750 мянган ам.долларт тогтоосон байдаг.
Түүнчлэн хохирогч нас барсан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг сэтгэл санааны хохиролд буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжлэх, нөхөн төлбөрийг авах эрхтэй этгээдийг хуулиар хязгаарладаг байна. Тухайлбал, ХБНГУ-д хохирогч нас барсан тохиолдолд зөвхөн тодорхой төрлийн садан төрөл нь сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр авах бол Франц улсад өв залгамжлагч нь авах зохицуулалттай байна.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоох, уг хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг үнэлэх, шинжилгээ хийх талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд нэр томьёоны хувьд анагаахын шинжлэх ухааны нэр томьёог ашиглан, “сэтгэцэд учирсан хор уршиг буюу гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд үзүүлсэн үр дагавар, гэж томьёолж, энэ нь эдийн бус гэм хорд хамаарахыг хуульд тодотгон тусгаж, хохирогч энэхүү хохирлоо нэхэмжлэх эрхийг нарийвчлан тодорхойлсон болно” гэлээ.