Ерөнхийлөгчийн зарлиг: “Халамжаас хөдөлмөрт” ажлын байрыг нэмэгдүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл болгосугай
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийг гаргасан байна. Зарлигийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцууллаа. Бүрэн эхээр нь хүргэж байна.
Зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
1. Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай:
1.2 Архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх;
1.5 “Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
1.6 Архи, согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, цахим техник, технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд оногдуулах эрүүгийн болон зөрчлийн ял, шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах;
1.7 Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах;
1.9 Согтууруулах ундааны шошгон дээр согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөний талаарх анхааруулга, санамж байршуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
2. Нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад санаачилгатай оролцох, баяр ёслол, тэмдэглэлт өдөр, ажлын байранд өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсугай.
3. Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд цаг тухай бүр мэдээлж, тайлан мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай” гэжээ.