Ш.Ариунаа: Хамгийн өндөр цалинтай салбаруудад эрчүүд, бага цалинтайд нь эмэгтэйчүүд олонх байна

Өнөөдөр Blue Sky зочид буудалд “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн асуудлаар хийсэн судалгааны тайлан танилцууллаа.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хөдөлмөрлөх эрхийн тухай “Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй” гэж тодорхойлсон байдаг. Мөн эрх чөлөө, шударга ёс, аюулгүй байдал, хувь хүний нэр хүндийг дээдэлсэн орчинд эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгэн ижил бүтээмжтэй ажиллах боломж олгох хэрэгтэй гэжээ.

Гэвч судалгаа хийхэд бодит байдалд энэ нь төдийлөн сайн хэрэгжихгүй байгаа аж.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ БАЙХГҮЙ, АЖЛЫН ЦАГИЙН УЯН ХАТАН ЗОХИЦУУЛАЛТГҮЙГЭЭС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭД БЭРХШЭЭЛ ТУЛГАРДАГ

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа “Эмэгтэйчүүд эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө ялгаварлан гадуурхагдах учиргүй” гэв.

Нөхөн үржихүйн буюу 20-49 настай ажиллах хүчний иргэдийн дунд судалгаа хийхэд эрэгтэйчүүдийн эзлэх хувь харьцангуй өндөр байгаа юм.  Харин энэ насны ажиллах хүчнээс гадуурх хүн амын тоог харьцуулахад эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байна.

Эмэгтэйчүүдийн хувьд энэ нь нэг талаасаа төрөлттэй холбоотой ажээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хувьд төрөлт өсөхөд хөдөлмөр эрхлэлт буурдаг бол эрэгтэйчүүдийн хувьд тогтвортой байдаг нь судалгаагаар тогтоогджээ.

Мөн цагийн ажлыг зохицуулсан зохицуулалт байдаггүйгээс болж хүүхдээ хүргэх, авахад асуудал үүсдэг, ажлаасаа хоцордог, нийтийн тээврийн хүртээмжгүй байдлаас болж ажилдаа ирж явахад бэрхшээл үүсдэг зэрэг хариулт өгчээ.

Мөн хөдөлмөр эрхлэхэд тулгардаг бэрхшээлүүдийн талаар зорилтот бүлгээс асуумж авахад дийлэнх нь хүүхэд харах үйлчилгээ байхгүйгээс ажил хийх боломжгүй байдаг гэж хариулсан байна. Мөн цагийн ажлыг зохицуулсан зохицуулалт байдаггүйгээс болж хүүхдээ хүргэх, авахад асуудал үүсдэг, ажлаасаа хоцордог, нийтийн тээврийн хүртээмжгүй байдлаас болж ажилдаа ирж явахад бэрхшээл үүсдэг зэрэг хариулт өгчээ.

Тэгвэл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд юу шаардлагатай байгаа талаар асуухад эмэгтэйчүүд олон жил гэртээ суухаар албан харилцаанд орж чаддаггүй учраас хамт олны эерэг харилцаа, хандлага чухал, ажлын цагийн уян хатан зохицуулалт чухал, цахим ажлын байр хэрэгтэй, ажил олгогч нарын хандлагыг өөрчлөх гэх мэт хариултууд өгсөн байна.

Мөн хамгийн өндөр цалин хөлстэй салбаруудад эрчүүд олон бол хамгийн бага цалин хөлстэй салбаруудад эмэгтэйчүүд олонх байгаа юм. Энэ нь жендэрийн хэвшмэл ойлголтоос болдог бөгөөд уул уурхай, хүнд механизмтай ажилладаг салбаруудад эрчүүд голлон ажилладагтай холбоотой ажээ.

ИЖИЛ ТҮВШНИЙ АЖИЛТАНД ИЖИЛ ЦАЛИН ОЛГОХГҮЙ БАЙНА

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдал судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхалтад өртөж байсан гэж хариулжээ. Тэдний ихэнх нь бага насны хүүхэдтэй, цалин урамшуулал нэмэхгүй байх зэрэг ялгаварлалтад өртсөн байна.

Түүнчлэн ижил үнэ цэнтэй ажилд ижил цалин хөлс олгогдохгүй байна гэв. Тухайлбал, ижил түвшний мэргэжилтэн эрэгтэй дунджаар 1,603 сая төгрөгийн цалин авч байхад эмэгтэй нь 1,283 сая төгрөгийн цалинтай ажиллаж байна. Мөн эрчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс өндөр байгаа юм.

Мөн ажлын байрны бэлгийн дарамтын талаарх судалгаагаар ажил хийдэг, сурдаг гурван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг байна. Үүнд, ихэнх хувь нь  нэр төр хохирсон гэж хариулсан бол  амиа хорлох сэдэл төрж байсан гэж хариулсан хүмүүс ч байсныг тодотгов.

“АЖИЛГҮЙ ГЭРИЙН АВГАЙ” ГЭДЭГ ҮГИЙГ НИЙГЭМД ХАЛАХ ЗОРИЛГО ДЭВШҮҮЛЖ БАЙНА

Ш.Ариунаа “Эмэгтэйчүүдийг ажилгүй гэрийн авгай гэж нэрлэдгийг нийгэмд халах зорилго дэвшүүлж байна. Эмэгтэйчүүд гэртээ гараа хумхиад суудаг уу гэвэл үгүй. Хүүхэд харж хоол хийж байна, гэрээ цэвэрлэж байна. Цаг ашиглалтын судалгаа хийхэд эмэгтэйчүүд дунджаар 2,4 дахин их цагийг үнэлгээгүй гэрийн ажилд зарцуулж байна” гэв. Мөн өндөр цалин хөлстэй салбарт ажиллаж чадахгүй, ялгаварлан гадуурхалтад өртөж, ижил цалин хөлс авч чадахгүй байгаа ажээ.

Гэвч ялгаварлан гадуурхалтад өртсөн ч ердөө 11 хувь нь л гомдол гаргаж байсан гэжээ.

Зөвлөмж дүгнэлтэд өгөх санал:

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд бүлгүүдийг уян хатан тодорхойлох
  • Аймаг дүүрэгт төсөв хуваарилахдаа ажиллах хчүнээс гадуурх хүн амын тоонд үндэслэх
  • Үр дүнг ажил орлоготой болсон иргэний тоогоор хэмжих
  • Дэмжлэг тасралтгүй байх
  • Ажлын байрны дарамтаас ангид орчныг бүрдүүлсэн хувийн хэвшлийг сурталчлах
  • Хөдөлмөрлөх эрхийн зөрчил бүртгэх, гомдол хүлээн авах ажиллагааг ТББ-тай хамтран хэрэгжүүлэх
  • Зөрчигдсөн эрхийг сэргээж, сайн загвар жишээ гаргах
  • Ялгаварлан гадуурхалтыг өргөн хүрээнд хориглох, төрийн байгууллагаас эхлүүлэх

 

Мэдээллийг бэлтгэсэн: gogo.mn сайтын сэтгүүлч А.Наранцацрал

Leave a Reply

%d bloggers like this: