Өмнөх оноос цагаан будааны үнэ 130 хувиар, ургамлын тос 47 хувиар, шатахуун АИ-92 бол 65 хувиар өссөн байна

МҮЭХ-ноос  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тарифын судалгааг сар бүр хийдэг ба 2021 оны 4-р сарын 4-ний өдрийн үнийг 2022 оны мөн үетэй дараах байдлаар харьцуулжээ.

Шатахууны үнэ өсөхийн хэрээр инфляци савлаж, иргэдийн орлого нэмэгдэхгүй, эсрэгээрээ хэрэглээ хумигдаж амьжиргаанд хүрэлцэхгүйд хүрсээр байна.  Зөвхөн шатахууны үнийн өсөлт инфляцид 18.4 хувиар нөлөөлдөг хэмээн Үндэсний статистик хорооноос мэдээллээ.

Улаанбаатарт худалдаалж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох:

  • цагаан будаа нэг кг нь 3000₮ байсан бол 6900₮ болж 130 хувиар
  • шар будаа нэг кг нь 2800₮ байсан бол 5000₮ болж 78,6 хувиар
  • үхрийн ястай мах 12000₮ байсан бол 14000₮ буюу 16,7 хувиар
  • үхрийн цул мах 14000₮ байсан бол 16000₮ буюу 14,3 хувиар
  • адууны мах 20 хувиар
  • сүү 2900₮ байсан бол 3700₮ болж 27,6 хувиар
  • ургамлын тос 5500₮ байсан бол 8100₮ болж 47,3 хувиар
  • элсэн чихэр  2800₮ байсан бол 5320₮ болж 90 хувиар
  • монгол төмс 1200₮ байсан бол 1440₮ болж 20 хувиар
  • лууван 50 хувиар
  • сонгино 75 хувиар
  • тахианы мах 22,4 хувиар
  • шатахуун АИ-92 1450₮ байсан бол 2390₮ болж 64,8 хувиар
  • дизель түлш 2190₮ байсан бол 3130₮ болж 42,9 хувиар
  • газ 970₮ байсан бол 1855₮ буюу 91,2 хувиар тус тус өсжээ.

Мөн нэг ам.доллар 2022 оны 3-р сард 2850₮ байсан бол 14 хоногийн дараа буюу өнөөдөр 3200₮ болсон гэв.

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

-Цалин хөлс дорвитой нэмэгдсэнгүй. Өргөн хэрэглээний барааны үнэ долоо хоногийн өмнө арай өөр байсан. Үнэ тариф долоо хоног бүр өөрчлөгдөж байна. Нөгөө талаар суурь үнэ хөдөлж байгаа гэсэн ч үүнийг далимдуулж үнэ дураараа нэмж байна. Тухайлбал, хил гаалиар орж ирж байгаа зарим бараа бүтээгдэхүүн яагаад 50 хувь илүү үнээр зарагддаг юм. Үүн дээр яг хаана, хэн ашиг нэмээд байгааг нь илрүүлэх хэрэгтэй. Мөн тодорхой үндэслэлгүй үнээ нэмсэн худалдаачин, нэгж байгууллагуудын барааг авахгүй байх эрх бидэнд бий.  Тиймээс цалин хөлсийг инфляцитай уялдуулж нэмэх шаардлагатай. Хил гаалийн асуудал цэгцэртэл хуулийн хүрээнд үүнийг шийдэх шаардлагатай байна гэв.

Leave a Reply

%d bloggers like this: