Б.Лхагвасүрэн: Ойрын саруудад 1-1.5 тэрбум доллар орж ирнэ, ханшийн дарамт арилна
“Монголын Эдийн засгийн чуулган-2022” Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганаар Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулах юм. Мөн өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах, хүндрэлийг хэрхэн боломж болгох талаар хэлэлцүүлгүүд өрнүүлж байна.
Эхний хэлэлцүүлэг “Шинэ сэргэлтийн бодлого-Эдийн засагт үүсч буй сорилт, боломж” сэдвээр үргэлжилсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Дэлхийн банкны макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирал Марселло Эстивао, ОУВС-гийн Монгол Улсад дахь суурин төлөөлөгч Юн Сок Хён, М Си Эс группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар оролцов.
Ингээд хэлэлцүүлэгт оролцогчдын зарим байр суурийг тоймлон хүргэе.
Хувийн хэвшил хийж болох төслийг төр авна гэдгээ л болъё
М-Си-Эс группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал: Хувийн хэвшлийнхэн байнга эдийн засгаа яаж томруулах вэ гэсэн мөдөөрөл өвөрлөж явдаг хүмүүс. Энэхүү эдийн засгийг томруулах хөтөлбөр Шинэ сэргэлтийн хөтөлбөрт багтаж чадсан байна гэж харж байна. Тийм учраас хувийн хэвшил энэ ачааг үүрэлцэх ёстой гэж үзэж байна. Мэдээж дайн цар тахлын онцгой үед өмнө нь болж байгаагүй нөхцөл байдал учир бүх зүйлийг таах аргагүй байгаа. Дэлхий даяар энэ хямралыг, инфляцийг яаж барих уу гэдэг дээр ажиллаж байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хувьд, хувийн хэвшил нь хийж болох төслөө хувийн хэвшлээр хийлгэчихээд, хувийн хэвшил хийж чадахгүй зүйлийг төр хийхээр хуульчилж, албажуулчихвал зөв гэж бодож байна. Тэгэхгүй бол хөрөнгө оруулагчид гадаад, дотоодын ч байсан ашгийн байгууллага. Тиймээс дэлхийн инфляц ийм байгаа үед хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг хайна. Инфляц өсөх үед хөрөнгө оруулалт буурдаг учир инфляцаас илүү үр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчид хайна. Харин Монголд бол боломж байгаа. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт сайтай учир боломжуудаа ашиглах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна.
Ерөнхий сайд Тавантолгойн станц бол ашигтай төсөл гэж хэлсэн. Төр өөрсдөө хийх гэж байгаа гэж ойлгосон. Хэрэв хувийн хэвшил сонирхоно гэвэл манай компаниуд энэ төсөл дээр олон жил ажиллаж байсан. Мэдээж санхүүжилт хамгийн хүндрэлтэй асуудал. Манай дотоодын банк санхүүгийн хадгаламжийн салбарт нийтдээ 15 их наяд байна гэж ойлгосон. Жишээлбэл, дотоодын хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээлээр дамжуулж хадгаламжийн хүүгээс илүү үр өгөөжтэй байвал бонд, хувьцаа гаргах хэлбэрээр дотоодын олон хадгаламж эзэмшигчид иймэрхүү төслийг сонирхох байх гэж бодож байна. Мөн Хөгжлийн банкны олон асуудлыг шийдэж сонгодог байдлаар хөгжүүлэх юм бол Хятадаас жилд 120-130 сая долларын төлбөр төлж авч байгаа тогийг орлуулж чадах юм бол эдийн засгийн чухал ач холбогдолтой төсөл гэлээ.
Ханшаа барина гээд нөөцөө шавхаад байж болохгүй
Монгол Улсад суугаа ОУВС-гийн суурин төлөөлөгч Юн Сок Хён: Монгол Улсын хувьд цар тахлын сүүлийн хоёр жилийн хямрал, цочролоо бүрэн даваагүй, сорилтуд байна. Дээр Орос-Украины дайны нөлөө, БНХУ-ын ковидын чанга бодлого эдийн засаг үлэмж нөлөөлж байна. Монгол Улсын валютын нөөц буурч байна. Үндсэндээ экспорт буурч, валютын нөөцөө багассаар байна. Монголбанк жилийн дотор 1.6 тэрбум ам.долларыг нөөцөөсөө гаргасан байна. Өнөөгийн хийж буй интервенц төдийлөн сайн үр өгөхгүй гэж харж байна. Мэдээж дотоод валютын арилжаагаа зохицуулахын тулд интервенц хийх шаардлага байгаа. Гэхдээ зохицуулалт зөв байх ёстой. Ханш өсөөд байвал ААН-үүдийг гадаад төлбөр тооцоонд эрсдэл үүсэх учраас аль болох болгоомжтой хандах хэрэгтэй. Ханшаа барина гээд нөөцөө шавхаад байж бас болохгүй.
Нөгөө талд төсвийн орлого, зарлагаа эргэн харах шаардлага үүсч байна. Түүхий эдийн үнэ байгаа үеийг бүрэн ашиглаж чадахгүй, төсвийн орлого тасалдах эрсдэл бий. Нүүрсний үнэ ковидын үеэс гурван дахин өсч, 320 ам.долларт хүрсэн. Гэхдээ хил гаалийн асуудлаас болж түүхий эдээ гаргаж чадахгүй байна.
Валютын арилжаанд лимит тогтоосон нь түр зуурын арга хэмжээ
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Цар тахал болон олон улсын геополитиктой холбоотой огцом шок манайд орж ирж байгаа. Үүнийг аль болох зөөлөн байдлаар шингээх боломж бидэнд байгаа. УИХ дээр хуулийн төсөл хэлэлцэх үеэр гишүүд ойрын хугацаанд манай гадаад валютын нөөц нэмэгдэх боломж, эх үүсвэр байна уу гэдгийг маш их асууж байсан.
Тэгвэл манай банкны систем энэ ондоо 600-700 сая ам.долларыг урт хугацаанд своп хэлцлээр авчрах төлөвлөгөөтэй байгаа гэдэг статистик мэдээллээ бидэнд өгсөн. Дээр нь, Эрдэнэт, Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй уул уурхайн компаниуд болон валютын орлоготой бусад компаниуд экспортын валютын бараа бүтээгдэхүүнийг урьдчилж зарах боломж байна гэдэг хариуг өгч байгаа. Тиймээс ирэх хоёр сарын хугацаанд Монгол Улсад 1-1.5 тэрбум ам.доллар урсан орж ирэх боломж харагдаж байна. Гол нь, бид энэ ажлыг амжилттай зохион байгуулах ёстой. Тэгж чадвал гадаад валютын нөөц энэ хэмжээгээр нэмэгдэнэ. Улмаар бид ханш болон гадаад валютын нөөц дээр дарамтгүй болно.
-Нэг хүнд өдөрт 300 ам.доллар өгч байна. 900 ам.доллар авахын тулд гурван өдөр болж байна. Энэ байдал чинь хэзээ хэвийн байдалдаа орох вэ Монголбанкны ерөнхийлөгч өө? /Заалнаас асуулт ирснийг чиглүүлэгч асуув/
Б.Лхагвасүрэн: Хэр хурцдаж, хэр намжихыг хэлж мэдэхгүй байна. Бидний хувьд бол хангалттай хэмжээний валютын нөөц байна. Одоо 3.3 тэрбум ам.долларын нөөц бий. Энэ нь 6-7арын импортын хэрэгцээг хангах дүн. Өнгөрсөн гуравхан сард 1.5 тэрбум ам.доллар гараад явсан. Тиймээс Төв банк нөөцөө хамгаалахын тулд орох, гарах сувагт түр зуурын арга хэмжээ авсан. Удахгүй энэ байдлаас гарна гэдэгт итгэлтэй байна.
Чуулганы эхний илтгэлийг Дэлхийн банкны макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирал Марселло Эстивао тавьсан юм. Тэрээр Монгол Улсын гадаад өр болон, инфляцын талаар анхаарах ёстой хэд хэдэн зүйлийг онцолсныг хүргэж байна.
Ази номхон далай бүсэд Монгол хамгийн өндөр гадаад өр, инфляцтай улс болсон
Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын бондын өр нэмэгдэж байна. Монгол Улс энэ бондоо дахин яриа хэлцэл хийх, тохиролцох оролдлого хийж байгаа. Гэхдээ та бүхний энэ өр нэмэгдсээр байвал өртөг зардал чинь маш өндөр болох болно. Монгол Улсын өр өнөөдөр Ази Номхон далайн бүс нутагтаа нэлээд өндөрт эрэмбэлэгдэж байгаа. Тодруулбал, Монголын гадаад өр ДНБ-ий 75 хувь байна. Энэ нь монгол шиг орны хувьд үлэмж өндөр хувь юм.
Монгол Улсын Төв банк Хятадын Ардын банктай своп хэлцлээ сунгах талаар ярьж байгаа. Зөвхөн энэ нь өр ДНБ-ий 12 хувийг эзэлж байна. Мөн Хөгжлийн банкны өр ДНБ-ий таван хувьтай тэнцэж байна. Энэ бүгд нийлээд үндсэндээ Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 80 хувьтай тэнцэж байна. Энэ бол Монголын орлогын түвшинтэй харьцуулахад хэт өндөр тоо болж байгаа юм.
Нөгөөтэйгүүр, Монгол Ази номхон далайн бүс дэх хамгийн өндөр инфляцтай орон байна. Төв банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэсэн хэдий ч бодит хүү нь инфляцыг оролцуулбал хасах тоотой гарч байна. Иймд Монолбанкны зүгээс инфляцыг мөнгөний бодлогоор хазаарлах зоримог алхам хийх шаардлагатай. Мөн Хятад улстай хилээ хааснаар төлбөрийн баланс сөрөг хандлагатай болчихлоо. Монголбанк гадаад валютын нөөцөө бууруулж байна. Үүнтэй холбоотойгоо валютын ханш түүхэн дээд хэмжээнд хүрч байгааг та бүгд харж байна. Төлбөрийн баланс валютын сангаас хамаараад муудаж байна. Үндсэндээ Монгол Улс хоёр ханштай улс болсон. Энэ хоёр валютын ханшийн зөрүү улам нэмэгдэж байна. Хоёр сарын өмнө зөрүү нь бага байсан, гэтэл өнөөдөр улам холдчихлоо. Валютын ханшийн хямрал ирж байна. Энэ нь эдийн засаг чинь болохгүй байна шүү гэсэн маш том дохио гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй. Иймээс макро эдийн засгийн маш үр дүнтэй менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй. Та бүхэн одоо юу хийхээ маш сайн мэдэж байгаа. Өмнө 2019 онд гадаад өрөө ДНБ-ий 20 хувьтай тэнцүүлж бууруулж чадсан. Бид буцаад ийм үзүүлэлт авч ирэх хэрэгтэй. Яг одоо энэ маш чухал.
Ерөнхий сайдын хэлсэн үгнээс харахад, энэ жил төсвөө сайн удирдах хэрэгтэй гэж байна. Монгол Улсад Баялгийн сангийн маш сайн хууль батлагдсан. Бид энэ сандаа өр хоорондын тэгш байдлыг хангах үүднээс хөрөнгөө хуримтлуулах хэрэгтэй. Төсвөө зүгээр л халамж, тэтгэмжид зарцуулах нь зохисгүй. Үүнийг хэлж байгаа багагүй инээдтэй л санагдаж байна. Учир нь Ерөнхий сайдын хэлж байгаа үг бол дунд хугацаандаа тэр чигтээ анхаарах зүйл. Миний хувьд үүнд урт хугацааны төсвийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв гэнэтийн савлагаа үүсэхэд төсөв хүчтэй нөлөөлнө. Дээрээс нь сайн мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн байж чадвал бид гадаад савлагаанаас өөрсдийгөө хамгаалж чадна. Мөн гол коридортоо хөрөнгө оруулалт хийх, тээвэр болон боомтын сэргэлтийг хангах чухал байна. Монгол Улсыг транзит монгол болгох бодлогыг баримтална гэдэг маш ухаалаг шийдэл. Мөн гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд хөрөнгө оруулалт болон эдийн засгийн засаглалаа сайжруулах хэрэгтэй байна. Үүний тулд банкны салбарын шинэчлэлийг хийх хэрэгтэй. Мөн эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг ил тод болгох хэрэгтэй.
Түүнээс гадна Монгол Улсын эдийн засаг нүүрсний экспортоос их хамааралтай. Нүүрсний эрэлт өнөө маргаашдаа биш ч урт хугацаандаа буурна. Иймд Монгол Улс бүтээмжтэй эдийн засаг, экспортын бүтцээ ямар байдлаар томьёолох вэ гэдгээ бодолцож үзэх хэрэгтэй” гэлээ.
Мэдээллийг бэлтгэсэн: Сэтгүүлч С.ОтгонБаян, Itoim.mn