Ж.Дэлгэрсайхан: Хөрөнгө оруулалтын дотоод орчноо сайжруулах нь эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд шийдэх арга
СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Шинэ сэргэлт” сэдвийн хүрээнд болж байгаа Монголын Эдийн засгийн чуулганы үеэр байр сууриа илэрхийлэхдээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийг эрчимтэй, хурдацтай сэргэх гол боломжийг олгоно гэдгийг онцоллоо.
Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого яг одоогоос эхэлбэл үр дүн нь дунд, урт хугацаандаа гарна гэж харж байгаа.
Засаглалын шинэчлэл нь “Шинэ сэргэлт”-ийн суурь өөрчлөлт байх болов уу.
Засаглалын чадамж, тогтолцоо, бодлого хэрэгжүүлэх чадавх нь эдийн засгийн хүндрэлийн нэг суурь асуудал гэж харж байгаа. Харин эдийн засгийг сэргээхийн тулд богино хугацаанд ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь өнөөдрийн чухал сэдэв гэдгийг тэрбээр санууллаа.
“Өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа.
Тийм учраас өнөөдрийн эдийн засгийн чуулганы гол зорилго нь энэ чиглэл рүү харах ёстой.
Мөн алт олборлолтоос гадна валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх, эдийн засгийг илүү эрчимжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт гэж яриад байгаа зүйлс дээрээ хэрхэн анхаарч, харьцангуй эрчимжүүлэх вэ гэдэг чухал.
Төсвөөр дамжуулан үнийн болон валютын ханшийн дарамт бий болгохгүй байх бодлого хэрэгжүүлэх, төсвийн тодотгол хийх, зардлыг маш үр ашигтай түвшинд байлгах зэрэг гарцыг хэлэлцэх болов уу гэж харж байна” хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан ярилаа.
Ялангуяа, хөрөнгө оруулалт татаж байгаа манай гол салбар болох уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өсөж, цаашид ч эерэг хандлагатай байх нөхцөл үүссэн энэ үед хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй байгааг сануулав.
Тэрбээр “Монголын хөрөнгө оруулалтын орчны хувьд татвар, үнэ дээр асуудал ярьдаггүй, гол нь тогтолцооны асуудал дээр түншүүд, Элчин сайд нар эргэлзээтэй байгаагаа байнга илэрхийлж ирсэн.
Бодлого нь тогтвортой бус, хэрэгжихээрээ дунд түвшинд алдагддаг, нэг шийдвэр бодлого нь нөгөөхөө үгүйсгэдэг, тогтвортой орчныг бүрдүүлж чадахгүй, хэлсэн амандаа хүрэхгүй байна гэдэг дээр гол гомдлууд зонхилдог. Тиймээс хөрөнгө оруулалтын дотоод орчноо сайжруулах нь эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд шийдэж чадах бөгөөд тулгамдсан гол асуудал гэж харж байна” гэлээ.