З.Оюунчимэг: Тайлангаа хоцроох, хуулийн заалтаа буруу бичих зэргээс болж ААН-үүд татварын 90%-ийн хөнгөлөлтөө эдэлж чадахгүй байна

Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг буцаан олгох болсон.

Энэ дагуу 2021 оны жилийн эцсийн тайлангаар 2,700 гаруй аж ахуйн нэгж 41.7 тэрбум төгрөгийг татварын буцаан олголтоор авахаар болсныг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны дарга З.Оюунчимэг хэллээ.

Тэрбээр “Татварын ёс зүй” хэлэлцүүлэгт “Татварын ёс суртахуун” сэдвээр илтгэл танилцуулав.

Илтгэлээ танилцуулах үедээ тэрбээр жижиг, дунд бизнес эрхлэгчид хуулийн боломжуудыг мэдэхгүйгээсээ үүдэн хуулийн хүрээнд татвараас хөнгөлөгдөж чадахгүй байгааг цохон тэмдэглэж байсан юм.

Жишээлбэл, цахим тайландаа татвараас хөнгөлөгдөх, чөлөөлөгдөх хүсэлтээ илгээх хуулийн заалт буруу бичих нь түгээмэл байна. Энэ шалтгаанаас л гэхэд 53 аж ахуйн нэгж нийт 381.9 сая төгрөгийн буцаан олголтоо авч чадаагүй байна. Харин хугацаанд нь төлөөгүйгээс шалтгаалж, 18 татвар төлөгч 267 сая төгрөгөө буцаан авах боломжгүй болжээ. Мөн дансны бүртгэл буруугаас 13 татвар төлөгч 319.1 сая төгрөгөө авч чадаагүйг тэрбээр илтгэлдээ танилцуулав.

Иймд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны дарга З.Оюунчимэг аж ахуйн нэгжүүдэд хандан дараах зөвлөгөөг өглөө.

90 хувийн хөнгөлөлт нь гэдэг нь татвараа 10 хувиар ногдуулж төлчхөөд, дараа нь 90 хувийг буцаан авна гэсэн үг. Үүнийг мэдэхгүйгээсээ болоод буруу тайлагнасан, эсвэл татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлтээ өгөхдөө, жишээлбэл 22.1 гэж бичих ёстой байтал 28.4 гэхээр цахим систем баталгаажуулахгүй болж, хөнгөлөлт чөлөөлөлтөө эдэлж чадахгүй болдог.

Мөн байгууллагын буцаан олголт авах ёстой байтал хувийн дансаа оруулсан байх нь бий. Үүнээс болж данс нь буруу гээд буцаагддаг. Энэ мэт энгийн зүйлсээс болж, хуульд байгаа бүх эрхээ ашиглахгүй байвал харамсалтай. Иймд татварын талаар сайтар мэдлэгтэй байх, эсвэл мэргэшсэн зөвлөхүүдэд хандан зөвлүүлэх боломжтой” гэв.

 

Мэдээллийг ikon.mn-ээс хүргэлээ.

Leave a Reply

%d bloggers like this: