“Монгол өглөөний цай ба хээрийн хоол”-ны зөвлөгөө мэдээллийг хүргэлээ
“Аялал жуулчлал – Бизнес хэлцэл” 2022 арга хэмжээ өнөөдөр боллоо. “Монголын Аялал Жуулчлалын Холбоо” ТББ-аас санаачлан “Зочлох үйлчилгээний салбарын сургалт хөгжлийн төв” Horeca Institute, “Монголын гастроном аялал жуулчлалын холбоо” ТББ-тай хамтран аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг жуулчны үйлчилгээний байгууллагууд, тур операторуудын туршлага солилцох юм.
Аялал жуулчлалын улирал эхэлж буй энэ үед зочид буудал, жуулчны бааз, тур оператор, ресторан, тээвэр, үзвэр үйлчилгээний байгууллагууд туршлага солилцохын зэрэгцээ 2022 онд хамтран ажиллах гэрээгээ нэг дор хийж, цаг заваа хэмнэх боломжийг олгож байгаагаараа энэхүү арга хэмжээ нь онцлог, давуу талтай юм.

“Таван богд” групп, “Бишрэлт” зочид буудал, “Гранд Хилл” зочид буудал, “Номадс Хоспиталити” ХХК, “М Жи Си Азиана” ХХК, “Говь” ХК, “Эвсэг” ХХК, “World wine”, “Монголын нууц товчоо” жуулчны бааз, “Говь тур” жуулчны бааз, “Женко тур”, “Тэрэлж Бридж Ресорт”, “The Bull” ресторан, “Little sheep” хот пот олон улсын сүлжээ ресторан гэх мэт жуулчны үйлчилгээний 80 гаруй байгууллага оролцлоо. Мөн тур оператор компанийн 200 орчим төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр “Монгол өглөөний цай ба хээрийн хоол” сэдэвт хоолны амталгаат танилцуулга болсон юм.

“Монголын гастроном аялал жуулчлалын холбоо”ноос Монгол уламжлалт зоогийг баяжуулж, байгалийн болон таримал үр тариа ашиглан 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг “өглөөний цай”-ны хүрээнд бэлтгэн гаргаж танилцуулж буй юм.
Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хоолны зэсдээ нэмж оруулах хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахад нээлттэй гэдгийг “Монголын гасроном аялал жуулчлалын холбоо”-ны Гүйцэтгэх захирал Ө.Мөнхсайхан онцоллоо.