Т.Жамбалцэрэн: Борлуулагдаагүй буудайн үлдэгдлийг 22.4 мянган тонноор шинэчлэн тогтоож улс худалдан авна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IV аян-Эх орны эрүүл хүнс” уриатайгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулганы “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн” боллоо. Зөвлөгөөнд салбарын үе үеийн 1000 гаруй зочид төлөөлөл оролцож, салбарынхаа чухал асуудлыг хамтдаа хэлэлцсэн юм.
Зөвлөгөөнийг нээж, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудал, сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа танилцуулав.
Бид хүн ардынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нэгэн зорилгын төлөө ажиллахад энэхүү чуулган, зөвлөгөөн чухал хувь нэмэр оруулах юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ 2 жил гаруй хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаагийн зэрэгцээ сүүлийн саруудад гадаад орнуудын хооронд үүсээд байгаа таагүй байдлын улмаас  тариалалтын ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал бий болоод байна.Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус яамны зүгээс тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр  холбогдох яам, агентлагуудтай хамтран ажиллаж зохих шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Юуны өмнө тариалангийн салбарт олгох хөнгөлөлттэй зээлийг 2 жилийн хугацаатай, нийт зээлийн 30 хүртэл хувийг дахин санхүүжүүлэх боломжтойгоор шийдвэрлүүлж гэрээ байгуулах ажлыг эхлүүлж байна. Энэхүү зээл нь хэрэгцээт үр, шатахуун,ургамал хамгааллын бодис, бордоо, техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, улмаар хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахад томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.
Түүнчлэн тариаланчдын гар дээр байгаа борлуулагдаагүй буудайн үлдэгдлийг 22.4 мянган тонноор шинэчлэн тогтоож улс худалдан авах, бүтээгдэхүүний борлуулалтын үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зорилгоор ХААДС болон  зарим гурилын үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж ойрын хугацаанд өглөгийг барагдуулахаар ажиллаж байна.

Та бүхэн  “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөс гарч байгаа зөвлөмжийн төсөлд тусгуулахаар олон чухал санал, шинэ санаа гаргаж ирүүллээ.
Энэхүү санал, дүгнэлтүүдийг үндэслэн дараах асуудлуудад анхаарал хандуулан цаашид төрөөс гарах  бодлогын баримт бичгүүддээ тусган хэрэгжүүлэхээр та бүхэнд танилцуулж байна. Үүнд:
-“Монгол Улсад газар тариалан эрхлэх систем”-ийг мөрдлөг болгон ажиллаж хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, зохистой сэлгээ, зөв ээлжлэн тариалалтыг сонгож дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх,
– Жил бүрийн ургацаас  100-гаас доошгүй  мянган тонн  хүнсний улаанбуудайг улс стратегийн нөөцөд худалдан авч тариаланчдын борлуулалтыг дэмжих;
-Тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, хөрсний үржил шимийг хамгаалах;
-Үр тариа, тэжээлийн болон сэлгээний таримлын нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр сортын тогтолцоог зах зээлийн харилцаанд нь шилжүүлж, шинэчлэн зохион байгуулах, Улсын үрийн нөөцийг мэргэжлийн яамны харьяалалд авах;
-Үр тарианы үтрэм, элеваторын багтаамжийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутагт шинээр элеватор байгуулах,
-Тариалангийн салбарт даатгалын оновчтой тогтолцоог сонгож нэвтрүүлэх, тариалангийн даатгалын хуультай болох;
-Диллер аж ахуйн нэгжүүдэд төрөөс урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах замаар санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж, хувийн өмчийн хөрөнгө оруулалтыг дэмжих, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх;
-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, цаг агаарын нөлөөллөөс ангид,  экологид ээлтэй, усанд хэмнэлттэй  технологи нэвтрүүлэх, услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлаж, шинэчлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
-Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн батлуулах, ургамал хамгааллын бодис, бордооны зохистой хэрэглээнд хяналт тавих, дотооддоо бордооны үйлдвэр байгуулахыг дэмжих, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг болно.
Та бүхний гаргасан саналыг нэгтгэж салбарын хэмжээний нэгдсэн зөвлөмжид оруулж батлуулах бөгөөд арга хэмжээнүүд нь төрөөс дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдаж салбарын хөгжлийг хангахад чиглэгдэх болно.

Цаашид хамтран хэлэлцэж гаргасан зөвлөмж, шийдвэрээ бүтээлчээр хэрэгжүүлэх, байгалийн эрсдэлийг бууруулах, тогтвортой арвин ургац хураан авч хүн ардаа эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр жигд хангах, импортын хараат байдлыг арилгахад  энэ салбарын ачааны хүндийг үүрч яваа  үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид та бүхний үүрэг оролцоо, манлайлал туйлын чухал байна.

Мөн зөвлөгөөний үеэр “Монгол орны дулааны улирлын ерөнхий төлөв”-ийн талаар Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Сарантуяа тариаланчдад мэдээлэл өглөө. Энэ мэдээллээс тариаланчдадаа анхааруулах гол зөвлөмжүүдийг хүргэе.
2022 оны дулааны улиралд агаарын температур олон жилийн дунджаас их, унах тунадасны хэмжээ бага байх урьдчилсан төлөв гарсан нь хаврын тариалалт цаг уурын тааламжгүй нөхцөлд хийгдэхийг харуулж байна. Тиймээс 6 дугаар сард бороо орох хүртэл буудайг ус чийгээр дутаахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. (Үр, талбайгаа бэлтгэх, сорт болон тарих хугацааг зөв сонгох). Энэ жилийн цаг уурын гандуу нөхцөлд тухайн орон нутагт зохицсон нутагшсан сортуудыг тариалах, ялангуяа ганд тэсвэртэй сортыг сонгож тариалах хэрэгтэй гэлээ.

Leave a Reply

%d bloggers like this: