АТГ-ын эзэмшлийн газарт баригдсан барилгын эзэн нь олдохгүй бол эмнэлэг болгоё

Хэд хоногийн өмнөөс цахим орчинд тархсан нэгэн барилгын зурганд олон нийт ундууцав. Тус барилга нь Хан-Уул дүүргийн XV хороонд байрлах 16 давхар барилга бөгөөд гол нь зохих стандартуудыг хангаагүй байгаад нийгмийн шүүмжлэл өрнөсөн. Тодруулбал, явган хүний замтай тулган барьсан, автомашины зогсоолгүй, хүүхдийн тоглоомын талбай, аюулгүй байдлыг бүрэн хангаагүй гэх олон стандартад бүдэрч байна. Дээр нь, хууль бус үйлдэлтэй, авлигатай тэмцдэг газар нь өөрөө газар эзэмшээд, хууль бусаар барилга барьжээ.

Тухайн барилгыг олон нийтийн зүгээс АТГ-ын ажилчдын орон сууц хэмээн урьдчилсан байдлаар дүгнээд буй. Гэвч тус байгууллагын зүгээс одоог хүртэл тайлбар өгөөгүй. Тухайн барилгын 850 мкв газрыг 15 жилийн хугацаатай ес болон түүнээс дээш давхар орон сууц барьж эзэмшихээр АТГ авсан гэдэг нь egazar.gov.mn цахим хаягаар баталгаажна. Мөн барилга барих зөвшөөрлийг 2018 онд олгосон байна. Ийн барилга баригдаж өдгөө ашиглалтад орох дөхөж буй.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн тухайн барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгалт хийгээгүй байгаа гэдгийг илэрхийлсэн. Учир нь НМХГ нь цар тахалтай холбоотойгоор төлөвлөгөөт шалгалтуудыг хойшуулсан байна.

Тухайн барилгын талаар санал, шүүмж нийгэмд өрнөөд удаж байгаа тул газрын эзэмшигч АТГ руу олон удаа утас цохиж, өнөөдөр биеэр очиж тодруулахаар очиход тайлбар өгөх хүн олдсонгүй. АТГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан “барилгын талаар тайлбар өгөхгүй” гэв.

Ингээд тус барилга АТГ-ын ажилчдын орон сууц мөн эсэх нь эргэлзээтэй үлдэв. Нийслэлийн захирагчийн албанд хүртэл энэ талаар мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Ийн тухайн барилгыг хариуцах эзэн, хариулт өгөх ч хүн олдсонгүй. Олон нийтэд шүүмжлүүлэхээс айсан уу, эсвэл үнэхээр эзэнгүй, хотын төвийн хаягдсан барилга болгохоор шийдсэн үү, мэдэхгүй.

Хэрэв хариуцах эзэн нь олдохгүй бол төр хурааж аваад эмнэлэг эсвэл цэцэрлэг болгоё. Учир нь, 2014 онд АТГ-ын ажилчдын гэх барилгын байрлаж буй Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрладаг Эрүүл мэндийн нэгдлийг нурааж 15 давхар орон сууц барихаар болсон байдаг. Эмнэлгийг нурааж орон сууц бариад болж байхад орон сууцыг эмнэлэг болгоход саад бага биз. Угаас улс даяар хэмнэлтийн горимд шилжээд байгаа учир төсвөөс зардал гаргахгүйгээр нэг сумаар хоёр туулай онож, эмнэлгийн хүртээмжээ нэмье!

 

Мэдээллийг бэлтгэсэн: itoim.mn нийтлэгч Л.Гантөгс

 

 

Leave a Reply

%d bloggers like this: