Б.Лхагважав: НӨАТ-ын 80 хувийг иргэдэд буцааж өгөх хэрэгтэй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ТОП-100 аж ахуйн нэгжийн захирал, төлөөлөгчтэй уулзлаа.
Засгийн газар энэ оны улсын төсвийг тодотгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Ерөнхий сайд тодотголын төслийг бизнес бизнес эрхлэгчдэд эрхлэгчдэд танилцуулж, саналыг сонсох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж байгааг Ерөнхий сайд онцолсон.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төсвийн тодотголын өргөн барих гэж байгаатай холбоотойгоор Төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгээс өмнө МҮХАҮТ-аар дамжуулан хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, мэдээлэл солилцох нь зүйтэй гэж үзлээ. Төсвийн тухай хуулийг шууд УИХ руу оруулахаас өмнө хэлэлцүүлэг хийх нь шинэ жишиг болох юм.
Эдийн засгийн идэвхжүүлэх гол бодлого нь төсвийн бодлого байдаг учраас аль болох илүү нээлттэй болгож чадвал эдийн засгийн реформ хийхэд нэмэр болно.
Импортын бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж, үнэ тогтоох боломж байхгүй. Гэхдээ үнийн өсөлтийг бууруулах эрх зүйн орчин бүрдүүлж, огцом өсөж буй бензин шатахууны үнийг тогтворжуулах боломжтой болсон.
Ханш болон бусад асуудал дээр Роснефт үйлдвэртэй ярилцаж, үнийг тогтвортой байлгах, валютын орох урсгалын нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Мөн Засгийн газар Монголбанкан дахь валютын нөөцийг бүрдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлж, орж ирэх валютын урсгалын наашлуулах зэрэг олон багц арга хэмжээ авсан.
Мөн мах, гурил үйлдвэрлэгч, бэлтгэгчдэд дэмжлэг болгохоор хөнгөлөлттэй зээлийн багц арга хэмжээг авч байна. Үүнд 100 орчим сая ам.долларыг төрөөс гаргаж байгаа.
Гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, бензиний үнийн асуудал бодлогоор оролцож, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах багц арга хэмжээ авсан.
Дээрээс нь элчин чихэр, цагаан будаа, ургамлын тосон дээр импортын гаалийн албан татварын таван хувийг түр хугацаанд тэглэх санал оруулж байгаа. Дотоодод ургамлын тос үйлдвэрлэх эрмэлзэлтэй аж ахуйн нэгжүүд байвал түүхий эдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх санал оруулна.
Хоёрдугаарт, төсвийн зардлыг хэмнэх багц арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
Төрийн үйлчилгээнд нийт 10 мянга гаруй автомашин ашигладаг. Тэгэхээр хот дотор дарга нар том оврын машин хэрэглэхгүй, зочин хүлээн авах зардал гаргахгүй, хурал зөвлөгөөнийг цахимаар хийнэ. Томилолтоор явахдаа бизнес ангиллаар нисэхгүй. Бизнес ангиллаар нисэх бол энгийн ангиллын тийзний зөрүүг тухайн албан хаагч өөрөө нэмж төлнө гэв.
Ингээд хувийн хэвшлийн төлөөллүүд үг хэлж, асуулт асуусан юм. Тэдний байр суурийг товчлон хүргэж байна.
“Заг” группийн Ерөнхий захирал Б.Нэмэхбаатар: Барилгын компаниудад тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг 100 хувь цахимжуулсан. Энэ ажлыг өмнө нь төрийн 14 албан хаагч гүйцэтгэдэг байсан бол одоо төрийн зарим чиг үүргийг холбоодод шилжүүлсэн. Б.Мөнхбаатар сайд энэ ажлыг их дэмжсэн.
Өмнө нь долоо хоногт цөөн тусгай зөвшөөрөл олгодог байсан бол тоо нь өслөө. Хамгийн гол нь дунджаар 10 сая төгрөгийн хахууль өгдөг байсныг бүр мөсөн халсан. Цахим системийг хоёр л хүн ажиллуулж байна.
Гэвч одоо авлига төрийн худалдан авалтад байсаар байна. Эрдэнэт, ЭТТ ковидын хуулийг түрүү барин, хаалттай гэрээ хийдэг. Эдгээр компанийн хийсэн гэрээг олон нийт хянаж чадахгүй байна.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав: НӨАТ-ын 80 хувийг иргэдэд буцааж өгөх хэрэгтэй. Одоо хорин хувийг нь өгч байгаа. Тэгэх юм бол иргэдийн гар дээр 400-500 тэрбум төгрөг очно. Энэ бол цалингаас авдаг татвар учраас өгөхөд болохгүй юм байхгүй.
Хоёрдугаарт, төр өөрийнхөө ажил, үйлчилгээний НӨАТ-ыг 100 хувь буцаагаад ав. Тэгэх юм бол ойролцоогоор 300-400 тэрбум төгрөг буцаан авч, үүгээр дамжуулан авлига хээл хахууль, төсвийн үргүй зардал нэлээд хумигдана.
Мөн нийслэлийг тойрсон Төв аймгийн долоон сумын Улаанбаатар хотын эзэмшилд авах хэрэгтэй. Долоон суманд яамдыг нэг нэгээр нь аваачаад ажиллуул. Аяндаа төвлөрөл саарч, нийслэлийн газар нутгийн хэмжээ нэмэгдэнэ.
Эцэст нь мөнгөний хуваарилалтаа дахин хийхдээ ил тод, нээлттэй хийгээрэй.
“Түмэн ойл инвест” компанийн төлөөлөл: “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй компаниуд Алтан гэрэгэ хүлээж аваарай гэж Засгийн газраас зарласан. Мөн эдгээр компаниудыг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэх үйлдвэрлэж экспортод гаргаач гэсэн. Манай компани Дорноговь аймгийн Мандах суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Гэтэл манай компанийн үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл сошиалд цацагдаж эхэлсэн.
Орон нутгийн 50-60 иргэн уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн. Бид төсөл хөтөлбөр, орон нутагт хийгдэх ажлуудаа ил тод танилцуулж байна.
Ерөнхий сайд аа таны хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Алтан гэрэгэ чинь төрийн хамгийн бага нэгж дээр унаад, хэрэгжихгүй байна. Багийн хэдхэн иргэний жижиг ашиг сонирхлын улмаас Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого унаад байгаа энэ асуудалд шийдэл олж өгөөч. Энэ асуудал ганц манайд биш, өөр компаниудад ч тохиолдсоор байна гэв.
Эдийн засагч Б.Лхагвасүрэн: “2013 онд Монголбанк 2.7 их наяд төгрөг хэвлэх ажилд Сангийн сайд Б.Жавхлан гар бие оролцсон. Энэ алдаагаа битгий давтаарай. Манай макро эдийн засагт томоохон цочроо үүсэх гэж байгааг эртнээс сануулах хэрэгтэй. НӨАТ-ын буцаан олголт одоо 2 хувь байгааг нэмэх нь зөв. Одоо хэрэгжүүлэх Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн бүх мэдээлэл ил тод байх ёстой. Өмнөх хөтөлбөрийн улмаас зарим хүн шоронд байна” гэсэн юм.
“Наран пойнт” компанийн захирал Д.Удвал: Бид ажиллах хүчний хомстол орж байна. Ямар ч байгууллагад хамгийн өндөр зардал нь цалин байдаг. Хувийн хэвшлүүд ажиллах хүчнээ булаалцалдсаар байгаад цалинг нь өндөр болгосон. Төрийн албан хаагчийн цалин бага байтал маш олон хүн ажиллаж байна. Тэгсэн хэр нь чадваргүй маш олон хүнийг төр ажиллуулж байдаг.
Хувийн хэвшлийн олгодог цалин хамаагүй өндөр болсон. Бид борлуулагч, түгээгчийн цалин өнгөрсөн жил дунджаар 1.2 сая байсан бол энэ жил 1.8 сая болгож нэмэгдүүлсэн. Гэсэн ч ажиллах хүн олдохгүй байна.
Жишээ нь, 70 хүнтэй төрийн байгууллагын захиргаа, хүний нөөцийн газар нь таван хүн ажилладаг. Гэтэл яг ийм тооны ажилтантай хувийн хэвшилд нэг л хүн захиргаа, хүний нөөцийн менежерээр ажиллаж байна.
Үүнээс үзэхэд Төр данхар бүтэцтэй, бүтээмж багатай нь харагдаж байна. Төрийн албан хаагчдыг цомхтговол тэр хүмүүс хувийн хэвшилд ажиллах боломжтой. Ялангуяа барилгын салбарт ажилчид олдохгүй байна. Барилгын ажил гүйцэтгүүлэх зардал гурав дахин өссөн тул зарим төслөө хойшлуулахад хүрсэн.
Уулзалтад Засгийн газрын бүх гишүүн оролцов. Сангийн сайд Б.Жавхлан: “Аливаа тусгаар улс бүр өөрийн Төв банктай байдаг. Төв банк мөнгө хэвлэх нь түүний бүрэн эрхийн асуудал” гэв.
Мөн ХНХ-ын сайд Н.Ариунзаяа: Манай улсад ажиллаж буй гадаад ажилчдын талаар мэдээлэл өгөв. 2011 од манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд нийт 30 мянган гадаад ажилчин байжээ. Харин одоо 5000 ажилтан байгаа аж. Гадаад ажилчдыг авчрах журамд өөрчлөлт оруулан, гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлжээ. Гадаад ажилчдын тоонд хязгаарлалт тавихгүй, төлбөрийг 50 хувийг хөнгөлсөн журам баталсан байна.
“Барс” группийн захирал Ч.Амарбаатар: Манай улс гурван чөлөөт бүстэй ч ажилладаггүй. Ажиллах боломжгүй. Тэгсэн хэр нь тус бүрдээ захирагчийн ажлын албатай. Үүн дээр Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах гэж байна. Дагаад бас нэг захирагчийн ажлын алба бий болно. Гэвч аль алинд нь асуудлаа ойлгодог мэргэжилтэн байдаггүй. Мэргэжлийн хүн байхгүй байгаа нь хамгийн том эмгэнэл болоод байна. Чөлөөт бүсүүд тус бүрдээ 20-30 ажилтантай.
Тиймээс чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба гэдэг нэг том байгууллагатай, нэг захирагчтай болж бусад нь орон нутагт ажилламаар байна. Чөлөөт бүс нэрийн дор 20-30 хүн Улаанбаатарт ажиллах ямар ч хэрэггүй.
Чөлөөт бүстэй холбогдоод ярихаар асуудлаа ойлгодог хүн төрд алга. Засаг бүгдийг нь хийнэ гэж дайраад байгаа нь ойлгомжгүй байна. Ашгүй чөлөөт бүсүүд нь эхнээсээ дампуурч байна.
Засгийн газраас сохор зоос авалгүйгээр тамхим, бизнес эрхлэгчид үүний төлөө ажилламаар байна. Ерөнхий сайд та цаг гаргаж бидний төлөөллийг хүлээж авч уулзаж, энэ талын ойлголттой болох хэрэгтэй.
“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан: Бүх хүнийг татвар төлөгч болгомоор байна. Өнөөдөр махны ченж, ноос ноолуурын ченж татвар төлж байна уу. Үгүй. Мөнгөө цахим руу шилжүүлж, банк санхүүгийн реформыг маш яаралтай хиймээр байна. Дэндүү удаан байна.
Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Дархан руу, Багшийн дээд, Цэргийн их сургуулийн Багануур руу явуул. Энд хотод юу хийлгээд байгаа юм Боловсролын сайд аа.
Архины онцгой татвараа хэзээ нэмэх вэ Сангийн сайд аа. 300 хувиар нэм. Социализмын үед архи талхнаас 20 дахин үнэтэй байсан. Гэтэл өнөөдөр нэг шил архи 6,000 төгрөг, талх 2,000 төгрөг. “Моя семья” ундаанаас хямдхан архитай учраас бүгд архи уугаад ажил хийх хүн олдохгүй байна.
Хотын түгжрэлийн шийдэхийн тулд бензиний онцгой татварыг 60 хувиар нэм гэлээ.
“Жүр Үр” компанийн дэд захирал Б.Мөнхзул: “Хэдий улсын төсөв хүнд байлаа ч боловсрол, эрүүл мэндийн салбарын зардлыг битгий танаараай гэж салбарын сайд нараас хүсье. “Монгол Улсад эрүүл, боловсролтой иргэн л хамгийн чухал”.
Манай улс “Роснефть” компаниас хамгийн их хэмжээний шатахуун авдаг, эхний арван худалдан авагчид багтдаг атлаа өндөр үнээр шатахуун авч байгааг анхаарна уу.
Үнийн өсөлтийг бууруулах арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэгчдийн НӨАТ-ыг бууруулж болох уу. Мөн репо санхүүжилтийг хөрөнгө оруулалт хийх зорилгоор олон компани авсан. Зээл төлөх хугацааг уртасгавал сайн байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нийслэлээс 500 км-ээс хол зайд үйл ажиллагаа явуулж байгаа бол татварын хөнгөлөлт үзүүлэхээр заасан. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд энэ зайг ойртуулах хэрэгтэй.
Төрийн ордонд хурал чуулан болоход зочдын өдрийн хоолонд нэг хүнд 70 мянган төгрөг, цайны завсарлагаар нэг хүнд 18500 төгрөгийн зардал гаргадаг гэсэн. Энэ бол их өндөр тоо. Хувийн хэвшил үүнээс бага зардлаар ажиллана. Төр үйлчилгээний ажлаа хувийн хэвшлээр хийлгэх хэрэгтэй.
ТОП 100 ААН-ийг тодруулан, бидэнд өргөмжлөл өгдөг. Үүнийхээ оронд ядаж ногоон пасспорт олгож болох уу? Бид улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулдаг.” гэв.
Ерөнхий сайд хариуд нь “Та бүхэн зардал бууруулна гэвэл бид хамтран ажиллахад бэлэн. Улс төрийн албан хаагчид ногоон пасспорттой байдаг. Яагаад ТОП 100 ААН-ийн захирлууд ногоон пасспорт авч болохгүй гэж? Би энэ талаар ГХ-ны сайдтай ярилцана” гэлээ.