Дэлхийн банк: Монгол Улс шуурганд зүг чигээ олоход эдийн засгийн реформ чухал байна
Өнөөдөр Дэлхийн банкнаас Манай улсын эдийн засгийн төлөв байдлын мэдээлэл өглөө. Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшсан бол 2021 оны эхний улиралд хурдацтайгаар тэлсэн. Тэгсэн хэдий ч өмнөх оны сүүлийн 3 сарын улиралд эдийн засгийн өсөлт саарч 2021 оны нэгдсэн дүнгээр 1.4 хувьтай гарлаа.
Монгол Улсын болон БНХАУ-ын хил хоорондын боомтууд дээр гарч буй хүндрэл, түүнчлэн Орос- Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь 2022 онд эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.5 хувьд хүргэж болзошгүйг Дэлxийн Банкнаас онцоллоо.
Манай улсын экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ харьцангуй өндөр байна. Мөн түүнчлэн Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг дэмжих өргөн цар хүрээтэй арга хэмжээ авсан боловч хилийн боомтуудын үйл ажиллагааны тасалдал нь гадаад худалдааны болон логистикийн хүндрэл үүсэж, улмаар эдийн засгийн өсөлтийг сааруулж байна. Үүнд 2022 оны 3-р сард жилийн инфляц 14.4 хувьд хүрч, өрхийн бодит орлого болон хэрэглээг бууруулсан гэж тайланд тусгажээ.
Орос- Украины дайн манай улсын гадаад эрсдэлийг нэмэгдүүлснээр гадаад валютын эрэлт өсөж, гадаад валютын албан нөөц буурсныг мөн дурдсан байна.
Өмнөх оны эдийн засгийн өсөлтөд үйлчилгээний болон уул уурхайн салбарын сэргэлт чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ уул уурхайн салбарын эерэг нөлөө нь 2021 оны 1-р улирлаас хэтрээгүй болохыг эдийн засгийн тоймд онцосон юм. Эдийн засгийн өсөлтийг эрэлт талаас нь задлан үзвэл дотоодын хөрөнгө оруулалт, үүний дотор уул уурхайн салбарын бараа материалын нөөцийн өсөлт бүрдүүлсэн гэлээ. Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлсэн ч гэсэн хувийн хэрэглээ 2021 онд 4 хувиар буурсан байна. Гадаад худалдаанд тулгарсан саад бэрхшээл нь Монгол Улсын уул уурхайн салбарын экспортыг хязгаарлаад зогсохгүй дотоодын үйлдвэрлэлд нэн шаардлагатай орц, завсрын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулсаныг мөн онцоллоо.
Оюу Толгойн ордын гүний уурхайн олборлолт 2023 оны 2-р хагаст эхлэх тул МУ-ын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд буюу 2023-2024 онуудад хурдсаж 6 орчим хувьд хүрэх төлөвтэй байна.
Сүүлийн 2 жилийн хугацааны төсвийн тэлэлт нь бодлогын орон зайг хумиад зогсохгүй, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж улмаар урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Үүнд өндөр өртөгтэй халамжийн хөтөлбөрүүдийг хэт хавтгайруулан хэрэгжүүлсэн нь 2021 оны төсвийн зарлагыг огцом өсгөсөн. Ковид-19 цар тахалтай тэмцэх, мөн эдийн засгийг дэмжих чиглэлээр төсвийн хүрээнд авсан арга хэмжээ нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлж, ДНБ-ний 92 хувьд хүргэжээ. /Монголбанк болон Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг оруулж тооцоолсон байна/
Төсвийн нийт алдагдал ДНБ-ний 3.1 хувьд хүрч буурсан нь хугацаа хэтэрсэн татварын өрийг барагдуулсны нэг удаагийн нөлөө /ДНБ-ний 2.3 хувьтай тэнцэх/ мөн түүнчлэн Хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлсэнтэй холбоотой юм. Тус сангийн хөрөнгийг ийнхүү зарцуулсан нь төсвийн хүрээ болон урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна гэдгийг онцолж байсан юм.
Дэлхийн Банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев: “Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, инфляц огцом өссөн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгараад байна” хэмээн хэллээ. Мөн эдийн засгийн тогтворгүй байдал, мөн тулгараад байгаа эрсдэлүүд нь макро эдийн засгийн бодлогод зайлшгүй тохиргоо хийх шаардлагатайг анхаарууллаа. Тодруулбал, Инфляцыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилтын хүрээнд тогтворжуулах, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлэхэд анхаарах нь зүйтэй байна. Үүнээс гадна МУ-ын хувьд олон тулгууртай бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.
Монголбанкны хувьд инфляцыг тогтворжуулах бодлогод өндөр ач холбогдол өгч, бодлогын хүүг нэмэгдүүлэх, төсвийн шинж чанартай үйл ажиллагааг шат дараатайгаар хумих, гадаад секторын сөрөг нөлөөг гадаад валютын ханшийн өөрчлөлтөөр бууруулах шаардлагатай байгааг мөн онцоллоо.
Мөн Монгол Улсын гадаад болон дотоод өрийг зохистой түвшинд хүргэн тогтворжуулахын тулд төсвийн тэнцвэрийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд: Нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлснээр төсвийн алдагдлыг бууруулаад зогсохгүй орлого багатай өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх боломжтой болно. Дэлхийн банкны тойм нь дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих реформууд, тухайлбал, худалдааны болон тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлэх, дотоодын бизнесийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэйг байгааг онцолж байлаа.
Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану: Нийлүүлэлтийн талаар эхэлж тайлбарлах нь зүйтэй байх. Нийлүүлэлтийн тухайд цар тахлаас шалтгаалж зарим нэг хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2021 онд уул уурхайн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй. Эрэлтийн тухайд өрхийн хэрэглээ улам бүр хумигдсан. Өрхийн хэрэглээ буурсан нь нийт хэрэглээ болоод эрэлтийг багасгахад нөлөөлсөн. 2021 онд бодит экспорт буурсан учраас дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувьд хүртэл нүүрсний нөөц хуримтлагдсан байна. Цаашлаад өрхүүд хоол, хүнсэнд зарцуулах зардлаа хадгалахын тулд бусад төрлийн зардлаа маш их хэмжээгээр танажээ. Мөн үүнийгээ дагаад өрхийн хуримтлал ч буурсан.
Судалгаанаас үзэхэд дундаж болон өндөр орлоготой өрхүүд энэ хугацаанд хуримтлал, хадгаламжаа өсгөсөн байна. Харин орлого багатай өрхүүдийн хувьд хүнсний хэрэглээ их хэмжээгээр нэмэгджээ.
Хөдөлмөрийн зах зээлийн хувьд 2021 оны эхээр үйлчилгээний салбар цохилтод маш ихээр нэрвэгдсэн. Ажлын байр хорогдсон ч цар тахлын хязгаарлалт сулрахын хэрээр хөдөлмөрийн зах зээл эргээд сэргэж эхэлсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд ажлын байрыг хадгалахад үр дүнгээ өгсөн. Хэрэв Засгийн газар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол ажлын байр маш ихээр хорогдох байсан. Бидний тооцооллоор хөтөлбөрийн үр дүнд үндсэндээ 160-238 мянган ажлын байрыг хадгалж чадсан байна гэлээ.