Инфографик: Монголын хүн амын 2.5 хувь нь гадаад улс руу дүрвэжээ
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын тоо баримтад дурдсанаар 2020 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 3.5 хувь буюу 272 сая хүн төрсөн нутгаа орхин өөр улсад дүрвэн амьдарч байна.
1990 онд Монгол Улсын нийт хүн амын 1.12 хувь буюу 24 мянга гаруй хүн өөр улсад ажиллаж, амьдрахаар эх орноо орхин дүрвэсэн аж. Монголоос дүрвэсэн иргэдийн тоо 2020 онд 82 мянга болж, хүн амын 2.5 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 жилд Монголын нийт хүн амд эзлэх дүрвэсэн иргэдийн тоо 124 хувиар өссөн байна. Энэ нь 2020 оны байдлаар дэлхийд 30-т эрэмбэлэгдэх муу үзүүлэлтэд багтжээ.
Түүнчлэн, 2019 оны байдлаар Монгол Улсын 100 мянган хүн тутмын 134.82 нь аль нэг гадаад улсаас орогнол хүсжээ. Гэтэл хүний Эрх чөлөөний индексээр сүүл мушгидаг, хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг гэгдэх Иранд энэ тоо 96.12, ОХУ-д 30.24, БНХАУ-д 7.22, Хойд Солонгост 0.81 байна.
Ганцхан жишээ, Японд эдийн засгийн чиглэлээр сурч, төгссөн найз маань мэргэжлээрээ ажиллахаар гурван жилийн өмнө эх орондоо ирсэн. Тэндээ бол мэргэжлээрээ Японы хамгийн том компаниудын нэгд өндөр цалинтай ажил хийж, ер нь бол хөлөө олчихсон явсан л даа. Ирэх болсон гол шалтгаан нь эхнэр хүүхэдтэйгээ хамт байх. Охиноо монгол ахуйд, эх хэлээрэй хүн болох ёстой гэж үзсэнийх. Гэтэл саяхан эхнэр хүүхдээ дагуулаад Япон явах онгоцны тийзээ захиалсан, “bye party” хийх гэж байгаа талаараа дуулгах гэж ярив. Шалтгаан нь, энд мэргэжлийг нь үнэлдэггүй, цалин бага, өдөр бүр хичээж, шударгаар зүтгэсэн ч өөдлөх боломж алга, үргэлж хараа хяналттай байсан ч хүүхэд өсгөх орчин, нөхцөл тийм тааруу, ер нь бол гадаа тоглож байгаад л машинд дайруулж үхэх аюултай, тоглох ч газаргүй, дээр нь замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал гээд стресстэх, бухимдах шалтгаан олон гэв. Өнгөц харахад ганцхан айл бусдын л адил илүү дээр боломжийн төлөө гадагшаа явж байгаа боловч нөгөө талдаа Монгол Улс өндөр боловсрол эзэмшсэн, ихийг хийж бүтээх боломжтой нэг шилдэг боловсон хүчнээ алдаж байгаа нь хамгийн харамсалтай.
Үнэндээ харь орныг зорьж буй нь ганц энэ хүн биш. Өнөөдөр залуус бараг бүгд л гадагш тэмүүлж байна. Тэдний дийлэнх нь ядаж байрны урьдчилгаа хийх хүртлээ ар гэр, үр хүүхдүүдээ ардаа үлдээх аав нар. Харьд очоод гэр бүлээ нэг нэгээр татаж, тэндээ шингэсээр хилийн чанадад төрсөн монголчуудын гурав дахь үе аль хэдийнэ бий болсон.
Тэгвэл сүүлийн 20 жилд өрхийн сарын дундаж орлого 108 мянгаас 1.5 сая төгрөг болж, 8.3 дахин, нэг хүнд ногдох ДНБ 485 ам.доллараас 4128 ам.доллар болж, 8.5 дахин өссөн аж. Гэтэл өрхийн сарын дундаж зарлага орлогоо давж, дийлэнх нь хуримтлал үүсгэж чадахгүй байна. Эндээс харахад, амьжиргаагаа дундаж давхаргад дөхүүлэх зорилго өвөрлөсөн залуус Монголоос гадагшаа тэмүүлэх урсгалыг бий болгож байх шиг.
Хамгийн гол нь, дээр дурдсан дайнд нэрвэгдсэн Сири, Өмнөд Судан, Украиныг эс тооцвол Венесуэл, Казахстан, Ирак, Гондурас, Мьянмар, Шри-Ланка, Зимбабве тэргүүтэй эдийн засаг, улс төрийн хувьд олон жил хямрал үргэлжилсэн орны иргэд хамгийн ихээр гаднын улсууд руу дүрвэжээ.
Венесуэлийн хувьд 2015 онд нийт хүн амынх нь 2.36 хувь гадаад улс руу дүрвэсэн бол 2020 онд буюу тавхан жилийн дотор энэ тоо 19 хувь болж өсжээ. Хамгийн харамсалтай нь, Венесуэлээс дүрвэгчдийн дийлэнх нь эд хөдөлмөрийн насны, гадаадад очоод үнэлэгдэж чадах боловсролтой залуус байгаа юм.
Товчхондоо улс төр, эдийн засгийн хямрал удаан үргэлжилсээр байвал хамгийн сор болсон залуус нь богинохон хугацаанд шигшигдэн оддог аж. Эцэстээ сэхээтэн залуус нь дүрвэн одсон орнууд бусдын тоглоом болж, тусгаар тогтнолтойгоо бүтэн үлдэх эсэх нь дээсэн дөрөө дээр тулж ирдгийг Украин, Сирийн жишээнээс бид өнөөдөр харж байна.
Тиймээс ердөө 3.3 сая монголчууд энхийн цагт ийм олноороо эх орноо орхин дүрвэж байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх ёстой асуудал юм. Мөн бид өөрсдөө энэ үнэ цэнээ хэрхэн мэдэрч байгааг залуусын Төв талбайд барьж жагссан “Эх орондоо шударгаар өрсөлдөж, сайхан амьдармаар байна” гэх лоозонгоос харах ёстой хүмүүс нь мэдэрсэн биз.
Мэдээллийг itoim.mn сайтын нийтлэгч: О.Мөнхбат