МЗХ: НДШ төлсөн бол урьдчилгаагүйгээр орон сууцны зээлд хамрагдах боломжийг судалж байна

Монголын Залуучуудын Холбоо/МЗХ/ноос нийгмийн даатгалын үр өгөөжийн талаарх мэдээ мэдээллийг нэмэгдүүлж, залууст ээлтэй болгох талаар санаачилга гаргаж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг хийсэн. Тэгвэл тус зөвлөлд МЗХ-оос төлөөллөө оролцуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Зөвлөлд МЗХ-оос төлөөлөл орсноор залуусын нийгмийн асуудлыг НДШ-ээр дамжуулан шийдэх боломжтой гэв.

МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд төлөөллөө оролцуулах хүсэлтэй байна. Ингэснээр Нийгмийн Даатгалын Сангийн үр өгөөжийг залууст ээлтэй болгох санаачилга гаргаж байна. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг залуусыг оролцуулан 21 аймаг, есөн дүүрэг буюу улсын хэмжээнд зохион байгуулахыг УИХ-ын дарга болон УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл бол НДС-г удирдаж, зохион байгуулдаг байгууллага. Тэд сүүлийн 30 жил ажлаа хангалтгүй хийлээ.

Шаардлагатай бол МЗХ салбар зөвлөлүүдээрээ дамжуулан бүх газарт Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулж өгье.

Залуус нийгмийн даатгалын үр тус, ашиг шимийг мэдэхгүй байгаагаас төлөх ч сонирхолгүй байна. Иймд шимтгэл төлснөөр ямар үр өгөөжийг хүртэх талаар санаа бодлыг нь тусгуулах хэрэгтэй. Бид төлөөд байдаг ч хэзээ үр ашгийг нь хүртэхээ мэддэггүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг өвлүүлдэг болъё, тодорхой хугацаанд төлсөн бол урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцны зээлд хамрагдах боломжийн талаар бид судалж байна. Энэ мэтчилэн Нийгмийн даатгалын санг зөв зохион байгуулбал залууст ихээхэн үр өгөөжтэй байх боломжтой гэлээ.

МЗХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Хонгор: Нийгмийн даатгалын харилцаанд залуусын төлөөлөл байдаггүй. Шимтгэл төлдөг залууст үр өгөөжгүй, үр өгөөжийг нь ч тооцдоггүй. Үүнийг халахын тулд МЗХ-оос ажлын санал гаргаж байгаа. Заавал 60 нас хүрч байж НДС-аас тэтгэвэр авдаг бус залуу насандаа, гэр бүл болохдоо НДС-аас нэг удаа дэмжлэг авдаг байя. Тухайлбал, орон сууц худалдаж авахдаа урьдчилгаа төлбөрийг НДС-аас гаргуулах, сурч боловсрохдоо төлбөрөө НДС-аас авдаг байя. Үүнийг шийдэх боломж бий. Гагцхүү үүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин л байхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: