Түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс 7 санал гаргалаа

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-ийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт замын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай зөвлөх инженерүүд, судлаач эрдэмтэд, холбогдох албаны төлөөлөл  оролцов. Энэхүү хэлэлцүүлэг нийслэлийн 204 хороонд нэгэн зэрэг өрнөж байгаа бөгөөд иргэд санал өгөх боломжтой юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн Улаанбаатар хотын түгжрэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарц гаргалгааны талаар мэдээлэл өгсөн.

Тэрбээр нийслэлд замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 17 төрлийн суурь судалгаа хийгдээд байгааг дурдаад, тэрхүү судалгаанд тулгуурлан танилцуулсан юм. “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг” буюу дунд хугацааны хөтөлбөр нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Дунд хугацааны хөтөлбөр нь түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлэх Хот байгуулалтын талаарх бодлого,  Авто замын талаарх бодлого, Зам тээврийн хөдөлгөөн зохион байгуулалт, хууль дүрмийг мөрдүүлэхтэй холбоотой бодлого гэсэн гурван үндсэн зорилгыг агуулсан байна.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс нийслэлийн төвлөрлийг сааруулж, хаяа дагуул хотуудыг яаравчлан байгуулж, хөгжүүлэх, оргил ачааллын үед хувийн унаагаар зорчиход зохицуулалт хийх, тусгай замын автобус зорчуулдаг болгох, дунд хугацааны хөтөлбөрийг хууль, тогтоомж, бусад төсөл хөтөлбөртэй уялдуулах, түгжрэл бууруулах ажилд хувийн хэвшлийн хүч, хөрөнгийг татах зэрэг саналыг хэлж байлаа.

Иргэд болон эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, инженерүүд та бүхэн “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-тэй дараах холбоосоор танилцах боломжтой. Мөн саналаа ЭНД дарж өгөөрэй.

 Түгжрэлийг бууруулахад дараах арга хэмжээг авна гэжээ.

-Улаанбаатар хотод жилд 10 мянгаас хэтрэхгүй тээврийн хэрэгсэл бүртгэх

2021 оны байдлаар Улаанбаатар хотод 654 мянган гаруй тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд жилд дунджаар 15 хувиар өсдөг. Энэ хэвээр өсвөл 2025 онд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо 1.2 сая хүрнэ. Хэрвээ таван жилийн хугацаанд хотод жилд 10 мянгаас хэтрэхгүй тээврийн хэрэгсэл бүртгэвэл тээврийн хэрэгслийн жилийн дундаж өсөлт 11 хувь болж буурна.

-Долоон жилээс дээш насжилттай тээврийн хэрэгсэлд өндөр татвар ногдуулах

Автомашины насжилт өндөр байх тусам утаа их ялгарч, орчны агаарыг бохирдуулан хүлэмжийн хийн түвшинг ихэсгэдэг. Жил бүр арван жилээс дээш насжилттай тээврийн хэрэгсэл 5-6 хувиар өсдөг аж. Энэ тооцооллоор арваас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн тоо 40 хувиар өснө, үүнийг дагаад хүлэмжийн хийн түвшин гурав дахин ихэснэ гэсэн тооцоо гарчээ. Долоон жилээс дээш насжилттай тээврийн хэрэгсэлд өндөр татвар ногдуулснаар 2028 онд хүлэмжийн хийн түвшин 10-15 хувь буурна.

-Нийтийн тээврийн төвлөрсөн буудлуудад шилжин суух зогсоол байгуулах

Нийтийн тээврийн чиглэлийн сүлжээ төлөвлөлт оновчтой зохион байгуулалтад орохгүй тохиолдолд иргэдийн нийтийн тээвэрт зарцуулах хугацаа 15-20 хувиар нэмэгдэнэ. Тиймээс шилжин суух зогсоол байгуулах газруудыг тогтож, газар чөлөөлөлтийг ажлыг 2022 онд зохион байгуулах. 2022-2024 онд нийтийн тээврийн шилжин суух зогсоол байгуулах бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах. Нийтийн тээврийн дамжин суух буюу богино эргэлтийн гормын сүлжээ төлөвлөлт шилжүүлэх. 2023 онд 2 зогсоол, 2024 онд 2 зогсоол, 2025 онд 2 зогсоол барьж байгуулах.

-Нийслэлд борлуулж буй шатахуунаас өндөр татвар ногдуулах

Улаанбаатар хотод борлуулагдаж байгаа шатахууны хүхрийн агууламж бусад орныхоос 10 дахин их байна. Япон, Европ, Америкт хэрэглэгдэж буй шатахууны хүхрийн агууламж нь 10-150 ppm-тэй байдаг боловч манай улсад импортлогдож буй шатахууны хүхрийн агууламж нь бензинд 100-300 ppm, дизельд 1400 ppm байна. Тиймээс шатахууны борлуулалтад татвар ногдуулах шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, нийслэлд борлуулагдаж байгаа нэг литр шатахуун тутамд нэг хувийн татвар ногдуулна. Ингэснээр нийслэлийн автозамын сангийн хөрөнгийн хэмжээ 10-15 хувиар буурна.

-Зогсоолын төлбөрийг нэмж, стандартыг сайжруулах

-Хэрэв хотын төвийн авто зогсоолын 1 цагийн төлбөр 1.500₮ болвол иргэдийн 40% буюу 188.1 мянган автомашинаар замын хөдөлгөөнд оролцдог иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэхийг илүүд үзэхээр байна. Үнийг 2.000₮ дээш болгоход 72% нь машинаасаа буух хандлагатай байна гэж тооцоолжээ. Үүний хүрээнд, Авто зогсоолын нэгдсэн стратеги, төлөвлөгөө боловсруулах, стратеги төлөвлөгөөнд үндэслэсэн үнэ тариф, төлбөр хураамжийн тогтолцоог бий болгох, зогсоол төлөвлөх стандарт, гарын авлага, ашиглах үйл ажиллагааны журам зэргийг шинэчлэн боловсруулах зэргийг авч хэрэгжүүлэх боломжтой.

-Багтаамж сайтай зогсоолтой болох

Багтаамж сайтай зогсоолыг эрэлт өндөртэй байршлуулад төлөвлөснөөр хотын төвийн бүсийн оргил цагийн ачаалал 20 хувиар буурна. Үүний хүрээнд, байршлыг тодорхойлох, зогсоолуудын үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган зогсоол байгуулна.

-Нийтийн тээврийн төвлөрсөн буудлуудад шилжин суух зогсоол байгуулах

Нийтийн тээврийн чиглэлийн сүлжээ төлөвлөлт оновчтой зохион байгуулалтад орохгүй тохиолдолд иргэдийн нийтийн тээвэрт зарцуулах хугацаа 15-20 хувиар нэмэгдэнэ. Тиймээс шилжин суух зогсоол байгуулах газруудыг тогтож, газар чөлөөлөлтийг ажлыг 2022 онд зохион байгуулах. 2022-2024 онд нийтийн тээврийн шилжин суух зогсоол байгуулах бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах. Нийтийн тээврийн дамжин суух буюу богино эргэлтийн гормын сүлжээ төлөвлөлт шилжүүлэх. 2023 онд 2 зогсоол, 2024 онд 2 зогсоол, 2025 онд 2 зогсоол барьж байгуулах.

Эдгээрээс гадна дугуйн зам, явган хүний зам, нүхэн гарцыг нэмэх, гэрлэн дохио шинэчлэх саналуудыг тусгасан байна. Мөн Нисэх-Сансар, Шархад-Толгойт, 7 буудал-Хүүхдийн ордон чиглэлд хөнгөн галт тэрэг нэвтрүүлж, дүүжин тээврийг 2024 онд ашиглалтад оруулахаар тусгажээ.

 

Leave a Reply

%d bloggers like this: