Даатгуулагчдын 60 хувь нь НДШ-ийн буцаалтад хамрагдах боломжтой
Засгийн газраас 2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэж эхэллээ. Засгийн газар тодорхой хэмнэлт хийж, хэмнэсэн эх үүсвэрийг иргэдийн амьжиргааг дэмжихэд зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд хувийн хэвшлийн байгууллагын ажилчны төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох асуудал тусгагдсан. НДШ-ийг энэ он дуустал буцаан олгох шийдвэр гарсан ч хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байв. Өнөөдөр Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд энэ шийдвэрийг дэлгэрэнгүй танилцуулав.
Тодруулбал 1 сая хүртэл төгрөгийн цалинтай, төр болон хувийн хэвшлийн бүх ажилтны төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно гэв. Тухайн сард төлсөн НДШ-ийн буцаан олголтыг дараа сард нь олгоно. Буцаан олголтыг зөвхөн ажилтанд олгоно, ажил олгогчид олгохгүй, бүх даатгуулагчийн НДШ-ийг буцаан олгох боломжгүй гэж Сангийн сайд тайлбарлав.
Тэгэхээр 1 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэдэд энэ шийдвэр хамаарахгүй.
ЯАГААД НЭГ САЯ БОЛОВ?
Уг шийдвэр нь үнийн өсөлтөд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа бага цалинтай иргэд рүү чиглэжээ. Үндэсний статистикийн хорооноос 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.4 сая төгрөг болсон.
Энэ цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулан, таллан хувааж үзвэл ажиллагсдын сарын дундаж медиан цалин 1.1 сая төгрөг байна /2022.03.16/ гэж мэдээлсэн юм.
Манай улсад нийт 1 сая 170 мянган иргэн ажил хөдөлмөр хийдэг. Гэвч Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 46.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 719 мянган ажиллагч хамрагджээ.
Тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 24.7 хувь байна.
Монголын үйлдвэрчний эвлэл /МҮЭ/-ээс нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгохдоо аж ахуй нэгж, байгууллагаар нь хязгаарлах бус ажилтны цалингийн хэмжээгээр хязгаарлах нь зүйтэй гэдэг санал оруулж ирсэн байна.
Засгийн газрын хуралдаанаар уг саналыг үндэслэж нэг сая ба түүнээс доош цалинтай төр болон хувийн хэвшлийн бүх ажилтны төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгохоор тодотголд тусгаж, УИХ-д өргөн барьсан байна.
Үндэсний статистикийн газрын мэдээлснээр 2022 оны гуравдугаар сарын байдлаар нийгмийн даатгалд даатгуулагч 891.825 иргэн бүртгэлтэй байна. Үүний 784.354 нь албан журмаар даатгуулагч,107.471 нь сайн дураар даатгуулагч байгаа аж.
Даатгуулагчдын хувьд сарын цалин сая ба түүнээс доош бол төлсөн НДШ-ийнхээ 50 хувийг сар бүр авах боломжтой гэсэн үг. Ойролцоогоор албан журмаар даатгуулагчдын 60 гаруй хувь буюу 500 мянга гаруй иргэн НДШ-д төлсөн тавтварынхаа 50 хувийг буцаан авах боломжтой байна.
Нийгмийн даатгалд даатгуулагчдын: /2021 оны эцсийн байдлаар цалингийн хэмжээ/
-12.5 хувь нь 420 мянган төгрөг хүртэлх цалинтай
-22.9 хувь буюу 420-700 мянган төгрөгийн цалинтай
-16.4 хувь буюу 700-900 мянган төгрөгний цалинтай
-14.9 хувь нь 900-1.100 сая төгрөгийн цалинтай байна.
Харин нэг сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагч 33 хувь 200 мянга гаруй иргэн байгаа бөгөөд эдгээр иргэд НДШ-ийн 50 хувийн буцаан олголтод хамрагдах боломжгүй гэсэн үг юм.