​ОУВС: Монголын эдийн засаг 2022 онд хоёр хувиар өснө

ОУВС мягмар гаригт “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал” судалгааны 2022 оны төлөвийг шинэчлэн танилцууллаа.

Тухайлбал, ОУВС-гийн эдийн засагчид дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 болон 2023 онд 3.6 хувиар өснө гэж тооцсон байна. ОУВС өнгөрсөн нэгдүгээр сард дэлхийн засгийн өсөлт 2022 онд 4.4 хувь, 2023 онд 3.8 хувиар өснө гэж тооцож байв.

Ийнхүү ОУВС шинэчилсэн төлөвтөө дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2022 онд өмнөх нэгдүгээр сарын тооцооноос 0.8 хувь, 2023 онд 0.2 хувиар тус тус бууруулж тооцсон байна.

2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг эдийн засаг болон газар зүйн бүс нутгаар авч үзвэл:

ОУВС-гийн эдийн засагчид 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв 2 хувиар өснө, ирэх онд 7 хувь байна гэж тооцсон байна.

Харин манай урд хөрш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2022 онд 4.4 хувиар өснө гэж тооцжээ. Харин дайн хийж буй манай хойд хөрш ОХУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд 8.5 хувиар агшина гэж тооцсон байна.

Түүнчлэн ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлсэн явдал нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг ийнхүү эрс ухраах болсон гол шалтгаан болохыг онцолсон байна. Учир нь, дайн эхлэхээс өмнө дэлхийн эдийн засаг цар тахлын дараах хямралаас бүрэн сэргэж амжаагүй, олон оронд инфляцын өсөлт, эрэлт-нийлүүлэлтийн доголдолд автаж, эдийн засгийн уналт үргэлжилсээр байсан юм. Улмаар Төв банкууд мөнгөний бодлогоо чангатгах арга замыг сонгох болсон.

Үүний дээр, БНХАУ-д ковидын халдварын тархалт нэмэгдэж, томоохон аж үйлдвэр, далайн боомт хотуудад хөл хорио тогтоосон явдал нь дэлхий нийтийн хэмжээнд дахин нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдах эрсдэл бий болгож байгааг анхааруулсан юм. Хамгийн гол нь, Украины дайны сөрөг нөлөө дэлхийн хэмжээнд инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг хүнс, эрчим хүч, шатахууны үнийн өсөлтийг өдөөж, үүнд амьжиргаа доогуур өрхүүд хамгийн их өртөж байгааг тодотгосон байна.

 

Эх сурвалж: imf.org, Itoim.mn

Leave a Reply

%d bloggers like this: