​А.Ариунзаяа: Хүүхдээ хүчирхийлсэн тохиолдолд хүүхдийн мөнгө олголтыг түр зогсооно

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Төрөөс хүүхдийн мөнгө олгож, дэмжлэг үзүүлж байгаа боловч нөгөө талд хариуцлагыг ярих ёстой. Хүүхдийн мөнгө авсан мөртлөө хүүхдээ хүчирхийлээд байдаг. Уг нь энэ мөнгийг хүүхэд хамгаалал болон хүүхдийн эрүүл мэндэд зарцуулах учиртай. Гэтэл дэмжлэг авсан ч хүүхдээ үл хайхардаг, архи уугаад хаяад явчихдаг, хүүхдээ тураалд оруулдаг, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хамруулдаггүй тохиолдол байна. Үүнд та бүхэн ямар шаардлага тавьж байгаа вэ” гэж асуув.

Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариулав.

Тэрээр “Тусгайлсан журмыг Засгийн газар боловсруулсан байгаа. Үүнд, хүүхдээ үл хайхарсан, хүчирхийлсэн, зүй зохисгүй архины хэрэглээтэй, хүүхдээ хаяад явчихсан мөртлөө өөрөө хүүхдийнхээ мөнгийг авдаг тохиолдлуудад тухайн хүүхдийн мөнгөний олголтыг түр зогсоож, хүүхдийн дансанд байршуулахаар оруулж өгсөн. Энэ өргөдөл, санал, гомдлыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраар дамжуулан Сангийн яаманд хүргэж олголтыг нь түр зогсоож, хүүхдийн нэрийн данс дээр байршуулж байгаа. Тэгэхээр хүүхдээ эмээ, өвөө дээр нь эсвэл нөхөр дээрээ үлдээчихээд өөрийнхөө дансанд мөнгө авдаг тохиолдол цөөнгүй бий” гэлээ.

 

Мэдээллийн эх сурвалж: itoim.mn

Leave a Reply

%d bloggers like this: