З.Мэндсайхан: Гурил болон мах бэлтгэлийн компаниудад 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан мах, гурилын үнийн өсөлтийг хязгаарлах болон малын шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг танилцуулсан юм.

Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дотоодын гурил үйлдвэрлэгч болон мах бэлтгэлийн аж ахуй нэгжүүдэд гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоход 230 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ аж ахуй нэгжүүд арилжааны банкуудад хүсэлтээ тавьж, санхүүжилтээ авна.

Арилжааны банкны зээлийн хүүгийн зөрүү болох 12.6 хувийн хүүгийн зөрүүнд төсвөөс 25 тэрбум орчим төгрөгийн татаас олгоно.

Төв, суурийн газрын хэрэгцээнд зориулж 12.7 мянган тонн нөөцийн мах бэлдсэн. Үүний 30 хувь нь үхэр, 70 хувь нь хонь, ямааны мах нөөцөлсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар үхрийн мах 3600 тонн, хонь 6800 тонн, ямаа 1100 тонн байгаа аж. Зах зээлд нөөцийн хонины мах килограмм нь 8300, үхэр 8900, ямаа 7100 төгрөгөөр борлуулагдаж байна. Мөн нөөцийн мах бэлтгэсэн 23 аж ахуй нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд хонины мах дээр килограмм тутамд 350 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна. Ингэснээр хонины мах килограмм нь 7950 төгрөг болж хямдарч байгаа аж. Харин амралтын өдрүүдээр нөөцийн махыг гулуузаар нь, килограмм тутамд 7700 төгрөгөөр худалдаална.

Хөнгөлсөн үнийн зөрүү дүнг Засгийн газар нөөцийн хөрөнгөөсөө гаргана.

Малын шүлхий өвчний эсрэг нийт 12 сая тун вакцин татан авсан. Улсын хэмжээнд энэ сарын 18-ны өдрөөс эхлэн мэдрэмтгий малыг бүрэн дархлаажуулах аян өрнүүлж эхэлсэн. Одоогоор вакцинжуулалт 85 хувьтай явж байгаа бөгөөд ирэх сарын 4-ний өдөр аян дуусна. Шүлхий өвчин ерөнхийдөө дарагдсан гэж ойлгож болно. Өнгөрсөн сард 40 мянга орчим толгой мал тусгаарлалтад байсан. Өнөөдрийн байдлаар 15 мянга орчим толгой мал тусгаарлалтад байна. Мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр зургадугаар сарын 1-ний өдөр гэхэд малын шүлхий өвчин ард үлдэнэ” мэдээллээ.

 

 

Leave a Reply

%d bloggers like this: