​Х.Нямбаатар: Авлигын хэргийг хялбаршуулахгүй, халдашгүй эрхтэй хүний хөөн хэлэлцэх хугацааг уртасгана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ өргөн барихаар тогтжээ. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар болсон байна.  Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эдгээр хуульд орж байгаа онцлох өөрчлөлтийг танилцуулав.

1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл

-УИХ төрийн хийвэл, эрхэлбэл зохих бизнесийн төрөл жагсаалтыг дөрөв дөрвөн жилээр баталдаг. Тэр баталсан орчинд төрийн өмчит компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг, бусад хэлбэрүүдийг хязгаарлах, хориглох зохицуулалтыг оруулжээ.

-Төр заавал хувьцаа эзэмшилгүйгээр өөрийн бодлого төлөвлөлтөө хэрэгжүүлэх үүднээс зарим төрийн болон орон нутгийн өмчит компанид алтан хувьцаа эзэмших замаар хувийн секторуудад өөрийн төлөөлөл, хувьцааг шилжүүлэх зохицуулалтыг оруулсан байна.

-Цаашид төрийн болон орон нутгийн өмчит компанийг ашгийн төлөө ба ашгийн төлөө бус гэж хоёр хуваана. Ашгийн төлөө бус гэдэгт ихэвчлэн стратегийн ач холбогдолтой, эрчим хүчний компаниуд багтана. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг ашгийн төлөө бус гэдэг ангилал оруулах хуулийн төслийг боловсруулж байна.

2. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл

-Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж байгаа ял шийтгэлийн бодлогыг чангатгахад чиглэсэн байна. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг уртасгана. Хоёрт, Эрүүгийн хуулийн 22.1-ийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд торгох ял оногдуулахгүйгээр өөрчлөлт оруулж байна.

-Авлига албан тушаалын хэрэгт ял наймаалцах буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхийг нэмэлт өөрчлөлтөөр хасна.

-Тодорхой албан тушаалтан бүрэн эрхийнхээ хугацаанд ямар нэгэн хэрэгт шалгуулахгүй явдаг халдашгүй эрхтэй албан тушаал байдаг. Энэ тохиолдолд тухайн хэргийг ял шийтгэл гарцаагүй байх, Эрүүгийн хууль хүн бүрт адил тэгш үйлчилдэг энэ зарчмын үүднээс хөөн хэлэлцэх хугацааг уртасгана. Тодруулбал, тухайн хэрэгт холбогдсон албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш үргэлжлүүлэн шалгагдах үндэслэлийг оруулж ирэхээр тусгажээ.

-Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 20 жилээр хасахаар  тусгасан байна.

Зарим төрлийн гэмт хэргийн төрийн ялын бодлогыг чангатгах шаардлага үүссэн. Энэ хүрээнд:

-16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт торгуулийн ял оногдуулахгүйгээр хорих ял оноохоор тусгажээ.

-Цаашид өршөөл үзүүлэхгүй байх зүйл заалтыг нэг бүрчлэн бичиж оруулсан. Үүнд:

  • Бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг
  • Авлигын гэмт хэрэг
  • Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг болон хүрээлэн буй орчны эсрэг зарим төрлийн гэмт хэрэгт өршөөл уучлал үзүүлэхгүй

-Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх үүднээс тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан байна.

-Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дээр нэлээд том зарчмын өөрчлөлт оруулахаар болжээ. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар бага хохиролтой хулгайг Зөрлийн хуулиар, 300 мянгаас дээш төгрөгийн хохиролтой хулгайг эрүүгийн гэмт хэрэг гэж зүйлчилдэг. Энэ зарчмыг өөрчилнө. Жижиг, том хулгай гэж ялгалгүй, хулгай бол хулгай. Хулгайд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болно гэдэг зарчим баримталсан байна. Ял шийтгэлийн хувьд том өөрчлөлт ороогүй, харин хулгайг эрүүгийн эрх зүйд гэмт хэрэгт тооцох үйл явц гэж үздэг тул эрүүгийн хуулиар шийдвэрлэнэ. Жижиг хулгай жилд 11 мянга бүртгэгдэж, зөрчил гэдэг байсан бол энэ хууль батлагдсанаар эрүүгийн гэмт хэргийн статистикт бүртгэгдэнэ.

-Авлигын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж байгаатай холбоотойгоор процессын хууль буюу Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Нэгд, гэм буруугийн тухай маргаагүй, хохирлоо төлсөн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэргийг хялбаршуулан шийдэх процессыг уян хатан болгоно. Тухай хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэг хялбаршуулах зарчмыг шуурхай болгож байгаа. Энэ тохиолдолд шүүхэд шийдэгддэг маргааны 30 орчим хувь илүү хялбар зарчмаар явах боломжтой болно. Харин авлига албан тушаалын хэрэг дээр хялбаршихгүй. Энэ зарчим Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт хамаарахгүй.

-Авлигын гэмт хэргийг хурдан шийдэх ёстой гэдэг нийгмийн шаардлага бий. Тиймээс Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлтөд авлига албан тушаалын гэмт хэргийг аймаг нийслэлийн шүүх анхан шатны журмаар шийдвэрлэнэ гэж оруулж байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн давж заалдах эрхийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхим шийддэг байх өөрчлөлтүүдийг оруулсан гэдгийг Х.Нямбаатар сайд онцоллоо.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: