Өнөөдрөөс иргэдэд тоон гарын үсэг олгож эхэллээ

“Цахим гарын үсгийн тухай” хууль 2022 оны тавдугаар сарын 1-ий өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл УБЕГ-аас иргэдэд тоон гарын үсэг олгож эхлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд 16 нас хүрсэн 2.2 сая гаруй иргэн бүрд цахим гарын үсэг үнэгүй олгох ажил өнөөдрөөс эхэлж байна. Тоон гарын үсэг гэдэг нь цаасан дээр зурдаг гарын үсэг шиг цахим орчинд зөвхөн таныг төлөөлж, баталгаажуулдаг регистрийн дугаар шиг давхардалгүй өгөгдөл юм.

Өөрөөр хэлбэл, иргэн тоон гарын үсэгтэй болсноор аливаа цахим системд бүртгүүлэх, нэвтрэлт-танилт хийх, цахимаар гэрээ байгуулах, худалдах-худалдан авах үйлчилгээ авах боломж бүрдэж, иргэний мэдээллийн аюулгүй байдал илүү өндөр түвшинд очно.

Иргэн та тоон гарын үсэг авахдаа:

1. Улсын бүртгэгч нараар дамжуулан 21 аймаг, есөн дүүрэг болон УБЕГ-ын зургаан үйлчилгээний төвөөр дамжуулан таван жилийн хугацаанд тоон гарын үсгийг үнэгүй авах боломжтой.

2. КИОСК машинаар дамжуулан тоон гарын үсэг үнэгүй авах боломжтой.

3. Мөн энэ сард “Cloud” байдлаар буюу ухаалаг гар утасны аппликейшнээр дамжуулан тоон гарын үсгийг иргэдэд олгож эхэлнэ.

Ингэснээр иргэд иргэний цахим үнэмлэх болон гар утасны аппликейшн дээрээ тоон гарын үсгийг тээгч байдлаар хэрэглэх боломж бүрдэх юм. Мөн тоон гарын үсэг нь цахим орчинд зөвхөн тухайн иргэнийг таних боломж олгоод зогсохгүй гадаад улсад оршин сууж байгаа Монгол Улсын иргэд цахимаар төрийн үйлчилгээ авах боломжтой болж байна.

Leave a Reply

%d bloggers like this: