АИ-92 шатахууны үнэ 5-6 дугаар сард өсөхгүй, тогтвортой байлгах боломж бүрдсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны нөөц, үнэ, татан авалт болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал: “Энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд дизель түлш болон АИ 92 автобензиний үнэ дэлхийн зах зээл дээр 45.8 хувиар өссөн байна. Зах зээлийн өртгөөр нь тооцвол АИ 92 автобензин 3330 төгрөгөөр зарагдах өртөгтэй. УУХҮЯ-аас ОХУ-ын “Роснефть” компанитай хэлцэл хийж, нэг тонн шатахууныг зургадугаар сар дуустал 840 ам.долллараар авахаар боллоо. Өмнө нэг тонныг 1110 ам.доллар байсан. Үүнийг 25 хувь хөнгөлсөн гэсэн үг. Зургадугаар сар хүртэл сар бүр 40 мянган тонн автобензин авах гэрээ хийсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас АИ 92 автобензиний гаалийн албан татварыг тэглэсэн. Ингэснээр 3330 төгрөгөөр зарагдах байсан АИ 92 автобензиний үнэ зургадугаар сарыг дуустал 2390 төгрөгөөр зарагдах боломж бүрдлээ. Харин дизель түлшний үнийн өртөг 3714 төгрөг байгаа. Энэ бүгдэд татвар тэглэх арга хэмжээ авснаар 3380 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байна. ААН-үүд ашигтай бус өртгөө дөнгөж нөхөх хэмжээнд ажиллаж байгаа гэж ойлгож болно. ААН-үүд 45 хоногийн нөөцөө хэвийн бүрдүүлээд ажиллаж байна” гэсэн юм.

Өмнө нь газрын тосны бүтээгдэхүүнүүдийг 30 хоногоор нөөцөлдөг байсан юм. Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар АИ 80 автобензин улсын хэмжээнд 65 хоног, АИ 92 автобензин 33 хоног, АИ 95 автобензин 62 хоног, дизель түлш 24 хоногийн нөөцтэй байна.

Мөн ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Алексей Владимирович Груздевтэй уулзаж, манай уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирлоо.

Ингэснээр “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Манай улс энэ онд 20 тонн алт олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мөн уулзалтын үеэр ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж болон түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцов. Манай талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг “Роснефть” компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгдсэн.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон гуравдугаар сард “Роснефть” компанитай хэлцэл хийж, АИ-92 авто бензиний үнэ тонн тутамд 1110 ам.доллароос буурч, манай улс тонныг нь 840 ам.доллароор импортолж байна.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шатахууны үнийг хүчээр барьснаас болж инфляц савладаг. Үүнийг тооцсон уу?

-АИ 92-оос бусад шатахууны үнэ тогтооход Засгийн газар оролцдоггүй. АИ 92 дээр дундын оролцоо бий. Үүнийг аажмаар зах зээлийн зарчимд шилжүүлэх автомат үнийн тооцоололд шилжсэн. Энэ зарчмаар хэсэг явсан. Украин дахь нөхцөл байдалтай уялдуулан дэлхийд нийлүүлэлтийн шок үүсэж, шатахууны үнэ тооцоолсноос өндөр хэлбэлзэж байна. Тиймээс бид ийм санал дэвшүүлж хийсэн юм.

-Шатахуунаа доллараар авах уу, рублиэр авах уу?

-Рублиэр тооцоо хийх асуудлыг хүмүүс ярьдаг. АИ 92 автобензиний зургадугаар сар хүртэлх урьдчилгаа төлбөр 100 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ нь 7.1 тэрбум рубльтэй тэнцэнэ. Ийм хэмжээний рубль монголын зах зээлээс босохгүй. Тэгэхээр бид ам. Доллараар буюу Лондонгийн бирж дээр рубль, доллартай харьцах ханшаар авна гэж ойлгож болно. Цаашид төлбөрөө ам.доллараар хийх боломжгүй болвол хоёр талаасаа ямар валютаар хийх талаар судалж, ярилцахаар болсон.

 

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: