Г.Хонгор: Нийгмийн даатгал төлдөг хоёр ажилтан нэг өндөр настны тэтгэврийг төлж байна

НДШ-ийн буцаалтыг үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж буй, бага цалинтай иргэд авах хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт батлав. Одоогоор хуулийн энэ заалт хэрхэн хэрэгжих журмыг Засгийн газар батлаагүй байна.

Ямартаа ч нэг сая хүртэл төгрөгийн цалинтай иргэд (ажил олгогчид биш) төлсөн НДШ-ээ энэ оны дуустал буцаан авна. Иргэд сард бүр цалингийнхаа 11.5 хувийг НДШ-д төлдөг ч эмнэлэгт хэвтэх, амаржих, ажилгүйдлийн тэтгэмж авах гэх мэт тохиолдлуудад нэг удаагийн тэтгэмж авдаг. Тэгвэл залуус НДШ-ээс байр худалдан авахдаа урьдчилгаа 30 хувийн төлбөртөө суутгуулах боломжтой гэж эдийн засагч Г.Хонгор үздэг. Түүнтэй энэ талаар ярилцав.

-Манай зарим иргэн нийгмийн даатгалыг татвартай холбон буруу ойлгож байна. Нийгмийн даатгалын үр шимийг иргэд тэтгэвэрт гарсны дараа хүртэж эхэлдэг тул залуу байхдаа төдийлөн анхаардаггүй.

Ипотекийн зээл авах иргэн нийгмийн даатгалын нэрийн дансан дахь үлдэгдлээ банкны ажилтанд үзүүлээд, харгалзах хэмжээний урьдчилгааг төлүүлэх эрхийг нээх ёстой.

Залуучууд нийгмийн даатгалын шимтгэл төлж, хэсэг хугацааны дараа өөрөө өөрөөсөө нэг удаа, эргэж төлөх нөхцөлтэйгээр, хүүгүй зээл авч, байрныхаа урьдчилгаа болох 30 хувийг төлсөн мэтээр тооцуулах боломжтой.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Би энэ саналыг дэвшүүлэхэд зарим хүн “Миний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс яагаад залуус орон сууцны урьдчилгаа төлбөрт зарцуулах ёстой юм бэ” хэмээн эсэргүүцсэн. Энэ бол өрөөсгөл ойлголт.

Тухайн даатгуулагч өөрийн цалин орлогоос хамаарч харилцан адилгүй шимтгэл төлдөг. Өндөр цалинтай иргэд илүүг төлдөг. Тодорхой хугацааны дараа тухайн хүний нэрийн данс хуримтлалтай болно. Одоо хүчин төгөлдөр хуулиар бид хуримтлалаа 60 нас хүрээд буюу тэтгэвэрт гарсан хойноо л ашиглаж эхэлнэ. Иймд хуулийг өөрчлөн, манай залуусын амьдралын гол хэрэгцээ болсон орон байрны урьдчилгаагаа төлөхөд нэг удаа зарцуулах эрхийг олгох тухай юм.

Залуус хуримтлалгүй тул урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадахгүй байгаа тул зээл авч чадахгүй байна. Энэ асуудлыг л шийдчихвэл зээлээ төлж чадна гэдэг. Иймд ипотекийн зээл авах иргэн нийгмийн даатгалын нэрийн дансан дахь үлдэгдлээ банкны ажилтанд үзүүлээд, харгалзах хэмжээний урьдчилгааг төлүүлэх эрхийг нээх ёстой. Тухайн даатгуулагчийн нэрийн дансан дахь үлдэгдлээс л шийднэ, тухайн даатгуулагч өөрөөсөө, ирээдүйгээсээ хүүгүй зээлнэ гэсэн үг. Түүнээс бусдын нэрийн дансан дахь үлдэгдлийг ашиглахгүй.

Энэ тогтолцоог эхлүүлбэл гэр хорооллын олон иргэн тохилог сууцанд амьдарч, агаарын бохирдол, хүн амаа өсгөх гэх мэт нийгмийн асуудлуудыг ч шийднэ. Бид агаарын бохирдолд ямар их мөнгө зарлаа даа.

Зөвлөлийг ХНХЯ-ын сайд ахалдаг нь маш буруу. УИХ гүйцэтгэх засаглалыг хянах, хэрэгжүүлэх бодлогыг нь батлах үүрэгтэй. Гэтэл гүйцэтгэх засаглалын нэг гишүүн үндэсний зөвлөлийг ахалснаар эрх ашгийн зөрчилдөөн үүснэ.

Мөн иргэд нэрийн дансны үлдэгдлээ хянадаг болж, нийгмийн даатгалын сангийн мөнгийг улс төрчид дур мэдэн зарцуулдаг байдал төгсөнө. Олон нийтийн хяналтад орно.

Хөгжлийн банк зарим компанид ирээдүйн орлогыг нь барьцаалан зээл олгосонтой зарчмын хувьд адилхан.Нийгмийн даатгалын санг одооноос бага багаар мөнгөжүүлэн, иргэдийн нэрийн дансыг хоосон бичилттэй биш, бодит мөнгөтэй болгох ёстой. Нийгмийн даатгалын санд 21 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн судалгааг Засгийн газраас гаргажээ. Таван жилийн өмнө 17 их наяд төгрөг гэж ярьдаг байв.

Нийгмийн даатгалын сан тусдаа байх ёстой ч улсын төсвийн нэг бүрэлдэхүүн болгочихлоо. Нийгмийн даатгалын санг өсгөж арвижуулах үүрэг нь УИХ-д ажлаа тайлагнадаг, есөн хүний бүрэлдэхүүнтэй, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнх. Энэ зөвлөл өнгөрсөн хугацаанд дандаа буруу шийдвэр гаргасан. Энэ зөвлөл гурван сая хүний амьдралыг шийдэж байна.

Энэ зөвлөл өнгөрсөн хугацаанд яаж ажиллав гээд үзэх гэхээр үйл ажиллагааны тайлан нь хаалттай байна. Энэ зөвлөлд Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, ХНХЯ-ны тус бүр нэг хүн Засгийн газрыг төлөөлдөг. МҮЭ-ээс гурван хүн, Ажил олгогчдын эздийн холбооноос мөн гурван хүн байдаг.

Зөвлөлийг ХНХ-ын сайд ахалдаг нь маш буруу. УИХ гүйцэтгэх засаглалыг хянах, хэрэгжүүлэх бодлогыг нь батлах үүрэгтэй. Гэтэл гүйцэтгэх засаглалын нэг гишүүн үндэсний зөвлөлийг ахалснаар эрх ашгийн зөрчилдөөн үүснэ. Өөрөө өөртөө ажлаа тайлагнадаг байж болохгүй. УИХ-ын дарга Ерөнхий сайдын ажлыг хавсарч хийж байгаатай адил юм. А.Ариунзаяа сайдад “Би энэ ажлыг хийхгүй” гэх ёс зүй алга.

Мөн зөвлөлийн гишүүдийн мэдлэг боловсрол хангалтгүй, улс төрчдийн томилолт зонхилсоор ирлээ. Засаглалын энэ зөрчил сүүлийн 30 жилд амь бөхтэй байсаар иржээ.

Капитрон банкнаас 117 тэрбум төгрөгийн авлагадаа хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө авчээ. Зүй нь ШШГЕГ тэдгээр үл хөдлөх хөрөнгийг аваад, борлуулан, төлбөрийг НДС-д тушаах ёстой.

Саяхан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын  хороо Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шинэ гишүүдийг томилох сонсголыг анх удаа нээлттэй зохион байгууллаа. Сонсголд хараат бус шинжээч дүгнэлтээ танилцуулан, нэр дэвшигчид ажлын туршлага, боловсрол, ур чадвар гэх мэт олон шаардлага хангахгүй байна гэсэн. Дараагийн хүмүүсийг томилохдоо өмнөх хүмүүсийн хийсэн ажлыг тайлагнах соёл ч энэ зөвлөлийн хуралд тогтоогүй байна. Сайн ажилласан бол сайшаагаад муу ажилласан бол хариуцлага тооцох ёстой.

Энэ зөвлөл Капитрон банкнаас 117 тэрбум төгрөгийн авлагадаа хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө авчээ. Зүй нь ШШГЕГ тэдгээр үл хөдлөх хөрөнгийг аваад, борлуулан, төлбөрийг НДС-д тушаах ёстой.

Өчигдрийн залуус өнөөдрийн ахмадууд болсон.Одоогийн залуус хариуцлагатай болсон тул одооноос нийгмийн даатгалдаа анхаарч, нийтлэг эрх ашгаа хамгаалж байна. Сүхбаатарын талбайд болсон жагсаалаар залуус зайл, яв гэсэнгүй. Засгийн газраас ажлаа хийхийг л шаардлаа.

Монголын залуучуудын холбооны төлөөлөл энэ зөвлөлд орох хүсэлтээ илэрхийлсэн. Одоо нийгмийн даатгал төлж буй хоёр ажилтан нэг өндөр настай хүний тэтгэврийг бүрдүүлэн төлж байна. Өнөөдөр манай улсад 376 мянган хүн тэтгэвэр авч байна. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг 1.1 сая хүн төлж байгаагийн дийлэнх буюу 900 мянга орчим нь албан журмаар нийгмийн даатгал төлж байна. Үлдсэн нь сайн дурын даатгуулагчид.

 

Мэдээллийг gogo.mn сайтын сэтгүүлч Б.Чимэг  бэлтгэснийг хүргэлээ.

 

 

Leave a Reply

%d bloggers like this: