​Иргэд: Сэтгүүлчид хэн нэгнийг үндэслэлгүйгээр хохироочих вий гэж бодож, баримттай мэдээлээсэй

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан 2022 оны тавдугаар сарын 2-5-ны өдрүүдийг ЮНЕСКО болон Бүгд Найрамдах Уругвай улсын Пунта Дел Эсте хотод Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн бага хурлыг зохион байгуулах юм.
Монгол Улсад эл өдрийг угтан “NEWS” агентлаг цахим сайтуудын дунд “Хандалтын сэтгүүл зүйгээс Хариуцлагатай сэтгүүл зүй” форумыг зохион байгуулсан. Мөн МСНЭ-ээс “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвээр Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газартай хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг Соёлын төв өргөөнд зохион байгуулах аж.

Нөгөө талаар энэ өдөр бол ард түмний дуу хоолой болсон сэтгүүл зүйн салбар өөрсдийнхөө асуудал, салбарынхаа өөрчлөлт, шинэчлэлийн талаар ярилцдаг чухал өдөр. Бид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан иргэд сэтгүүлчдээс юу хүсдэг, ямар мэдээлийг түлхүү авахыг хүсдэг, сэтгүүлчдийг хэрхэн үнэлдгийг нь сонслоо.

Иргэн 1: Бодит байдалд тулгуурласан, нотлох баримттай, аль нэг талыг баримтлахаасаа илүү зөв гэж бодож байгаа зүйлээ баримтаар нотолж бичих хэрэгтэй. Сэтгүүлчид мэдээлэл өгдөг боловч хэсэг хугацааны дараа худлаа байлаа, буруу байлаа, үндэслэлгүй байлаа гээд няцаах тохиолдол бий. Тэгэхээр бид хэнд хандаж, алийг нь зөв гэж хүлээж авахаа мэдэхээ больдог. Тиймээс сэтгүүлчид мэдээлэл өгөхдөө хөдлөшгүй нотлох баримттай, бодитой мэдээлэл өгвөл иргэд бид хүлээж авахдаа өөрөөр хандана. Манай сэтгүүл зүйд мэдээ нь үндэслэлтэй байх хандлага дутуу санагддаг. Сэтгүүлчийн гаргаж буй сайн, муу мэдээний ард тухайн хүний бизнес, амьдрал, тэр хүний өдийг хүртэл зүтгэсэн зүтгэл, цаг хугацаа байгаа учраас нотлох баримттай л бичиж байгаарай гэж хэлмээр байна. Бичиж байгаа зүйлдээ хэн нэгнийг үндэслэлгүйгээр хохироочих вий гэж бодож бичээсэй гэж хүсэж байна.

Иргэн 2: Болж байгаа үйл явдлыг үнэн зөвөөр мэдээлж, аль болох болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг ил болгоосой. Тийм мэдээллийг түлхүү өгөөсэй гэж хүсдэг. Одоогийн сэтгүүлч нарын зарим нь яахав яриад байгаа бололтой байдаг. Зарим нь мэдээллээ ил гаргадаггүй юм шиг харагддаг.

Иргэн 3: Хамгийн гол нь баримтад тулгуурлаж бичих хэрэгтэй. Эсвэл нэг зүйлтэй харьцуулдаг ч юм уу. Зүгээр л амьдралд ойр зүйл бичээсэй гэж хүсдэг.

Иргэн 4: Улс төрөөс илүү шинжлэх ухаан тал руугаа мэдээ мэдээлэл бэлдээсэй гэж хүсдэг.

Иргэн 5: Сэтгүүлчдийг сайн ажиллаж байна гэж боддог. Телевизээр мэдээ гаргах нь гаргаад л бүгд ажлаа хийж харагддаг. Би сэтгүүлч дүүтэй л дээ. Ажлаа сайн хийж байна л гэж хардаг. Өөрсдийнхөө чадлаар л гүйж яваа харагддаг. Би сэтгүүлч нартаа баярладаг. Үнэн бодитой зүйл телевизээр гаргадаг байх аа гэж итгэдэг.

Мэдээллийн эх сурвалж: itoim.mn

 

 

Leave a Reply

%d bloggers like this: