Б.Нэргүй: Ямар нэгэн татварын хөнгөлөлт амин чухал байна, НӨАТ одоо бол “Төсөв бүрдүүлдэг” хэрэгсэл болчихлоо

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын ард гарахтай зэрэгцэн БНХАУ хилээ хааж, залгуулаад Орос, Украины дайн гарснаар Монгол Улсын эдийн засаг улам хүндэрч, үндсэндээ сэхэл авалгүй гурав дахь жилдээ явж байна. Эдгээр нөхцөл байдлаас үүдсэн үнийн өсөлт, хүндрэлийг даван туулах Засгийн газар, УИХ-аар санаачлан, хэрэгжүүлж, хэлэлцэж байгаа бодлогууд бодит байдалд хэрхэн тусаж байгаа талаар энгийн жижиг, дунд бизнес эрхэлж байгаа эмэгтэйтэй уулзлаа. 

Энэ хүнд нөхцөл байдалд төрөөс үзүүлж байгаа хамгийн том дарамт нь НӨАТ болж хувирсныг Б.Нэргүй(нэрээ өөрчлөхийг хүссэн юм) учирлаж сууна.



-Ажил олгож, бизнес эрхэлж байгаагийн хувьд сүүлийн гурван жилийг хэрхэн даван туулж байна вэ?

-Сүүлийн гурван жил биш, 2015 оны эдийн засгийн хямралын үеэс эхлээд яримаар байна. Яагаад гэвэл эдийн засаг хүндэрснээс болж нөхрийн ажил зогсоод хоёул гэртээ байсан үе. Яг тэр жил нь бид хоёр гэр бүл болсон байсан юм. Ингээд хүүхэдтэй болсноор өнөөдрийн бизнесийн санаагаа олж, түүнийгээ эхлүүлсэн. Тухайн үед жирэмсний амралтынхаас эхлээд орж ирж болох бүх мөнгөө бизнестээ зориулж, нэг өрөө байрныхаа буланд бараагаа өрж, хүргэлт, захиалга бүгдийг өөрсдөө хийж эхлүүлж байв.

Эдийн засаг ч бага багаар сайжирч, нэг нэгээр нь салбар нээгээд, таван жилийн турш өсөлттэй байтал КОВИД-19 гарч ирсэн. Хөл хориотой холбоотойгоор хүргэлтээрээ цалинждаг түгээгч нар маань гэртээ сууж, нөхцөл байдал хүндэрсэн ч бид хоёр хүмүүстээ нэг удаагийн тэтгэмж өгөх хэмжээнд хүрсэн байв.

Ингээд цар тахал ч намжиж, 10 их наядын хөтөлбөр гарч ирж, 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах боломж бий болсон. Гэвч шударгаар яваад хамрагдах боломж байдаггүй юм билээ. Ном журмын дагуу материалаа өгөхөд маш олон хүний дараалал үүссэн, санхүүжилт дуусах эрсдэлтэй гэсэн тул арга чарга хайж, яриулж байж зээлд хамрагдсан. Байж болох бүхий л юмаа барьцаалсан боловч маш доогуур үнэлж, хүссэн зээлийнхээ 50%-ийг авч чадсан. Хэрэв хүссэн зээлээ авсан бол бизнесээ илүү өргөжүүлэх төлөвлөгөөтэй байсан ч нэгэнт тийм боломжгүй болсон тул хөл хорионы үеэр хуримтлагдсан байсан алдагдал, өр төлбөр, байгууллагуудын тооцоог барагдуулж, үйл ажиллагаагаа тасалдуулахгүй цааш явах боломжтой болсон.

Цаашдаа ажиллаад явж болно гэсэн итгэл найдвар тээж байтал биднээс шалтгаалахгүй барааны тасалдал үүссэн. Хил гаалийн энэ асуудал борлуулалтад маш их нөлөөлсөн.

Хүмүүсийн худалдан авах чадвар ч муудаж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлого, ашиг эрс муудсан. Гэвч түрээс, цалин, татвар хураамж гээд бүх зардал гардаг хэвээрээ. Товчхондоо хасах руугаа орчхоод явж байгаа. Нөхцөл байдал иймэрхүү л байна.

-Засгийн газраас хэд хэдэн удаа шийдвэр гаргаж, дэмжлэг үзүүлсэн. Түрээс хөнгөлөх, ус дулааны төлбөр тэглэх зэрэг шийдвэрүүд тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх, тийм үү? 

-Түрээсийн хөнгөлөлт ерөөсөө байгаагүй. Цахилгаан, дулаан зэрэг хэрэглээний төлбөрийг чөлөөлсөн нь бол нөлөөлсөн.

Одоо ямар нөхцөл үүссэн гэхээр бизнес эрхэлж байгаа бидэнд ашиг гэдэг зүйл биш, алдагдал, НӨАТ-ын өр гэдэг хоёр зүйл хуримтлагдаад байгаа юм.

-НӨАТ-ын өр яагаад хуримтлагдаж байгаа билээ. Энэ татвар орлого олоход л авдаг биз дээ?

-Энгийн жишээгээр тайлбарлая л даа.

Би 40,000 төгрөгийн бараа аваад 45,000-аар, сардаа хоёрыг зардаг байлаа гэж бодъё. 10,000 төгрөгийн ашиг олсноос минь НӨАТ-т 10 хувийг нь аваад 9,000 үлдэж байгаа биз. Үүнээс түрээс, ажилчдын цалин гэх мэт байнгын урсгал зардлаа хасаад 1,000 төгрөгийн цэвэр ашиг олдог байлаа.

Гэтэл өнөөдөр дээр дурдсан барааны хомсдол болон худалдан авах чадвартай холбоотойгоор би хоёр бараа зардаг байсан бол нэгийг л зардаг болчхож байгаа юм. 5,000 төгрөгийн ашгаас НӨАТ-аа өгөөд 4,500 төгрөг олж байгаа ч урсгал зардал 8,000 гардгаараа л гарч байгаа юм. Ингэхээр надад ашиг байхгүй, сар бүр 3,500-ын алдагдалтай болсон гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, НӨАТ тухайн байгууллага ашигтай ажиллаж байна уу, үгүй юу гэдгээс үл шалтгаалаад ерөөсөө л орлогоос 10%-ийг нь татаад авчихдаг нь өнөөдөр маш том дарамт үүсгээд байгаа юм.

Бизнест хүний нүдэнд харагдаж байгаагаас гадна систем, программ хангамж гээд технологийн, ил харагдахгүй маш их хөрөнгө оруулалт зарцуулагдсан байдаг. Нэгэнт сэтгэл зүрх, хөрөнгө мөнгө гээд байгаа бүхнээ оруулчихсан хүмүүс энэ алдагдлыг хүлээгээд ч болов цааш явж байгаа юм. Хил гааль гайгүй болчих байх, асуудал шийдэгдчих байх гэсэн найдлага тавиад алдагдалтай ч байсан даваад гарна гээд л зүтгэж байна. Ингэж явсаар хэдэн жилийн алдагдлаа нөхөж болох ч татварын өр улам хуримтлагдах болно. Нэг ёсондоо ямар нэгэн хөнгөлөлт, өршөөл л үзүүлдэггүй юм бол бид цаашид хэдэн ч жил ажиллалаа гэсэн татвар барагдуулахын төлөө л амьдрах нь.

-НӨАТ-ыг тэглэхгүй нь мэдээж ойлгомжтой байх. Бодит байдал дээр ямар шийдэл байна вэ. Ямар шийдвэр бодит дэмжлэг болохоор байна вэ?

-Ямар нэгэн татварын хөнгөлөлт амин чухал байна. Яг одоо бол НӨАТ үнэхээр харгис байна. Уг нь анх далд эдийн засгийг гаргаж ирэх зорилготой байсан бол одоо төсөв бүрдүүлдэг хэрэгсэл болчихлоо. Энэ тогтолцоо нь буруу тийш яваад, бизнес эрхлэгчдийг сэхэл авхуулахгүй хамгийн хүнд нөхцөл рүү түлхэж байна. Бүгд л ийм байдалд орсон. Мэдээж сэхэх гэж дор бүрнээ хичээнэ. Гэхдээ үүнээсээ гарах гэж нэлээд хугацаа орно. Одоо бүр татвараа төлж чадахгүй болсон, үйл ажиллагаа маань зогсчих гээд байгаа учраас. Ядаж 10 хувийг 5 хувь болгож бууруулбал жижиг дунд үйлдвэрлэгчид хамаагүй хөнгөрч, адаглаад хуримтлагдах өр багаснаЕр нь манай татварын систем мөлжлөгийн шинжтэй, шударга бус санагддаг.

-Шударга бус гэдгийг ямар утгаар хэлж байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл байна. Байгууллага үүнийг төлснөөрөө ямар нэгэн дэмжлэг хүртдэггүй. Бид нийгэмдээ хувь нэмрээ оруулаад ажлын байр бий болгоод, өөрсдийнхөө хэмжээнд хэдэн хүн цалинжуулаад явж байгаа шүү дээ. Гэтэл үүнийхээ төлөө нэг ёсондоо шийтгүүлж байгаа мэт санагддаг. Тухайлбал, нэг ажилтан маань өвдлөө гэхэд эмнэлэгт 5-7 хоног ихэвчлэн хэвтдэг. Хүнд өвчтэй биш бол ихэнх хүн ийм хугацаанд л акт авдаг. Гэтэл эхний 5 хоногийн листний мөнгийг байгууллага төлдөг нь шударга бус санагддаг. Яагаад байгууллага, хувь хүн хүртэл НДШ, ЭМД төлж байхад тав хоногийн листний мөнгийг тэр сангуудаас төлж болохгүй, ажил олгогчид дахин ачаа үүрүүлэх ёстой гэж?

Дахиад хоёр тодорхой жишээг онцолмоор байгаа юм.

Нөхөр бид хоёр энэ бизнесийг тэгээс эхлээд босгосон болохоор бүх үйл ажиллагаандаа оролцоод туслаад, ажилтнуудаа аль болох гэртээ байгаа юм шиг байгаасай гэж хүсдэг. Адаглаад л өдөр хоол хайж цаг, мөнгө үрж байхаар эрүүл мэнд талаасаа ч хэрэгтэй гээд ажил дээрээ гал тогоо гаргаад өөрсдөө хоолоо хийж иддэг. Гэтэл энэ нь эргээд татварын дарамтад орох нөхцөл рүү түлхэж байгаа юм. Яагаад гэвэл олон хүний хоолны орцыг Дэнжийн мянга болон бөөний төвөөс л авч таарна. Хувиараа лангуу ажиллуулдаг хүмүүсийг QR кодтой болгосон гэж мэдээлж байгаа ч бодит байдал дээр кодоо гаргаж өгдөггүй. Ингээд и-баримтгүй авчхаар зардал гэж нотлогдохгүй, тайланд зардал болгон тусгаж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ зардал цэвэр ашиг дээр маань нэмэгдээд ашгийн татвар илүү өндөр төлөхөд хүрэх жишээтэй.

И-баримттай дэлгүүрээс авч болно шүү дээ гэх байх. Олон хүний хоол учраас дэлгүүрээс үнэтэй авах нь бүр ч зардал ихтэй. Үндсэндээ и-баримт гэдэг юм хүнсний бөөний худалдаан дээр хэрэгжиж чадахгүй хэвээрээ л байгаа. Хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаан нь, худалдан авсан хүн бүрд QR кодоо уншуулахаар жилийн орлого нь 50 сая төгрөг даваад НӨАТ төлөгч болж, татварын дарамтад орох учраас тэр.

-Бас нэг жишээ онцолмоор байна гэсэн. 

-Манайх аль болох хамгийн хямд үнээр бүтээгдэхүүнээ хүргэх зарчимтай. Нэг ёсондоо захын үйлчилгээг яг тэр үнээр нь хүргэлтийн хэлбэрт оруулаад хялбаршуулчихсан хэрэг. Захын худалдаа эрхлэгчид сард ч юм уу, улиралд тогтмол мөнгө төлдөг юм байна. Гэтэл бид и-баримтаар дамжуулаад бүх орлогоосоо татвараа төлж байгаа. Ингээд захын худалдагч бид хоёр яг ижил борлуулалт хийж, ижил ашиг авч байгаа гэж бодоход төлсөн татвар нь тэнгэр газар шиг ялгаатай. Энэ бол шударга бус.

Гэхдээ би зах дээр байгаа хүмүүсийг ийм болго гэж байгаа юм биш, бизнесийн байгууллагууд дээр ирж байгаа дарамтыг хөнгөлж өгөөч ээ л гэж байгаа юм.

Одоо ер нь бүх компани хэцүү болчихсон байгаа. Энэ компаниудыг бүгдийг нь богино хугацаанд босгож ирэхийн тулд эхний ээлжид ямар нэг байдлаар татварын дэмжлэг үзүүлбэл илүү бодитой дэмжлэг болно л гэж бодож байна. Одоогийнхоороо хуримтлагдаад байвал яг үнэндээ хэзээ барагдуулахыг хэлж мэдэхгүй байна.

-Бизнес нь өсөлттэй байх үед нууц биш бол хэдий хэмжээний татвар төлдөг байсан бэ?

-Ямар ч байсан жилдээ нэг удаа “Татвараа төлсөнд баярлалаа” гээд бичиг явуулдаг байсан. Ер нь сайн төлдөг. НӨАТ-т л гэхэд сардаа 5-6 сая төгрөг орчим төлдөг гээд бодохоор жилд нэлээд өндөр байгаа биз. Үнэндээ би энэ мөнгөөр хүүхдээ сайн сургуульд оруулсан бол, байрны зээлээ төлсөн бол, амьдралаа дээшлүүлсэн бол гээд л бодогддог.

Өдөр шөнөгүй зүтгэж байж олсон мөнгөнөөсөө ингээд төлж байхад ядаж улс орны хөгжил цэцэглээд, хүрэх хүндээ зөв хүрээд, эргээд бидэнд ашиг тус нь ирдэг бол хамаа алга. Гэтэл ямар үрэлгэн, үр ашиггүй зарцуулж байгааг нь харахаар үнэндээ төлөх сонирхолгүй болж байгаа юм. Ажилтнууд ч гэсэн төлөөд эргээд нэмэр болох биш гэдэг хандлагатай болчихсон.

Бид баян айлын хүүхдүүд биш. Өөрсдийнхөө хөдөлмөрөөр, мэдэж олж авсан туршлага гээд байгаа бүхнээ шавхан 5-6 жил зүтгээд босгож ирсэн бизнес маань нурах гээд байхад татварын байцаагч яриад татвар нэхэж байгаа юм. Татвартай манатай л байна шүү дээ. Хэрэв дампуурвал буцааж босгох маш хэцүү. Хэдэн жилийн амьдралаа дахин зарцуулахыг мэдэхгүй.

-Засгийн газраас ачаа барааг нэвтрүүлэх, үнийн өсөлтийг бууруулах зэргээр ажиллаад, хууль хүртэл баталсан. Энэ бүхэн бага ч гэсэн дэмжлэг болж чадахгүй байна гэж үү?

-Оновчгүй л арга хэмжээ аваад, улам хүндрүүлээд байх шиг. Олон янзын шийдвэр гаргаж байхаар хилээ нээхэд бүх хүчээ дайчлаасай.

Сая хууль гаргаад харин ч байдлыг хүндрүүлчихсэн гэж бодож байгаа. Валют авах боломжгүй, хязгаар тогтоосноос болоод манайд бараа нийлүүлдэг эхнэр, нөхөр хоёр хүнд байдалд орсноо ярьж байна. Нэг сая төгрөгтэй тэнцэх валютаар татагддаг чингэлэг гэж байхгүй. Хэдэн 10, хэдэн 100 саяараа яригдана. Гэтэл хязгаар тогтоочихоор ачааныхаа төлбөрөө төлж чадахгүй болчхож байгаа юм. Ингээд эхний бараагаа зарж чадахгүй болохоор дараагийн ачаагаа бас авч чадахгүй.

Өнөөдөр 15 чингэлэг хилээр орж ирэх квоттой байлаа гэхэд очерлосон тэр олон газрыг сугалуулж байгаа гэж ярьж байсан. “Манайх сугалагдчихсан” гээд баярлаад явж байх жишээтэй. Ингэж ажиллана гэж юу байх вэ дээ.

-Цар тахал гарч, эдийн засаг хүндэрснээс хойш ажлын байраа цомхотгож, цөөлсөн үү?

-Үйл ажиллагаа доголдсоноос болоод бид өөрсдийнхөө байж болох бүхий л хэмнэлтийг хийж, зарим зүйлээ зараад ч болов алдагдлаа боломжит бага түвшинд байлгаад ажлын байраа л хадгалж үлдье гэж хичээсэн. Энэ бүхнийг даваад гарах гэж үзье л гээд явж байгаа.

Нөхцөл байдал яаж хүндэрснийг олон жишээгээр тайлбарлаж болно.

Тухайлбал, манайх хүргэлтийн компани болохоор хүний хөдөлгөөн үүснэ л дээ, орж гарна. Өмнө нь хүргэлтийн компанид ажиллаж байсан туршлагатай хүн авна гэсэн шалгуур тавьдаг. Ирж байгаа хүмүүсийн анкетыг харахаар өмнөх ажлаасаа гарсан шалтгаан нь дандаа дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, хүргэлтийн хүн шаардлагагүй болсон гэсэн тайлбар байгаа юм.

Замын хөдөлгөөн дээр мөн яалт ч үгүй мэдрэгдэж байгаа. Хэдийгээр сургууль, цэцэрлэг ажиллаж, түгжрэлтэй байгаа мэт боловч өмнөх үеэ бодоход хамаагүй сийрэг болсон. Жишээ нь, манай зүүн зүг хариуцсан жолооч Мягмар гарагт Нарантуул зах амрахаар л сэлүүхэн сайхан явдаг байлаа шүү дээ. Тэгвэл өнөөдөр бараагүй гээд хаалттай лангуу зах дээр олон болж, ажиллаж байгаа хэд нь хүнгүйгээс болоод цөөхөн цаг онгойгоод л хаачихдаг болж. Ингээд зүүн зүгт хүргэлт хийхэд өдөр бүр Мягмар гараг, Нарантуул амарч байгаа юм шиг сэлүүхэн болчихсон. Худалдан авагч байхгүй, заръя гэсэн ч бараа алга. Холхих машин ч алга.

Нөгөө талд ажилтнуудын маань цалин юу ч биш болчихлоо. Ажилтнууд маань орж ирэхдээ “Цалин нэмэх боломж байна уу” гэж л асуудаг болсон. Тэр хүмүүсийн зөв шүү дээ. Өмнө нь 900,000 төгрөг аваад сар амьдардаг байсан бол одоо чардайж, хэмнээд хэмнээд 20 хоног хүрэхтэй үгүйтэй амьдрах болоод байна. Харамсалтай нь би нэмэх боломжгүй болохоор ажлын байраа л хадгалъя, энэ хүнд үеийг давъя гэдгээ учирлаад л сууж байгаа юм.

-Худалдан авагчидтай хамгийн ойр байгаа хүний хувьд зан төлөв нь хэрхэн өөрчлөгдсөн бол. Ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ?

-Бид хүүхдийн бүтээгдэхүүний бизнес хийдэг. Худалдан авагчдыг харж байхад хүүхдийнхээ анхдагч хэрэглээг нь арай гэж шийдэж байх шиг байна. Угаасаа хүүхдийн хэрэглээ өндөр байдаг. Өмнө нь шүдийг нь зориулалтын сойзоор угаая, илүү хувцас аваад өгье гэдэг байсан бол одоо гоё тоглоом хараад хүүхэд нь авъя гэсэн ч авч чадахгүй байх жишээтэй.

Бараа бүтээгдэхүүний үнэ үнэхээр их өссөн. Яг одоо би хүүхдийн баярын бэлэг бэлдэж байна л даа. Өнгөрсөн онд бэлдэж байсан бүтээгдэхүүнээ энэ жил яг ижлээр нь савлалаа. 30,000 төгрөг болж байсан бүтээгдэхүүн 40,000 болж байна. 30 гаруй хувь нэмэгдэж. 30,000 төгрөгийн бэлэг гэдэг бол хүүхдэд өгөхөд бас л өндөр үнэтэйд тооцогдоно. 40,000 төгрөгөөр зарна гэхээр хэцүү санагдаад ганц нэг юм нэмчихье гэхээр 50-60 мянга болчих гээд хүнд санал болгоход үнэхээр хэцүү.

Одоо бол хямд бараа л зарагдаж байна. Нийлүүлэгч байгууллагууд дайнаас болоод бүх урамшууллаа зогсоосон. Их бараа зарах биш, тогтвортой нөөцтэй байх нь чухал гэж үзэж байна.

Нөхцөл байдал ийм л хэцүү л байгаа.

Leave a Reply

%d bloggers like this: