АИ-92 автобензиний бодит үнэ 3330 төгрөг. Гэхдээ дотоодод 2390 төгрөгөөр зарах нөхцөлийг ингэж бүрдүүлжээ

Манай улс нефть бүтээгдэхүүний хувьд ОХУ-аас бараг 100 хувь хараат. Энэ үүднээс дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ өсөх нь бидний хувьд хамгийн том аюул байсаар ирсэн. Хоёрдугаар сарын сүүлээр Орос-Украины хооронд үүссэн хурцадмал байдлаас үүдэн дэлхий дахинд газрын тосны үнэ огцом нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Бренд маркийн газрын тосны үнэ жилийн өмнөхөөс бараг хоёр дахин өсч, баррель нь 110 ам.доллартай тэнцэж байна. Жилийн өмнө баррель нь 60 орчим ам.долларт хэлбэлзэж байв. Орос-Украины нөхцөл байдал даамжирч, Европын орнууд Оросын газрын тосны бүтээгдэхүүнд нэмэлт хориг арга тавибал газрын тосны нийлүүлэлтийн хомсдол гаарч, Брент маркийн газрын тосны үнэ 65 орчим хувиар өсч, баррель нь 185 долларт хүрэхийг “JP Morgan”-ны шинжээчид анхааруулсан.

Дэлхийн зах зээлийн үнэ манай улсын худалдан авч байгаа нефть бүтээгдэхүүний үнэтэй шууд хамааралтай. Манайх ОХУ-аас шатахуун авахдаа Сингапурын бирж дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнийг жишиг үнэ /хил үнэ/ болгодог юм. Тэгвэл 2022 он гарсаар манай улсын өргөнөөр худалдан авдаг АИ-92 автобензиний хил үнэ 50 орчим хувиар өссөн байна. Дайн гарснаас хойш АИ-92 автобензиний  хилийн үнэ /тонн/ 747 доллараас 1110 доллар, дизель түлш 705 доллараас 1047 ам.доллар болж өсжээ.

Яг энэ хил үнээр тооцвол өнөөдөр бидний хэрэглэж байгаа АИ-92 автобензиний литр тутмын үнэ 3330, дизель түлш 3714 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Манай улсын хувьд гол нэрийн шатахууны үнэ өсөх нь өөрөө бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгаан болдог.

Иймд Засгийн газраас АИ-92 автобензиний гаалын албан татвар, дизель түлшний онцгой албан татварыг тэглэсэн. Мөн шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл, татаас олгох замаар дотоодын нөөц бүрдүүлэлтийг дэмжиж, хомсдол үүсгэхгүйгээр жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах хуулийг баталсан.

Хамгийн чухал нь, Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өөрийн биеэр ОХУ-д ажиллаж, Роснефть компанитай үнэ бууруулах талаар амжилттай хэлцэл хийж чадсан. Тодруулбал, Роснефть компаниас нийлүүлж байгаа АИ-92 автобензиний үнийг 25 хувиар буюу хил үнэ тонн 1110 доллар байсныг 840 ам.доллар болгон бууруулж чаджээ. Эхний ээлжид дөрөв, тав, зургадугаар сард урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгөөр АИ-92 автобензинээ тонныг 840 доллараар авч, нөөц бүрдүүлэлтээ хийх боломжтой болжээ.

Дээрх тодорхой зохицуулалтыг төр засгаас авч хэрэгжүүлсний үр дүнд иргэд нэг литр бензинээ зах зээлийн бодит өртгөөс 1000 төгрөгөөр татуу авах боломжийг бүрдүүлсэн байна.

Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 33, дизель түлш 24, АИ-95 автобензиний 62 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байгаа юм.

 

Мэдээллийг Itoim.mn сайтын сэтгүүлч Г.Батжаргал бэлтгэн нийтэлснийг хүргэлээ.

Leave a Reply

%d bloggers like this: