Эд эрхтэний донорын нас 21 болгож, амьгүй донорын оршуулгын зардлыг улс даадаг болно

Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Уг Ажлын хэсэг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран “Цусны донорын тухай болон Эртхэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр (2022.05.05) Төрийн ордонд зохион байгуулав.

Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд 2012 онд нэмэлт, өөрчлөлт хийгдэж, Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан. Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д 2021 онд хоёр удаа өөрчлөлт оруулсан хэдий ч одоогийн мөрдөгдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон гэж хууль санаачлагч танилцуулав.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн: Тус хуульд нэгтгэсэн байдаг “Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийг нэгтгэн ойлгох нь нийгэм, эдийн засгийн хувьд хор хөнөөлтэйг тодотгохын зэрэгцээ хоёр агуулгыг салгахаар бэлгэж УИХ-д өргөн барьж байна. Хуулийн төслүүдийг шинэчлэн баталснаар эмч, эмнэлгийн ажилтнуудын боловсон хүчний нөөцийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, улмаар монгол хүний эрүүл амьдрах нөхцөл бүрдэнэ гэдгийг онцлолоо.

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд донорын насны доод хязгаарыг багасгах, амьгүй буюу тархины үхэлтэй донорын гэр бүлд үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох, донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороог байгуулах, донорын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах эрх зүйн орчныг бий болгох тухай зэрэг зохицуулалтыг тусгаж байгаа бөгөөд хуулийн төсөлтэй хамт холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх юм байна.

Хуулиар дараах таван зүйлийг өөрчлөх гэж байна.

  1. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Донорын хуульд 25 настай иргэн өөрийн аав, ээж, ах дүүгийн төлөө эрхтнээ өгч амь насыг нь аврах боломжтой гэж заасан. Гэтэл 24 настай хүний ар гэрт ямар нэгэн зүйл тохиолдолд хуулиар эрхтнээ өгч чадахгүй байна. Насны хязгаар өндөр байгаатай холбоотой иргэд гадаад улсыг зорьсон хэвээр байна. Бүх эд эрхтэн шилжүүлэх хагалгааг төрөөс даадаг байтал насны хязгаараас болоод хийж чадахгүй байгаа. Тиймээс эрхтнээ хайртай хүмүүстэй өгөх насыг 21 болгох өөрчлөлтийг хуульд оруулна.
  2. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээгдэж байгаа иргэдийн мэдээллийг олон нийтийн хяналттай цахим болгоно. 
  3. Амьгүй донор гэж ярьдаг. Нэг цогцсоос зургаан хүний амь насыг аврах боломжтой. Амьгүй донороос эд эрхтнийг нь авч байгаа учир оршуулгын зардлыг даадаг болно.
  4. Амьд донор болж байгаа хүмүүсийг жилд нэг удаа үнэгүй сувилалд амраах өөрчлөлтийг нэмж байна
  5. Эрүүл Мэндийн Яаманд эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрлийг олгодог олон нийтийн хяналтад байх бүтэц зайлшгүй шаардлагатай. Цалинтай биш мэргэжлийн байгууллага гэдгийг хэлмээр байна.

Цусны донор, эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах хоёрыг ялгах хамгийн чухал шаардлага нь сурталчилгаа. Цусны донорыг цусаа өгөөрэй хэмээн уриалан сурталчилж болдог бол эрхтнээ өгөөрэй хэмээн уриалж болохгүй гэж тэрээр нэмэв.

Эс шилжүүлэн суулгах тухайд насны хязгаар байхгүй

Гадаадын орнуудад тухайлбал, жолооны үнэмлэх дээр нь хэрвээ ямар нэгэн аваар осолд орвол эс, эд, эрхтнээ өгөхөд бэлэн гээд гарын үсэг зуруулдаг. Манай улсад Донорын тухай хуулиар өөрөө зөвшөөрвөл донор болгодог. Зарим оронд үгүй гэж хэлээгүй бол зөвшөөрсөнд тооцох тохиолдол бий.

Тархины үхлийг 100 хувь алдаагүй тогтоох ёстой. Ямар нэг байдлаар сэргэх хүнийг донор гээд авбал яана. Тиймээс нарийн мэргэжлийн хөндлөнгийн баг тодорхойлдог. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах баг биш харин мэдрэлийн баг оролцдог. Улмаар ар гэрийнхэнтэй нь уулзаж зөвшөөрөл авдаг юм.

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах агентлаг манай улсад бий учир амьгүй донороос эрхтэн шилжүүлэх боломж бүрдээд байгаа. Эс шилжүүлэн суулгах тухайд насны хязгаар байхгүй. Эрхтэн шилжүүлэх насыг 21 болгон өөрчлөх юм” гэлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хангагдана гэж хууль санаачлагчид үзэж байна.

Цусны донорын тухай болон Эртхэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

 

Leave a Reply

%d bloggers like this: