​БАЙР СУУРЬ: Банкуудын IPO-г хойшлуулах нь зөв үү

УИХ 2021 он нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд системийн нөлөө бүхий таван том банк олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болох хуулийн хугацааг зааж өгсөн. Ингэхдээ Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк 2022 оны зургадугаар сарын 30-наас өмнө  IPO гаргаж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэртэй болохыг хуульчилсан.

Хуулийн дагуу дээрх таван банк 2022 оны эхний улиралд багтаан IPO гаргах бизнес төлөвлөгөөгөө Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкинд ирүүлж, оны эцсийн байдлаарх санхүүгийн тайлангаа олон улсын байгууллагаар аудит хийлгээд байгаа аж. Банкууд эхний ээлжинд 5-15 хүртэлх хувиа олон нийтэд санал болгож, зах зээлээс 500-600 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх хүсэлтийг ирүүлснийг Монголбанк мэдээлж байсан.

Харин нөгөө талд банкуудын IPO хийх хугацааг хойшлуулах шаардлагатайг Олон улсын валютын сангаас байнга анхааруулах болсон. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкнаас гэнэт банкуудын IPO гаргах хугацааг нэг жилээр хойшлуулах саналыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлснийг хэлэлцээд дэмжсэн. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн, банкуудын IPO гаргах хугацааг хойшлуулах, эсэх эцсийн шийдвэр гарна.

Банкуудын IPO гаргах асуудлаар хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

ОУВС-ийн Ажлын хэсгийн ахлагч  Ангана Банержи:

-Монголын эдийн засгийн энгийн үе шиг болоогүй байгаа үед IPO гаргах нь зохисгүй. Тиймээс эдийн засгийн байдал тогтворжиж, хэвийн байдалдаа орсны дараа IPO гарвал хувьцааг нь авч байгаа иргэдэд өгөөжтэй. Нэгж хувьцаанд хамгийн өндөр үнэлгээг олж авах нь IPO хийхийн гол зорилго. Түүнээс хугацаандаа амжиж хувьцаа гаргах нь IPO гаргахын гол зорилго биш.  Төв банкнаас сүүлийн хоёр жил банкуудад хяналт шалгалтыг биечлэн хийгээгүй. Тиймээс банкуудад AQR  буюу активын чанаргүй үнэлгээг хийх нь зүйтэй гэж зөвлөсөн. Сайн банкууд сайн IPO гаргах ёстой.

-Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар:

-Хэдийгээр УИХ хууль баталчихсан ч гэсэн банкууд зээлийн чанартаа шалгалт хийлгэхгүйгээр IPO гаргах гээд яараад байсан. Үүнд би эдийн засагч хүнийхээ хувьд эсрэг байр суурьтай байсан. Ингэж болохгүй. Ингэвэл мэдээллээс хол, мэдээлэл дутуу иргэд хулхидуулна. Банкууд мэдээж өөрсдөдөө ашигтай байдлаар хувьцааны үнийг өндөр тавьчихна. Чанаргүй зээлүүдээ чанартай мэтээр үнэлчихнэ. Ингээд хувьцааны үнэ өндөр гараад ирнэ. Магадгүй нэг жилийн дараа зээлийн чанар муудах юм бол хувьцааны үнэ унана. Ингээд хөрөнгө оруулсан хүмүүс зорьж байсан өгөөжөө авч чадахгүй. Хэрэв ингэж гаргасан бол Монголын хөрөнгийн зах зээлийн нэр хүнд маш их унах байсан. Би бас хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн. Энэ зах зээлийг хөгжөөсэй гэж бодож явдаг. Энэ зах зээл дээр зөвхөн чанартай бараа л орж ирэх ёстой. Гэтэл банкууд, бүх банкийг хэлж байгаа юм биш л дээ. Миний багцаа тооцоогоор энэхүү таван банкны 2-3-ынх нь хувьцааны үнэ нь бараг хасах байдал дээр тогтохоор, дампуурахад бэлэн болчихсон гэдэг юм уу, ашигт ажиллагаа байхгүй болчихсон. Гэхдээ өнөөдөр бүгдээрээ ашигтай ажиллаж байгаа, асуудалгүй мэтээр IPO гаргах гээд байгаад би эдийн засагчийнхаа хувьд эсэргүүцэж байгаа.

Гол асуудал болсон зээлийн чанартаа шалгалт оруул. Олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар шалгуул. Харин Олон улсын валютын сангаас шаардлага тавьсан юм байна. Тиймээс IPO-ыг түр хойшлуулаач, хойшлуулах хугацаандаа AQR буюу зээлийн чанараа шалгуул гэдэг шаардлага тавьсан. Магадгүй Хаан банк Ц.Баатарсайхан гэдэг хүндээ зээл өгчихсөн үү, Худалдаа хөгжлийн банк Д.Эрдэнэбилэгтэй холбоотой хүмүүст зээл өгсөн үү, Голомт банк Д.Баясгалан гэдэг хүнтэй холбоотой хүнд зээл өгсөн үү гэдгийг шалгах ёстой. Тэд нь эргээд төлөгдөж байна уу, төлөгдөхгүй байна уу. Эсвэл бусад банкууд зээлүүд нь төлөгдөж байна уу. Төлөгдөж байгаа мэтээр бүртгээд ашигт ажиллагаагаа өндөр харуулаад байна уу гэдгийг AQR гэдэг шалгалтаар л бий болгодог.

/Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас нь авч ашиглав/

-Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай: 

-Гэхдээ Монголын банкны салбар сүүлийн 10-20 жилд наанадаж хэдэн 10 дахин өссөн. Яагаад харилцагчид нь (хүү, шимтгэлээ төлсөн) энэ өсөлтийн өгөөжийг нь хүртэж, хувьцаа эзэмшигчид нь болж болохгүй гэж. IPO гарах нь цаг нь зөв. Бүтэн нэг жил хагасын өмнө гарсан шийдвэр шүү дээ. Бэлтгэл  хангалттай хангагдсан.

Банкууд IPO гаргаснаар санхүүгийн систем илүү ил тод нээлттэй болно. Системийн эрсдэл буурна. Өнөөдөр банкууд нэг, хоёр хүний эзэмшилд байснаар улс төрийн эрсдэлд орж байгаа. Энэ эрсдэл буурна. Одоо бол иргэд банкны зөвхөн харилцагч нь байна. Харин олон нийтэд нээлттэй болсноор эзэн нь болох боломжтой. Тухайн банкны хувьцаанаас худалдаж авсан иргэд банкны ашигтай ажиллагаанаас ашиг хүртэх боломж нээгдэнэ.

Эдийн засагч Ө.Ганзориг: 

Банкууд IPO-д бэлдэж олон тэрбумын зардал гаргасан, одоо яах юм бол гээд гайхсан байдалтай байна. Нөгөө талд нь хөрөнгийн захын бид олон зуун тэрбум төгрөгийн захиалгаа бэлдээд бүтэн жил ажилласан. Хөрөнгийн зах, иргэд, хөрөнгө оруулагчдыг бүтэн нэг жил доргиож бужигнуулчихаад одоо ОУВС ингэсэн гэсэн хоосон шалтгаар хуулийн хугацааг хойшлуулахыг эсэргүүцэж байна. Энийгээ нэг ч хөрөнгийн захын мэргэжилтэнтэй зөвлөлдөхгүй, санал сонсохгүй хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-2021 оны банкуудын тайланг хэдий олон улсын байгууллагаар аудитлагдсан Монголбанкнаас ковидын үед хэрэгжүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлт, дэлхий дахинд үүссэн хурцадмал байдал нь нийт эдийн засаг, ялангуяа банкуудад нөлөө үзүүлнэ. Энэ нөлөөллийг тооцохгүйгээр олон нийтэд хувьцаагаа арилжаалах нь эргээд сөрөг нөлөөллийг дагуулж болзошгүйг ОУВС-аас анхааруулж байгаа учраас Монголбанкны зүгээс IPO гаргахаар тогтсон хугацааг сунгаж, сулруулж өгөөч гэсэн санал гаргаж байгаа юм. Бүгд зэрэг биш дэс дараатай гаргах нь эрсдэл бага юм байна гэдэг үүднээс энэ саналыг гаргаж байна.

-Хөрөнгийн зах зээлийн шинжээч Б.Өлзийбаяр: 

-Монгол Улсад хууль батлаад хэрэгждэг юм уу. Банкууд IPO хийнэ гээд маш их зардал мөнгө гаргаад бүтэн жил гаруй ажиллалаа. Хөрөнгийн зах зээл ч үүнд бэлдэж, маш их ажиллаж байна. Иргэдийн дунд ч их хүлээлт үүссэн. Гэтэл сарын өмнө хуулиа өөрчилж IPO-г хойшлуулна гэж ярьж болох уу. Банкны IPO-д зориулж хөрөнгө оруулагчид мөнгөө бэлдэж, захиалгаа өгч байна. Гаднынхан ч цөөнгүй бий. Гэтэл сарын өмнө уучлаарай манай төр засаг хойшлуулчихлаа гэх үү. Хөрөнгө оруулагчид дахиад л Монголын төрд хулхидуулах нь. Ийм байхад хэн Монголыг сонирхох юм бэ.

 

Leave a Reply

%d bloggers like this: