ОУВС уу эсвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үү?

Энэ УИХ мөн Засгийн газар /2020-2024 оны/ яг одоо Монголын банк санхүүгийн салбарын болон хөрөнгийн зах зээлийн  хөгжлийн түүхэнд цагаан мөр үлдээх үү эсвэл хар толбо үүсгэх үү гэдэг эргэлзээтэй шийдвэрийн өмнө ирээд буй.

Уг нь цаг үеийн тохироо нь бүрдэж, УИХ-аас банкны реформ нэртэйгээр Банкны тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулж чадсан билээ. Уг хууль 2021 оны хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд сар гаруйхны дараа хуульд тусгасан системийн таван том банк Монголын хөрөнгийн зах зээлд хөл тавих боломжийг бүрдүүлж, банкныхан ч IPO хийх бэлтгэлээ жилийн дотор дориун сайн хангаад байсан юм.

Гэтэл саяхан гэнэт Олон улсын валютын сангийн Монголд ирж ажилласан төлөөлөгчид “Эдийн засаг амаргүй үед банкны IPO-гоо хойшлуулах нь зүйтэй” гэсэн зөвлөмж өгөв. Уг зөвлөмжийг манай УИХ дуулгавартай нь аргагүй хүлээн авч, хүүе хаая гэхийн зуургүй Байнгын хорооны хурлаар авч хэлэлцэн чуулганд оруулахаар болов. Гайхмаар сонин зүйл.

Төдийгөөс өдий хүртэл тэр байтугай өмнөх орой нь МҮОНТ-ийн нэвтрүүлгээр зах зээлд оролцогч олон талын мэргэжлийн хүмүүстэй мөр зэрэгцэн сууж “Банкнууд хугацаандаа багтаж IPO хийнэ” хэмээн ярьсан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн маргааш нь зангаа хувиргаж, Байнгын хорооны чуулганд “ОУВС-гийн өгч буй зөвлөмжийг дагахаас аргагүй” ухааны тайлбарыг хийв.

Өнгөрсөн хугацаанд Төрийн банкныхнаас бусад банкны захирал, удирдлагууд хуульд заасан хугацаанд банкныхаа хувьцааг гаргана гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажиллаж, багагүй хөрөнгө мөнгө заран бэлтгэл хангаж ирсэн. Нөгөө талд уг IPO-д оролцохоор зэхсэн мэргэжлийн хөрөнгө оруулагч нар ч олон нийтээс татсан хөрөнгө оруулалтаа огтхон ч хөдөлгөж чадахгүй зорьсон банкнуудынхаа хувьцааг авахаар хүлээсээр. Түүний цаана гадаад, дотоодоос монголчууд тав нь тав, арав нь арван саяа өгсөн олон жижиг хөрөнгө оруулагчид бий юм.

Энэ олон хүмүүсийн их хүлээлт, итгэл зүтгэлийг манай төр засгийнхан ОУВС-гийн зөвлөмж төдийхнөөр хөсөрдүүлэхгүй байх гэж найдаж байна. Мөн банкны хүүг бууруулах, хөрөнгийн захыг идэвхжүүлэх, баялгийг иргэдэд тэгш хүртээх зорилготой сайн хуулиа зөрчиж болохгүй. 

Банкны IPO-г хойшлуулах ёсгүй

Одоо эргэж буцсан уг асуудлаар Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “цагийн юмыг цагт нь” гэсэн хатуу байр суурь, зоримог шийдвэртэй ажиллах шаардлагатай байна. Яагаад гэвэл тэр Монголын түүхэнд хамгийн их эрх мэдэлтэй, Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй цорын ганц Ерөнхий сайд. Тэгээд ч амаргүй хүнд үед төрийн ажлыг хийж буй Ерөнхий сайдын хувьд тэрбээр ковидын дараах эдийн засгаа сэргээхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж буй билээ. Түүнд системийн таван том банкны IPO-н 600-700 тэрбум төгрөгийг Монголын хөрөнгийн зах зээл шингээхгүй, ард иргэдээс тийм мөнгө гарахгүй гэсэн зарим эдийн засгийн мэдлэггүйгээ гайхуулан ярьж, тайлбарлаж буй улс төрчдөөс арай өөрөөр асуудалд хандаж, бодитой харах нүд, тархи бий болов уу. Тэгээд ч Оюун-Эрдэнэ Монголдоо улс төр, эдийн засгийн шийдвэр гаргахдаа ОУВС-аас илүү эрх мэдэлтэй байх ёстой. Яагаад гэвэл энэ чинь бие даасан улсын дотоод асуудал шүү дээ. Үгүй ядаж тэр өөрийн гаргасан шийдвэрээ жилийн дараа өөрчлөх гэж үү?

Ийнхүү шийдвэртээ эргэж буцах аваас хэн одоогийн Засгийн газар, УИХ-д итгэх билээ? Хэн Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг чадвартай гэж дүгнэх билээ?

Аль нь илүү эрсдэлтэй вэ?

Валютын сангийн зөвлөмж дотор “Монголд өмнө нь Зоос, Анод гээд арилжааны банкнууд хувьцаа гаргаад дампуурч байсан шүү дээ” гэж сануулсан юм уу даа. Энэ сургамжийг сөхөж болох ч одоогийн хувьцаа гаргах гэж байгаа системийн нөлөө бүхий банкнуудтай харьцуулж авч үзэх боломжгүй юм. Учир нь, нэгдүгээрт тэр цагаас хойш олон жил өнгөрсөн. Хөрөнгийн зах зээлийн ч тэр, банкны салбарын ч тэр хууль эрх зүйн орчин, хөгжил дэвшил, хяналт шалгалтын тогтолцоо бараг орвонгоороо өөрчлөгдсөн гэж хэлж болно.

Монголд дампуурсан банкийг авч үзэх юм бол хөрөнгийн захад гараагүй ч гэлээ сүүлийн 20 жилд 19 банк дампуурсан байдаг. Хамгийн сүүлд гэхэд л “Капитал” банк  нийгмийн даатгалын мөнгө аваад дампуурсан. Харин олзуурхах зүйл гэвэл дээрх өнгөрсөн хугацаанд дампуурсан банкнууд дотор нэг ч системийн том банк байгаагүй гэдгийг анзаарах хэрэгтэй. Яагаад гэдэг дээр эдийн засагчид, эдийн засагт ёс суртахууны гажуудал гэх ойлголтоор үүнийг тайлбарладаг. Нөгөө талаас жижиг банкнууд олон улсын хяналт шалгалт, стандартыг төдийлөн мөрддөггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, тэд санхүүгийн тайландаа аудит хийлгэхдээ гадны топ аудитын компаниудыг тогтмол хөлсөлж байгаагүй. Учир нь санхүүгийн үзүүлэлт нь хангалтгүй, ил тод бус учраас Делойт, Эрнст Янг, Пи Даблю Си, Ки Пи Эм Жи гэх мэт дэлхийн топ аудитын фирмүүд үнэлгээ хийхээс өөрсдөө татгалздаг байна. Түүнчлэн олон улсын санхүүгийн тайлагналын IFRS, Базелийн стандартуудыг дагаж мөрдөх, гаднын томоохон банкнуудаас эх үүсвэр татах зэрэг нь тухайн банкийг олон улсын төвшинд хэр үнэлэгдсэнийг тодорхойлдог. Тэгвэл  дампуурсан жижиг банкнуудад энэ төрлийн чадавх огт байгаагүй гэсэн үг.

Мөн түүнчлэн тэдний аль нь ч  өнөөдрийн ХХБ, Голомт, ХААН, Хас Банктай өрсөлдөж байгаагүй. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх чадвар нь сул байсан төдийгүй, тогтсон, үнэнч харилцагчид байдаггүйтэй холбоотой гэж тайлбарладаг. Тиймдээ ч дампуурсан банкнуудын зарим эзэд иргэдийн хадгаламжаар гараа угааж, танил тал, хүрээллийн хүмүүстээ хүссэн зээлийг нь  гаргаж, мөн тэдний мөнгийг харьцангуй өндөр хүүтэйгээр хадгалж байсан “но”-той ноцтой асуудал их гарсан  шүү дээ.

Тэгэхээр өнөөдрийн IPO гаргах том банкнуудын санхүүгийн тайлан тооцоонд хууль зөрчин, IPO-г хойшлуулан анхаарах шаардлага бий юү гэдгийг бодох асуудал. Тэртээ тэргүй бүгд олон улсын нэр хүндтэй аудитын агентлагуудаар хяналт шалгалт байнга хийлгэж ирсэн. Сая ч хийлгэсэн. Түүнээс гадна IPO гаргах шаардлага шалгуур амар биш. Тэр бүх бэлтгэлийг хангаад, хувьцаа гаргахад бэлэн болсон, хугацаа тулсан байхад ОУВС-ийн зөвлөмжийг бамбай болгон гэнэт хойшлуулах шаардлага, шалтгаан юу вэ?

Банкны IPO-д биш, койндоо санаа тавих уу? Удирдах байгууллагууд аа?

Койнд монголчууд 2.0 их наяд төгрөг тавиад тууж байхад чимээгүй хараад суусан хэрнээ хууль дүрмээрээ явж байгаа банкны IPO-г хойшлуулах гээд байгаа нь үнэхээр хачирхалтай. Банкны IPO-д шаардлагатай 600-700 тэрбум төгрөг босохгүй байх вий гэсэн болгоомжлол байна гэх. Койнд 2.0 их наяд төгрөг төвөггүй урсгаад оруулчихсан байхад. Санхүүгийн наад захын мэдлэг мэдээлэлтэй, аливаад няхуур ханддаг мянга мянган иргэний гарт ховор боломж болох банкны IPO-д хөрөнгө оруулалт хийх мөнгө байж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ IPO-г хойшлуулах юм бол понзын схем ашиглан мөнгө олж, иргэдийг хохироодог төрөл бүрийн санхүүгийн луйврын ажиллагаа далдуур явсаар л байх болно. Тийш нь монголчууд мөнгөө алдсаар л суух болов уу. Банкны IPO хойшлуулаад эдийн засагт  юу өөрчлөгдөх юм.

Харин ч цагийн юм цагтаа байх нь хавьгүй илүү үр дүнтэй байдаг. Адаглаад банкныхны  хуулийн хугацаанд шахагдаж хичээн чармайн бэлтгэл хангасан эрч хүч, итгэл унтарна. Эргээд тодорхой хугацааны дараа дахин IPO-д анхаарах хүсэл сонирхол нь хэр буцлах бол. Бас дахиад хэн нэгэн дотоод, гадаадын их мэдэгч нь хойшлуулахгүй гэж итгэхэд бэрх болно,  энэ янзаараа.

Мөн нэг том эрсдэл нь хөрш орнуудын геополитикийн бодлого болон бусад гадаад зах зээлийн өнөөгийн ээдрээт нөхцөл байдлаас болоод Монголын эдийн засаг өнөөдрийн байгаагаасаа бүр дордвол яах вэ? Гэнэтийн эрсдэлд бид бэлэн биш. Гэтэл ковид шиг гэнэтийн эрсдэл гарч ирэхгүй гэх баталгаагүй нөхцөлд дэлхий нийтээрээ амьдарч байгааг бодолцох ёстой биш үү. Наад зах нь Орос-Украйны дайны нөхцөл байдал манай эдийн засагт удах тусам хүндээр тусахаар байна.

Эцэст нь хэлэхэд, хэрвээ банкны IPO-г хойшлуулбал Монголын төр засаг 20, 30 жилийн унтаа байдлаасаа сэрж, овоо хөгжил цэцэглэлтийн үе нь ирсэн хөрөнгийн зах зээлийг зориудаар татан унагах талтай. Юун нөгөө “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгох энэ тэр лоолио болно. Тийм аюултай зүйл хийхгүй гэж найдъя. Тэгэхийн тулд одоо Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын овсгоо самбаа, ухааны цар хүрээ, зорьсон зорилгодоо хүрэх чиг шугам нь мэдэх хэрэг болоод байна.

 

И.Отгонжаргал

Leave a Reply

%d bloggers like this: