Ногоочид импортын хүнсний ногоонд өндөр татвар ногдуулахыг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үг хэлэхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч мах, ногооны хөргүүртэй агуулах, хүлэмжийн аж ахуй болон шувууны аж ахуй, төмс, хүнсний ногоо, газар тариалан, сүүний үхэр, ургамлын тос үйлдвэрлэгчид, эрхлэгч, төлөөлөлтэй уулзаж, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Мөн өнөөдөр Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь хаврын тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочдын төлөөлөлтэй уулзаж байна.

Манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг импортоор авч байна. Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэргээс шалтгаалсан хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал улс орон бүрийн нэн тулгамдсан сорилт болж байгаа юм.

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засгаас боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлнэ

Тэрбээр эхлээд СХД-ийн 32 дугаар хороонд байрлах “Монголиан грийн фармер” ХХК-д ажиллаж, мах, ногооны хөргүүртэй агуулахтай танилцлаа.

“Монголиан грийн фармер” ХХК 2015 онд байгуулагдсан. Хөргүүртэй агуулахын хадгалалт, борлуулалт, түрээсийн үйлчилгээ, мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Голландын бүрэн автомат технологи, тоног төхөөрөмж бүхий агуулах нь 1,500 тн мах, хөлдөөсөн хүнс, 1,500 тн жимс,  хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай. Цаашид Улаанбаатар хотод 45 мянган тонны багтаамжтай агуулах барихаар төлөвлөсөн тухай компанийн гүйцэтгэх захирал Ш.Гүррагчаа танилцууллаа.

Хөргүүртэй агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл хамгийн их шаардлагатай байгааг Монголын агуулах худалдааны нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэсайхан энэ үеэр хэллээ.

Манай улс хүнсний ногооны 40 орчим хувь буюу 70 орчим мянган тонныг импортоор авдаг. 50 мянган тонны хүчин чадал бүхий хөргүүртэй агуулах барьсан тохиолдолд ногоочид ногоогоо талбай дээрээсээ боломжийн үнээр борлуулах, хадгалалтад санаа зовохгүй байх, намрын цагт олох ашиг, орлого нь тодорхой болох зэрэг давуу талтай.  Өөрөөр хэлбэл импорт буурч, иргэд эрүүл хүнс хэрэглэхээс гадна үнэ тогтворжих, ченжийн гэгдэх тогтолцоог халах, ложистикийн зөв систем бий болох, өрхийн аж ахуй хөгжих ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр “Зориулалтын хөргүүртэй агуулахгүй бол иргэдээ эрүүл хүнсээр хангах тухай ярих боломжгүй. Иймээс агуулахтай болгох талаар төр, засгийн зүгээс боломжит бүх хэлбэрээр дэмжинэ” гэдгийг  хэллээ.

300 тэрбум төгрөгөөр 50 га талбайд хүлэмж барихад нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төгс ургац” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Тус компани Голланд загварын 18,000 м2 хүлэмжийг 2016 онд Улаанбаатар хотын СХД-ийн 21 дүгээр хороонд  байгуулсан байна.

Тус хүлэмж нь халаалт, усалгаа, бордоо, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн технологийн шаардлагыг бүрэн хангасан, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.

Өдөр бүр 2-4 тн улаан лооль, өргөст хэмхийг Барс зах болон Е-март, Номин, Сансар зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулдаг. Өндөр хүүтэй зээл, хүлэмжийн чиглэлийн мэргэжилтэн дутмаг зэрэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хүндрэл учруулдаг тухай компанийн захирал Л.Эрдэнэчимэг танилцууллаа.

50 га талбайд шаардлага хангасан хүлэмж барихад 300 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд урт хугацаатай, хүү багатай зээл авбал нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангаж, орон нутагт нийлүүлэх бүрэн боломжтой тухай хүлэмжийн аж ахуй эрхлэгчид ярилаа.

Хүнс, хөдөө аж ахуйн яам нийслэл хоттой хамтарч 15 га талбайд хүлэмжийн аж ахуй байгуулахаар төлөвлөсөн. Цаашид агуулах, хүлэмжийн аж ахуйг дэмжих чиглэлээр гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлд аль болох түлхүү хамруулах бодлого баримталж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.

Татварын асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд зохицуулбал өндөгний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Түмэн шувуут” ХК-ийн өндөглөгч тахианы аж ахуйд ажиллалаа.

Энэ аж ахуй 430 мянган шувуутай бөгөөд жилд 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэж байна. Энэ нь манай улсын өндөгний хэрэглээний 23 хувь, дотоодын зах зээлийн 45 хувийг хангадаг гэсэн үг юм.

2019 оноос үйлдвэрлэлээ өргөтгөн СХД-ийн 21 дүгээр хороо, Их булагт “Түмэн шувуут-2” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 40 мянган дэгдээхийн нэг, өндөглөгч тахианы дөрвөн байр ашиглалтад оруулаад байна.

Ингэснээр “Түмэн шувуут” ХК жилд 150 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд дотоодын өндөгний хэрэглээг ойрын гурван жилд 100 хувь хангах боломжтой болох юм.

Манай улс нийт өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг. Чөлөөт бүсэд долоо хоногт 600 мянган ширхэг өндөг гадаадаас татваргүй орж ирдэг нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл болдог тухай шувууны аж ахуй эрхлэгчид ярилаа. Мөн урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох чиглэлээр төр, засгийн зүгээс бодлогын арга хэмжээ авахыг хүсэж байлаа.

Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, “Хөх Баянбулаг” ХХК болон ногоочдын хаврын тариалалтын явцтай танилцлаа.

“Хөх Баянбулаг” ХХК 6,160 га эргэлтийн талбайтай. Жилд дунджаар 2,000-2,700 га-д тариалалт хийж 3,000-4,000 тн ургац хураадаг. Энэ жил 2,000 га-д буудай, 1,200 га-д тосны ургамал тариалж, 2,800 га-д уринш боловсруулахаар ажиллаж байна.

Мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хууль тогтоомж байгаа ч хэрэгжилт нь тааруу байгаа талаар тариалан эрхлэгчид энэ үеэр ярьж байлаа.

Хэрэгцээт төмсний талаас илүүг зах зээлд нийлүүлдэг Төв аймгийн Жаргалант сумын ногоочид импортын хүнсний ногоонд өндөр татвар ногдуулах, Улаанбаатар хотод борлуулалтын цэг байгуулах, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгоход дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

“Байр, хоолтой, өдрийн 50 мянган төгрөг өгнө” гэдэг ч ажиллах хүн олдохгүй байгаа нь халамж хавтгайрсантай холбоотой гэж цөөнгүй ногоочин хэлж байлаа.

Мөн урамшууллаас гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 80 хувийн хөнгөлөлттэй үр, аймгаас Итгэлийн зээл олгосон нь ажлаа хэвийн явуулахад нэмэр болсонд ногоочид талархаж байгаагаа илэрхийллээ.

Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг нь хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар хүнс экспортлогч орон болох явдал гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Ялангуяа ирэх таван жилд хүнсний хувьсгал хийх зорилтыг биелүүлэхэд газар тариалан болон хүнсний ногоо эрхлэгчид чухал хувь нэмэр оруулах учир хуулийн хүрээнд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэхээ энэ үеэр хэлж байлаа.

Мөн Улсын Их Хурал, Засгийн газар хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр авах арга хэмжээтэй холбоотой хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тариаланчдад хэллээ.

Мах, гурил, төмсөөр хэрэгцээгээ бүрэн хангаж байгаагаа улам бататгах, цаашид гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэргийг бусдаас гуйхгүй хэмжээнд байхын  төлөө дор бүрнээ хичээн ажиллах ёстойг газар тариалан болон төмс, хүнсний ногоо эрхлэгчдэд захилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах “Макс Агро” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуйн ферм болон “Майнд Тек” ХХК-ийн ургамлын тосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллан үндэсний боловсруулах үйлдвэрлэгчид, ногоочдын төлөөлөлтэй уулзаж, тариалангийн талбайн ойн зурвас байгуулах арга хэмжээнд оролцоно.

Leave a Reply

%d bloggers like this: