Өнгөрсөн сард гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө ₮1 их наяд болж, өмнөх сараас ₮38 тэрбумаар өсөв
Үндэсний статистикийн хорооноос 2022 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Тус мэдээллээс үнийн өсөлтийн мэдээллийг хүргэж байна.
Дөрөвдүгээр сард улсын хэмжээнд инфляцын түвшин 14.4, Улаанбаатар хотын инфляц 15.2 хувьд хүрчээ. Нийт инфляцын өсөлтийн 4.9 нэгж буюу 34.1 хувийг хүнсний бүлэг эзэлсэн байна. Мөн нфляцын нийт өсөлтийн 56.2 хувь нь импортын гаралтай бараа бүтээгдэхүүний өсөлтөөс хамаарчээ. Инфляцад голлон нөлөөлсөн 10 төрлийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулбал,
-Бензин A-80 нэг литр нь 2021 оны дөрөвдүгээр сард 1383 төгрөг байсан бол 2022 оны дөрөвдүгээр сард 2306 төгрөг
-Дизелийн түлш, нэг литр нь 2021 оны дөрөвдүгээр сард 2171 төгрөг байсан бол 2022 оны дөрөвдүгээр сард 3282 төгрөг
-Бензин АИ-92, нэг литр нь 2021 оны дөрөвдүгээр сард 1444 төгрөг байсан бол 2022 оны дөрөвдүгээр сард 2382 төгрөг
-Түлшний мод, шуудайгаар 2021 оны дөрөвдүгээр сард 5207 төгрөг байсан бол 2022 оны дөрөвдүгээр сард 6314 төгрөг
-Цагаан будаа, кг нь 2021 оны дөрөвдүгээр сард 3671 төгрөг байсан бол 2022 оны дөрөвдүгээр сард 4553 төгрөг
-Цайны газрын хоолны үнэ 2021 оны дөрөвдүгээр 6049 төгрөг байсан бол 2022 оны дөрөвдүгээр сард 7398 төгрөг
-Хонины мах, кг нь 2021 оны дөрөвдүгээр сард 12318 төгрөг байсан бол 2022 оны дөрөвдүгээр сард 12620 төгрөг
-Гурилан боов, 2021 оны дөрөвдүгээр сард 3375 төгрөг байсан бол 2022 оны дөрөвдүгээр сард 3934 төгрөг
-Лууван, кг нь 2021 оны дөрөвдүгээр сард 1558 төгрөг байсан бол 2022 оны дөрөвдүгээр сард 3291 төгрөг
-Талх, зүсээгүй 2021 оны дөрөвдүгээр сард 1280 төгрөг байсан бол 2022 оны дөрөвдүгээр сард 1620 төгрөгөөр тус тус өсчээ.

Энэ үеэр Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өссөнийг онцоллоо.
Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 417.9 (8.6%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 371.3 (8.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн аж.
График. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл жил бүрийн эхний дөрвөн сарын байдлаар, тэрбум төгрөг
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний дөрвөн сарын байдлаар 5.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 292.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Харин төсвийн алдагдал өмнөх сараас 86.9 хувиар буурчээ.
ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд: “Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 148.5 (13.5%) тэрбум төгрөгөөр өссөн бол нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 100.6 (7.3%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Улсын нэгдсэн төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 8.5 нэгж хувь, тогтворжуулалтын сангийн орлогынх 5.5 нэгж хувиар тус тус өсжээ. Харин татварын бус орлого 8.7 нэгж хувь, ирээдүйн өв сангийн орлого 5.3 нэгж хувиар буурсан байгаа.
Татварын нийт орлого оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 770.5 (20.4%) тэрбум төгрөгөөр өссөн. Үүнд,
- Татварын орлого 404.5 (2.2 дахин) тэрбум төгрөг
- нэмэгдсэн өртгийн албан татвар 280 (35.8%) тэрбум төгрөг
- нийгмийн даатгалын орлого 244.3 (39.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн” гэв.
Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний дөрвөн сард 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 173.2 (3.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Мөн Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2%-аар буурсан талаар хэллээ.
Тус хорооны Нийгмийн Статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл: “Нийгмийн даатгалын сангийн орлого 1.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 156.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.
Харин тус сангийн зарлага нь 1.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 172.3 тэрбум төгрөг буюу 16.9 хувиар өссөн.
Өрхийн орлого, зарлагын 2022 оны нэгдүгээр улирлын мэдээг авч үзвэл, үнийн өртгийг арилган тооцсон бодит мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78 мянган төгрөг буюу 7.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.
Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 16.6 хувиар өсөхөд өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн, цар тахлын үед өрхийн амьжиргааг дэмжсэн нь нөлөөлсөн байна.
Өрхийн зарлагын хувьд сүүлийн таван улирал дараалан буурч байсан бол 2022 оны нэгдүгээр улиралд өмнөх онтой харьцуулахад өссөн. Бодит зарлага 37 мянга буюу 3.5 хувиар өсөөд байгаа юм.
Хөдөлмөр эрхлэлтийн тоон мэдээллийг танилцуулъя. Ажиллагчдын тоо 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 73.6 мянгаар өссөн. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.1 хувь болж, өмнөх онтой харьцуулахад гурван нэгжээр өсөөд байна.
Ажилгүйдлийн түвшин энэ оны нэгдүгээр улиралд 8.5 хувьтай байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна.
Цалин хөлсний орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 хувиар буурсан” гэлээ.
Өнгөрсөн сард гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө ₮1 их наяд болж, өмнөх сараас ₮38 тэрбумаар өсөв
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 996.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 27.3 (2.8%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны дөрөвдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 330.4 (1.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд,
- Төгрөгийн харилцах 565.9 (12.9%) тэрбум төгрөгөөр
- Валютын харилцах 1.3 (56.9%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Бага мөнгө (M1) 2022 оны дөрөвдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 9.2 (0.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 496.4 (9.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 5.0 (86.7%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 759.5 (13.3%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Гадаад цэвэр актив дөрөвдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 388.6 (31.9%) тэрбум төгрөгөөр өссөн аж. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.
Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө тус сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 38 (3.8%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 52.1 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсныг онцоллоо.
Иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст ₮5.8 их наяд болов
Харин Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны гуравдугаар сарын эцэст 5.8 их наяд төгрөг болжээ.
Хүснэгт. Иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл, сарын эцэст