Д.Нямлхаажав: Макс Групп байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд 809 шинэ ажлын байрыг нээлттэй зарлаж байна
Макс Групп байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг угтан “МАX JOB FAIR” ажлын байрны нээлттэй өдөрлөг зохиох гэж байна.
Энэ талаар тус группийн Хүний нөөц, Захиргаа хариуцсан захирал Д.Нямлхаажавтай ярилцлаа.
-30 жилийн ойн хүрээнд зохиож буй “MAX JOB FAIR” ажлын байрны нээлттэй өдөрлөгийн талаар танилцуулаач?
-“Max Job Fair” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг “Илүү сайхан Монголын төлөө 809 шинэ ажлын байр” уриатай зохион байгуулах гэж байна. Макс Группийн үйл ажиллагааны тэлэлттэй холбоотой уул уурхай, хүнд үйлдвэрлэл, дэд бүтцийн төслүүд, бүтээн байгуулалт, түүнчлэн худалдаа үйлчилгээний шинэ салбарууд нээхтэй холбоотой олон ажлын байр шинээр үүсэж байгаа. Иймд ажил олгогч групп компанийн байр сууринаас үйл ажиллагаагаа олон нийтэд илүү таниулах, шинэ ажлын байранд бүрдүүлэлт хийх, ажилд авах зорилготой тус өдөрлөгийг зохион байгуулж байна,
-Өдөрлөг хэзээ, хаана болох вэ?
-Өдөрлөг Холидэй инн (Holiday Inn) зочид буудлын их танхимд тавдугаар сарын 20, 21-ий өдөр 10:00-17:00 цагийн хооронд болно. Дээрх өдрүүдэд Макс Группийн харьяа 16 компани үйл ажиллагаагаа таниулж, нээлттэй ажлын байранд бүрдүүлэлт, ярилцлага хийхээс гадна зочин илтгэгчид болон Макс Группийн ажилтнуудын амжилтын түүх, урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээн, бүтээгдэхүүний амталгаа, сугалаа зэрэг сонирхолтой хөтөлбөртэй.
-Өдөрлөгийн үеэр ямар ажлын байранд ямар мэргэжилтнүүдийг урьж байгаа вэ?
-800 гаруй ажил зарлагдаж байгаа тул маш олон төрөл, гэхдээ дийлэнх нь уул уурхай, барилга, зам гүүрний чиглэлээр инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн, туслах ажилтнууд, түүнчлэн худалдаа, зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажлууд дийлэнх хувийг эзэлж байгаа. Компаниудаас дурдвал барилгын салбарт тэргүүлэх “Макс өргөө”, уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлж байгаа “Хан алтай ресурс”, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, хоол үйлчилгээний чиглэлээр “Мастер фүүдс”, “Макс центр” компаниуд, “Сүү ХК, зам гүүрний салбарт тэргүүлэх “Арж капитал”, “Макс рөүд” зэрэг компаниуд илүү олон шинэ ажлын байртай оролцож байгаа. Мөн Говь-Алтай, Дархан зэрэг орон нутаг дахь ажлын байр олон бий.
-Макс групп илүү сайхан Монголыг бүтээхэд ямар нөлөө үзүүлэх вэ?
Макс Групп “Хүн төвт, хамтын үнэ цэнийг эрхэмлэж Илүү сайхан Монголын бүтээлцэнэ” гэсэн эрхэм зорилготой. Бид 2030 он гэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг дангаар бүрдүүлдэг үндэсний бүтээн байгуулагч болно. Харин манай үнэт зүйл бол хүн төвтэй, эх дэлхий байгаль орчинд ээлтэй, сайн засаглал, бизнесийн ёс зүйг эрхэмлэнэ гэсэн зарчим байдаг. Энэ бүхний цаана бидний Макс Группт ажиллаж байгаагийн учир шалтгаан буюу ирээдүйд Монгол хүн эх орондоо бусад хөгжингүй орны жишгээр одоогийнхоос илүү аз жаргалтай, илүү сайхан амьдрахад туслахад л бизнес, үйл ажиллагаа маань бүхэлдээ чиглэдэг.
-Ажлын байранд орох хүсэлтэй мэргэжилтнүүдэд ямар нийтлэг шаардлага тавьж байгаа вэ?
-Бид авьяас чадварыг эрж хайхаас гадна тухайн хүн хүмүүжилтэй, эерэг хандлагатай, сэтгэлтэй, зөв хүн байхыг чухалчилдаг. Түүнчлэн хамтдаа илүү сайхан Монголыг бүтээлцэх хүсэл тэмүүлэл, Макс Группт нэгдэх шалтгаан, сонирхлыг нь бас сайн хардаг.
-Макс Группт ажилд орох шалтгаан гэвэл юуг хэлэх вэ? Танай хүний нөөцийн бодлого хаашаа чиглэдэг вэ?
-Группийнхээ эрхэм зорилго, стратегитай уялдаад “Хүний сайн сайхан хамгийн түрүүнд” уриатай хүний нөөцийн тогтвортой хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлдэг. Бодлогын гол цөм нь ажилтны цаашдын өсөлт хөгжлийг дэмжиж зорилтот хөтөлбөрүүдээр чадавхжуулан хөгжүүлэх, ажилтны гэр бүлийг дэмжин тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, ажилтны сайн сайхан байдал ажил амьдралын тэнцвэрийг хадгалж хөгжүүлэх тэр дундаа сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэх, аз жаргалтай амар тайван ажиллах эерэг соёлыг төлөвшүүлэн хөгжүүлэх, цалин урамшууллаас гадна нэмэлт олон төрлийн боломж, үр ашиг хүртэх боломжтой ухаалаг урамшууллын тогтолцоо санал болгодог.
-Макс Группт оюутан залуус гэрээгээр ажиллах нөхцөл ямар байдаг вэ?
-Аль ч бизнест, тэр дундаа худалдаа үйлчилгээний салбар нэгжүүдэд оюутан залуус хүссэн цагаараа уян хатан нөхцөл тохирч ажиллах, суралцаж байхдаа Максын ажилтан болж бидэнтэй нэгдэх боломжтой.
-Тусгай хэрэгцээт иргэд Макс Группт ямар төрлийн ажил хийх боломжтой вэ?
-Рестораны тогооч, үйлчлэгч, үйлдвэрийн болон замын туслах ажилтан гээд яг өнөөдрийн байдлаар тусгай хэрэгцээт хүмүүст зориулж зарлагдсан ажлууд нэлээд олон байна. Ярианы, сонсголын болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд ажиллах боломжтой.
-Бүтээн байгуулагч групп компанийн хувьд байгууллагын соёлоо юу гэж тодорхойлох вэ?
-Групп компанийн нэгдмэл нэг соёлоос гадна тухайн компанийн үйл ажиллагаа, түүхээс хамаарсан өвөрмөц, өөр соёлуудаар тодорхой хэмжээгээр ялгаатай. Жишээ нь, Бургер кингийн сүлжээ бүхий компанийн маань соёл маш залуу, нээлттэй, дүрэлзсэн, шинэ үеийн онцлогийг илэрхийлсэн дэврүүн соёлтой байхад Сүү компанийн “Сүүн соёл” илүү хүндэтгэлтэй, залгамж халааг чухалчилсан, түүхэн соёлоороо ялгардаг байх жишээтэй. Ерөнхийдөө Максыг одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан хүмүүс эерэг, ёс зүйтэй, амар тайван, соёл нь зөв төлөвшсөн гэж илэрхийлдэг. Жил бүрийн соёлын судалгааны үр дүн бас үүнийг харуулдаг.
-Ярилцлагын төгсгөлд өдөрлөгийг сонирхож буй хүмүүст хандаж юу хэлмээр байна?
-Илүү сайхан Монголыг хамтдаа бүтээлцэх том мөрөөдөл, тодорхой зорилготой, эрч хүчтэй, бүтээлч хамт олны нэг болж, хамтарч ажиллах бүх боломжоо нээлттэй танилцуулна. Зөвхөн ажилд орох зорилгоор бус Макс Группийг ажил олгогч групп компани талаас нь харж, манай үйл ажиллагаатай танилцаж, бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож, бидний хүсэл мөрөөдөл, зорилгыг бодитоор мэдрэх боломжийг бүү алдаарай, хүрэлцэн ирээрэй гэж гэж урьж байна.