​Д.Сумъяабазар: Ашиглалтын хугацаа дууссан 975 автобусыг энэ онд 591 автобусаар шинэчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын захирагчийн албанаас оруулсан нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн байна. Ерөнхий сайдын зүгээс 2024 он хүртэл нийтийн тээврийн шинэчлэлийг 100 хувь хийж дуусгахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон байна. Энэ талаар Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

Тэрээр “Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаарх мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулах  чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд нийтийн тээврийн асуудлыг өнөөдөр танилцуулсан. Улаанбаатар хотын хэмжээнд 975 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаад 10-аас дээш жил болсон. Ашиглалт нь дууссан эдгээр автобусыг үе шаттай шинэчилнэ. Ерөнхий сайдын зүгээс хоёр үе шаттай автобус шинэчлэлийг хийж дуусгахыг үүрэг гэсэн. Ингэхдээ 50 хувийн шинэчлэлийг энэ жилдээ багтааж, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд багтаахыг үүрэг болгосон.

Эхний үе шат буюу 591 автобусыг 2022 оны наймдугаар сарын 25-ны дотор татан авах чиглэлийг хариуцсан хүмүүст нь өгсөн. Төр хувийн хэвшлийн түншлийн хүрээнд олон улсын санхүүжилтийн хэлбэрээр шийдэх чиглэлтэй ажиллана. Нийтдээ 40 орчим сая ам.долларын эх үүсвэрийн ашиглалтаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна.

Нэн түрүүнд шинэчлэх шаардлагатай 591 гаруй автобусыг тендер зарлахгүйгээр, шууд худалдан авах асуудлыг Засгийн газарт танилцууллаа. Тухайн үйлдвэрлэгч компанитай шууд холбогдон худалдан авалт хийхээр ярьж байна. Парк шинэчлэл, засвар үйлчилгээтэй нь оруулж ирнэ.

Цахилгаан хөдөлгүүртэй 110, дизель хөдөлгүүртэй 410, троллейбус 40, дунд орвын автобус 30-ыг авах хуваарьтай ажиллаж байна” гэлээ.

Мөн Засгийн газрын хуралдаанаар зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөхөөр болсон байна.

 

 

Leave a Reply

%d bloggers like this: