Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцасны стандартыг хүндрэлгүй байхаар зохицуулах болжээ

Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулах чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ. Тодруулбал

1. Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэхэд иргэдийн хувцасны стандартыг хүндрэлгүй байхаар зохицуулалт хийх
2. Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох
3. Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд нэвтрэх, зураг авахуулах зэргийг зохицуулах

Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Одоо мөрдөж буй журмаар иргэд пүүз, жийнсэн өмд, хэт богино ханцуйтай хувцас, хөлийн хуруу ил гарсан гуталтай бол дотогш нэвтрүүлдэггүй.

Төрийн ордонд ямар зүйлсийг хориглодог вэ?

Хуульч Х.Долгионы бичсэнээр Төрийн ордонд УИХ, Ерөнхийлөгч, тэдгээрийн тамгын газар, Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус тус байрлаж, үйл ажиллагаа явуулах хуультай. Энэ утгаараа халдашгүй дархан байна хэмээн Монгол улсын Төрийн ордны тухай хуульд заажээ. Тус хуульд Төрийн ордны дотоод зохион байгуулалт, харуул хамгаалалт, тэдгээрт тавигдах шаардлагыг тодорхойлсон. Жишээлбэл:

Төрийн ордон дотоод, гадуур байнгын хамгаалалттай байна. Төрийн ордныг Төрийн ордны хамгаалалтын алба 24 цагаар тасралтгүй хамгаална.

Төрийн гурван өндөрлөгөөс бусад хүн Төрийн ордонд нэвтрэхдээ үнэмлэх, нэвтрэх хуудсаа шалгуулж орох үүрэгтэй. Төрийн ордны цахилгаан, дулааны эрчим хүч, холбоо, усан хангамжийг түдгэлзүүлж үл болно. Хувцаслалттай холбоотой хоёр заалт бий. Жирийн иргэдэд бус тус ордонд ажилладаг ажилтан, алба хаагчдад чиглэсэн байна. Тодруулбал, хуулийн 10-р зүйлд,

Төрийн ордонд ажилладаг албан хаагч нь ажлын байрандаа албаны хувцастай байна.
Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний ажилтан нь тус бүрийн ажлын онцлог, шаардлагад тохирсон нэг ижил хийц, загварын ажлын хувцастай байна.

Тэгвэл “пүүз”-тэй нэвтрэхийг хориглосон зохицуулалтыг хаанаас эрэх вэ?
Төрийн ордны тухай хуулийн 5.2-т “Төрийн ордны халдашгүй дархан байдлыг энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хамгаалалт, үйлчилгээний тусгай журмын дагуу хангана”, мөн хуулийн 7.4-т “Төрийн ордонд шалган нэвтрүүлэх, аюулгүй байдал, дэг журмыг хангах асуудлыг дотоод хамгаалалт хариуцна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Төрийн ордонд нэвтэрч буй иргэдийн хувцаслалтад хязгаарлалт тогтоосон тусгай журам  бий. Тэрхүү журмыг хангах, сахиулах үүргийг Төрийн тусгай хамгаалалтын газар хүлээдэг.

Тодруулбал, 2008 оны 9 сарын 17-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан “Монгол улсын төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам” гэж бий. Тус журмаар зөвхөн албаны эсхүл үндэсний хувцастай иргэдийг төрийн ордонд нэвтрэхийг зөвшөөрсөн.

Харин биеийн тамирын, чөлөөт болон этгээд загварын, нуруу, хэнхдэг ил гарсан, гэрэлтдэг нимгэн хувцас, өвдөгнөөс дээш богино банзал, бохир хувцастай иргэд, ажилтнуудыг нэвтрүүлэхгүй. Түүнчлэн сорочкон цамц эрээн бол нэвтрүүлэхгүй байхаар зохицуулжээ.

Эх сурвалж: content.ilaw.mn

Leave a Reply

%d bloggers like this: