Амны хаалттай биеийн тамирын хичээлд орсон 2 хүүхэд амиа алдсан гэдэг ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас сурагч амиа алджээ гэх мэдээлэл цацагдсан.
Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яам дараах тайлбарыг өгч байна.
БШУЯ-ны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Шинэбаяр: Амны хаалттай биеийн тамирын хичээлд орж, дасгал хийсэн хоёр хүүхэд ухаан алдсан, тархинд цус харвасан, амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага, боловсролын газруудтай холбогдон мэдээлэл тодруулахад ташаа гэдэг нь тогтоогдсон.
Мөн БШУЯ-наас “Аравдугаар ангийн сурагчийн ангид тэр өдөр биеийн тамирын хичээл ороогүйг сургуулийн удирдлага мэдэгдсэн” гэлээ.
Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох: “Амралтын өдрүүдээр бүх сургуультай холбогдож мэдээлэл тодруулсан. Нийслэлийн нэг сургууль дээр зургаадугаар ангийн сурагч бэртсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, биеийн тамирын хичээлдээ орохоор явж байх үедээ бэртсэн байсан. Сургуулийн гадаах хяналтын камерыг шалгахад гадаа нөлөөгүйгээр бэртсэн нь тогтоогдсон. Сурагчийг ар гэрийнхэн нь эмнэлэгт эмчлүүлж байгаа.
Мөн тавдугаар сарын 13-нд аравдугаар ангийн нэг хүүхэд зүрхний шигдээс гэх оноштойгоор гэртээ амь насаа алдсан тохиолдол гарсан байна. Энэ бол биеийн тамирын хичээлтэй холбоогүй.
Одоогоор биеийн тамирын хичээлд сурагчид амны хаалтгүй оруулж байгаа” гэлээ.
Түүнчлэн, Ерөнхий боловсролын бүх сургуулиудад масктай бие тамирын хичээл орохгүй байх чиглэл, зааварчилгааг яамнаас өгсөн бөгөөд бүх сургуулиуд дагаж мөрдөх үүрэгтэй гэж мэдэгдсэн юм.