Хорооны иргэд саналаа өгч татварынхаа мөнгөөр гудамжиндаа зам тавиулжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байрлах 117-р сургуулийн замын эсрэг талд хоёр давхар улаан тоосгон барилгатай 155-р цэцэрлэг гэж бий.

Цэцэрлэгийн араар уул өөд өгссөн нарийн гудамж байх агаад явган байтугай машинтай явахад ч бэрх, шороо тоос, орчны бохирдол ихтэй, гэрэлтүүлэг муутай газар байжээ.

Ийнхүү өнгөрсөн цаг дээр бичдэгийн учир нь 19-р хорооны иргэд санаачлан Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр уг асуудлыг шийдсэн байна.

Тодруулбал, иргэд 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр гүйцэтгэх ажлын саналд засмал зам барих санал гаргажээ. Иргэдээс ирсэн саналыг эрэмбэлэн Хорооны иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэн, дэмжиж 2020 онд цэцэрлэгийн арын гудамд 200 метр урттай, 8 метрийн өргөнтэй асфальтан зам тавьсан байна. Түүнчлэн асфальтан замын хажуугаар гэрэлтүүлэг хийсэн байна.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн Л.Дамдинрагчаатай хэдхэн хором ярилцлаа. Тэрбээр “Энэ зам байгаагүй бол бороо орсны дараа бөөн шалбаагтай гүнзгий жалга болж хувирна. Өвөл машин гулгаж ороод бөөрөөрөө шүргэлцэх асуудал гардаг бөгөөд хүүхэд болон эцэг эхчүүдэд явган зорчиход хүндрэлтэй, машинд шүргүүлэх гэх мэт аюултай байсан. Тус замыг тавьснаар цэцэрлэгийн орчин  аюулгүй сайхан болсон. Шороо тоос босох нь багасаж хүүхдүүдийн эрүүл мэндэд ч тустай боллоо. Зам цэцэрлэгийн яг араар явдаг учраас машин явах тутамд улаан шороо бужигнаж цэцэрлэгийн цонхоор орж, цэцэрлэгийн анги танхим тоос шороогоор булагдан, хүүхдийн эрүүл мэнд сөргөөр нөлөөлдөг байсан.

Цаашдаа гудамж дагуулаад асфальтан зам тавьчихвал зун болгон мөнгө гаргаж хусуулах шаардлагагүй болно. Шороон замтай байхад энэ орчоор зорчиж буй иргэд тамхины иш, хогоо хаях нь элбэг. Харин засмал болсноос хойш хог хаяхаа байчихсан. Зам дагаж хөгжил гэхчлэн хүмүүсийн ухамсарт хүртэл нөлөөлж байна. Нохой хүртэл зам дээр хэвтэж хүүхэд айлгахгүй болсон. Манай хороонд эр, эм хөгшин залуугүй их нийтэч хүмүүс амьдардаг ба бид гудмаараа нийлэн Smart UB аппликейшнээр 2019 оноос хойш цахимаар нь саналаа өгч асуудлаа шийдүүлж байна. Энэ жил улс даяар цахим санал асуулга авч байгаад баяртай байна. Энэ жил бид саналаа өгч, идэвхтэй оролцох болно” гэв.

Иргэдийн санал, санаачилгаар амьдрах орчныг нь сайжруулах ОНХС-ийн цахим санал асуулга 6 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн хувьд улс орон даяар гар утасны аппликейшн, цахим хуудсаар дамжуулан саналаа өгөх боломжтой болж байгаагаараа онцлог юм.

Өмнөх жилүүдэд цахимаар саналаа өгч, хорооныхоо орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулж байсан Л.Дамдинрагчаа “Хотынхон цаг зав их ярьдаг. Өдөрт багадаа нэг цагийг түгжрээнд өнгөрөөдөг. Тэгвэл түгжирч, цаг алдаж байснаас гар утсаараа саналаа өгч байгаа нь маш ашигтай, үрд дүнтэй болж байна” хэмээв.

Санал асуулгыг цахимаар авах нь цаг зав хэмнэж, мэдээллийг ил тод шуурхай болгож байгаагаас гадна төрийн алба хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа талаар баг, дүүргийн удирдлагууд ярьсан юм.

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Засаг дарга Л.Цэеэрэгзэн “Санал асуулгыг цахимаар авахад хүмүүс идэвхтэй оролцдог. Улс даяараа дижиталд шилжиж байгаа энэ үед саналуудыг системд нэгтгэж, өмнөх жилүүдийн саналуудыг хадгалах давуу талууд үүсэж байна” хэмээв.

Www.onhs.mof.gov.mn цахим хуудаснаас, “Орон нутгийн хөгжлийн сан” аппликейшнийг ашиглан иргэн саналаа өгөхөөс гадна аймаг, нийслэл, сум, дүүрэгтээ хуваарилагдсан ОНХС-ийн төсөв, иргэдийн гаргасан санал, ИНХ болон ИТХ-ын тогтоолуудаар баталсан жагсаалт, тендер шалгаруулалт, ажлын явц, санхүүжилтийн хуваарь зэрэг олон төрлийн мэдээллүүдийг авах боломжтой.

АППЛИКЕЙШН АШИГЛАХ ЗААВАР

Нүүр хэсэг

Аппликейшний “Нүүр” хэсэгт 2022 онд ОНХС-д батлагдсан нийт төсвийг зарцуулалтын салбараар нь ангилж харуулдаг. Мөн та төсвийн жил буюу оноо сольсноор өмнөх жилүүдийн мэдээллийг үзэх боломжтой.

Төлөвлөлт

Төлөвлөлт хэсгээс иргэдийн анх өгсөн саналууд, түүнийг ИНХ-аар хэрхэн баталсан, цаашлаад “ОНХС-ийн ажлын хэсэг”-ээр хэрхэн эрэмбэлсэн, хамгийн сүүлд ИТХ-аар хэрхэн баталсан зэрэг төлөвлөлтийн үе шатуудыг өөрийн сум, дүүрэг, баг, хороогоор сонгон харах боломжтой.

Хэрэгжилт

Хэрэгжилт хэсгээс энэ ажилд хэдэн иргэн саналаа өгсөн, ямар хугацаанд хэрэгжих, гэрээний дүн, тендер шалгаруулсан журам, шалгарсан гүйцэтгэгч компани, тухайн ажлын явц хэдэн хувьтай, ямар шатандаа хэрэгжиж байгаа зэргийг гэрэл зургийн хамт харах боломжтой.

ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажилд иргэдээс хэрхэн санал авах вэ?

Иргэдийн санал авах хэсгээс дараа онд ОНХС-ийн төсвөөр ямар ажил хэрэгжүүлэх талаар иргэний саналыг авдаг. Та гурван төрлийн санал өгөх боломжтой.

  • Үүнд, танай сум, дүүргийн ЗДТГ-аас дараа онд хэрэгжүүлэхээр санал болгож буй ажлыг дэмжиж буй эсэх,
  • Хоёрдугаарт, танд өөрт дараа оны ОНХС-аар хэрэгжүүлэхэд санал болгох ажил байгаа эсэх,
  • Гуравдугаарт, “Малын тоо толгойн албан татвар”-ын эх үүсвэрийг зарцуулахад өгөх санал буюу ОНХС-д цугласан “Малын тоо толгойн албан татвар”-ын эх үүсвэрийг мал аж ахуй, бэлчээрийн менежменттэй холбоотой ажлуудад зарцуулахад иргэдээс санал авдаг.

Иргэн аппликэйшнээр гаргаж буй саналуудаа зөвхөн нэг удаа илгээх боломжтойг анхаарна уу.

Туслах цэс

Туслах цэсээс ОНХС-тай холбоотой мэдээ мэдээлэл үзэх, хууль эрх зүйн ойлголт авах, мөн баг, хороондоо хандсан өргөдөл, гомдол илгээж, ОНХС-ийн талаар гарын авлагыг ашиглаж болно.

Саналаа хэрхэн өгөх вэ?

  1. Play Store болон App Store-оос “Орон нутгийн хөгжлийн сан” гэж хайх, эсвэл QR код уншуулан аппликейшнээ татаж авах.
  2. Аппликейшн рүү нэвтрэхэд “ОНХС-ийн мэдээлэл”, “Санал өгөх” гэсэн хэсгүүд гарч ирэх бөгөөд “Санал өгөх” хэсэг рүү дарж нэвтэрнэ.
  3. Санал өгөх хэсэгт дарахад E-Mongolia ДАН системээр бүртгэлээ баталгаажуулан нэвтэрнэ.
  4. Нэвтэрсний дараа ОНХС аппликейшнээс таны иргэний үнэмлэх, хаягийн мэдээлэлд хандах  хүсэлт гарч ирэх ба “зөвшөөрөх” товчийг дарснаар санал өгөх боломжтой болно. Энэ нь та зөвхөн орон нутгийнхаа харьяаллаар давхардалгүй саналаа өгөх боломжийг бий болгож байгаа болно.
  5. Аппликейшний санал өгөх хэсгийн “санал асуулга” талбарт гурван сонголт байрлана. Сонголт бүр дээр саналаа өгнө.
  6. Санал нэмж дууссаны дараа илгээх товчийг дарснаар таны саналыг ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд бүртгэнэ. Цахим саналуудаа нэг иргэн нэг л удаа илгээх боломжтойг анхаарна уу.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: