​Хүнсний гол нэрийн барааны үнэ буурч, инфляц тонгойж эхэлжээ

Цагаан сарын үеэр 14.6 хувь хүрээд байсан инфляцын хурдац сүүлийн хоёр сард саарч, тогтворжиж эхэлснийг статистик харуулж байна. Гурав болон дөрөвдүгээр сард улсын инфляц 14.4 хувь байв. Тавдугаар сард гол нэр төрлийн хүнсний барааны үнэ үргэлжлэн буурсаар байгаа юм.

Тухайлбал Үндэсний статистикийн хорооноос тавдугаар сарын 23-нд өгсөн мэдээллээр сүүлийн 7 хоногт аймгийн төвүүдэд хонины махны үнэ дунджаар 0.9%, үхрийн махны үнэ 0.6% буурчээ. Өргөн хэрэглээний бараанаас сүүний үнэ хамгийн өндөр дүнгээр буюу бараг 5% буурснаар литр нь 2911 төгрөгт борлуулагдаж байна.

Улаанбаатар хотод үнийн бууралт илүү эрчимтэй байна. Тухайлбал үхэр, хонины махны үнэ 1.2-1.7%, цагаан будааны үнэ 2.3%, өндөгний үнэ 0.8% буурсан эерэг үзүүлэлтийг доорх графикаас харж болно.

2021 оны хоёрдугаар хагасаас эрчимжсэн инфляцад дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт, хил гаалийн гацаа зэрэг нийлүүлэлтийн шалтгаан хүчтэй нөлөөтэй байсан. Тиймээс Засгийн газраас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэхийн тулд цагаан будаа, элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тосыг 2022 оны 12  дугаар сарын 31-ийг дуустал хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлөөд буй юм. Мөн инфляцад өндөр жин дардаг махны үнэ зуны улирлын онцлогоо дагаад цаашид буурах хүлээлттэй байна.

“Инфляцын ѳсѳлтийн хурдац нь саарч, бага зэрэг тонгойж эхэлсэн нь нааштай үр дүн юм

Эдийн засгийн идэвхжил сул, хөдөлмөрийн зах зээл сайнгүй тул үнэ өсөх эрэлтийн шалтгаан бага байгаа ч Монголбанк инфляцын хүлээлт эвдэгдэхээс сэргийлэх зорилгоор арга хэмжээ авч, бодлогын хүүг огцом нэмэгдүүлээд буй. Энэ тухай Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  “Инфляц сүүлийн статистикаар ѳндѳр хэвээр байгаа боловч ѳсѳлтийн хурдац нь саарч, бага зэрэг тонгойж эхэлсэн нь нааштай үр дүн юм. Мѳнгѳний бодлогын хороо өнгөрсөн 1-р улиралд үнийн түвшний өсөлт эрчимжсэн нѳхцѳлд инфляцын цаашдын хүлээлт эвдэгдэхээс сэргийлж бодлогын хүүг нэлээд огцом ѳсгѳж, дунд хугацаанд тогтворжуулах зорилгоор шийдэмгий арга хэмжээг авсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Цаашид ч Монголбанк инфляцыг зорилтот түвшинд хүргэхэд чиглэн бодлогын бүх арга хэрэгслээ ашиглах болно” гэж сүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Leave a Reply

%d bloggers like this: