Ховд, Хөвсгөл аймгийн нутгаас олдсон гурван бамбаруушийг нисдэг тэргээр зөөвөрлөн тайгад тавьжээ
Өнгөрсөн намар Ховд аймаг болон Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Уул сумдын нутгаас олдсон хүрэн баавгайн гурван бамбаруушийг нисдэг тэргээр зөөвөрлөн их тайгад нь буцаан тавьсан байна.
Уг баавгайн бамбаруушууд өнгөрсөн 10 сар орчмын хугацаанд БОАЖЯ-ны харьяа, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид асран тэжээж, өдийг хүрсэн юм.
Австрали улсын “Animals Australia“ байгууллагын дэмжлэгтэйгээр эдгээр баавгайн бамбаруушийг буцаан тавьжээ.
Хүрэн баавгай Монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулсын тайга, ойт уулсаар тархсан байна. Биологийн хүрээлэнгийн 1986 онд гарсан судалгаагаар Хэнтий, Хөвсгөлд хүрэн баавгайн нөөц 500 орчим байжээ.